Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

  2022        02         15                                  2022/ШЦТ/226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

хохирогч М.Нямханд,  

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн Ч.Нт холбогдох эрүүгийн 2106 01730 2567 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймаг Өндөрхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аморе зочид буудалд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамжны 39 дүгээр байр 13 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 7 дугаар хороо 96 дугаар байрны 19 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Ч.Н.

Холбогдсон хэргийн талаар:

        Ч.Ныг 2021 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 13 тоот хохирогч М.Нямхандын гэрээс түүний эзэмшлийн 1.090.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган шубыг, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул Тауэр хотхоны АТМ-д хохирогч М.Нямхандын эзэмшлийн виза картыг уншуулан 800.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Нямхандын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бид хоёрын хооронд маргаан болоод, Наранбаатар 7 хоног байхгүй байж байгаад ирсэн. Тухайн үед охин маань хөлөө хугалсан байсан. Баллонтой ус авч чадахгүй байсан учраас Наранбаатараас ус аваад өг гэж гуйсан. Тэгээд миний утсыг үзэж байгаад утасны гэрнээс виза картыг маань хэлэхгүй аваад явсан байсан. Ус авхуулах гээд бэлэн 20.000 төгрөгийг хоосон баллонтой өгөөд гаргасан. Тэгээд гарч яваад тэр чигээрээ байхгүй болсон. Нэлээд байж байгаад ус авдаг дэлгүүртээ орсон чинь баллоноо орхиод явсан байсан. Утас руу нь залгахад утсаа огт авахгүй, арай гэж холбогдоод мөнгө аваад ир гэсэн. Би хоёр охин болон нас барсан дүүгийнхээ хүүхэд гээд 3 хүүхдийн оюуны хэрэгцээг хангах үүднээс байраа зараад түрээсийн байраар явдаг. Уг түээсийн байранд улиралдаа нэг удаа 1.650.000 төгрөг өгдөг, мөнгөө хадгалж байсныг Наранбаатар мэднэ. Наранбаатар санаатайгаар мөнгийг маань авсан. Энэ хэргээс хойш удалгүй тэр байрнаасаа хөөгдсөн. Ийм хүнд итгэж найдсан, хүнээ таниагүй нь миний буруу. Шубыг маань Наранбаатар авсан. Ковид гээд дээрээс нь охин хүүхэдтэй учир манай гэрээр элдэв хүмүүс орж гардаггүй. Наранбаатарыг харахад итгэл дааж болох хүн гэж найдсан. Гэтэл намайг хохироогоод явсан. Эд зүйлээ хийх газар олдохгүй, юмнуудаа тараагаад 3 сар орон байргүй дүү нарынхаараа явж байгаад байр түрээслээд орсон. Байрандаа өгөх гэж байсан мөнгийг хулгай хийгээд авчихаар хэцүү байдаг юм билээ. Надад ах, дүү олигтой хүн байхгүй. Наранбаатарыг хөгшин настай, эрэгтэй юм байна уучлалт гуйсан бол бодох байсан. Гэтэл над руу залгаж элдвээр доромжилсон. Эмэгтэй хүнийг ийм хүнд байдалд оруулчхаад огт гэмшээгүй. Наранбаатараас мөнгийг маань өг гэж өчнөөн гуйсан. Гэтэл янз бүрийн эмэгтэй хүмүүсээр яриулаад, тэд нар нь янхан гэж элдвээр хэлж мессеж бичсэн. Сүүлдээ болъё гээд буруу зүйл хийсэн монгол улсын иргэн учир хуульд захирагдах хэрэгтэй гэж бодсон. Буруу зүйл хийсэн бол хуулиар шийдвэрлүүлэх ёстой. Надаас гадна ганц бие ядарсан эмэгтэйчүүдийг хохироогоод явдаг байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би өөрөө ч олон дүүтэй ядарч зовж явсан. Надад хүний мууг үзэх санаа байхгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Хохирогч М.Нямхандын “2021 оны 05 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед миний хамтран амьдрагч болох Ч.Н нь миний амьдардаг газар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 7 дугаар хороо 29 дүгээр байрны 13 тоотод ирж хоносон. Ч.Н нь манай гэрт ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир би гэртээ хонуулаад явуулсан. Миний төрсөн охин болох Г.Оюунтунгалаг нь надад 1 сая төгрөгийг өгсөн байсан би тэр мөнгийг нь өөрийн эзэмшдэг 548016714 дугаартай хадгаламжийн дансандаа хийсэн байсан. Миний уг данс нь хугацаагүй. Тэгтэл Ч.Н нь би усанд гарчхаад ирье гээд охиноос 20.000 төгрөг аваад гэрээс гарсан. Тэгтэл удаад байхаар нь би араас нь гараад гэрийн ойролцоо дэлгүүр ортол Ч.Н нь гэрээс гарч гарсан баллоноо дэлгүүрт орхиод яваад өгсөн байсан ... 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөлсний байрнаасаа нүүх үедээ эд зүйл бүртгэж үзэхэд миний 2017 онд Манжураас авч байсан булган шуб алга болсон байсан. Энэ оны 02 дугаар сард би гэртээ өвлийн хувцаснуудаа цэгцэлж байх үед булган шубаа гялгар уутанд хийгээд Наранбаатараар шкафан дээр тавиулж байсан. Түүнээс хойш Наранбаатар надад хандаж намайг гэрээс гарах үед чи шубаа өмсөөч гээд байдаг байсан. Би булган шуб алга болсныг мэдээд Наранбаатарын ажилдаа авч явдаг том цүнхийг үзэхэд миний булган шубны үс сэргээдэг сам цүнхнийх нь карманаас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 24 дүгээр тал/,

Гэрч Г.Оюунтунгалагийн “2021 оны05 дугаар сарын 21-ний өглөө Ч.Н нь гэрт ээжийн гар утсаар оролдож байхад нь ээж дэлгүүрээс цэвэршүүлсэн ус аваад ир гээд 20.000 төгрөг өгч гэрээс гаргасан. Тэгээд Ч.Н нь буцаж орж ирээгүй удаад байхаар нь ээж араас нь гарсан чинь гэрийн ойролцоо дэлгүүрт усны савыг үлдээгээд явчихсан байсан. Тэгээд ээж гэртээ буцаж орж ирээд гар утасныхаа ар талд байсан Хаан банкны картаа шалгаж үзэхэд байхгүй байсан. Улмаар би тэрийг нь мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж ээжид хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №БЗ2-21-485 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 1.090.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50/8886 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Яллагдагч Ч.Нын “Би Нямханд гэх хүний Хаан банкны 5048016714 дугаартай данстай виза картыг авч яваад тухайн данснаас 800.000 төгрөг авсан удаа байгаа. Тухайн 800.000 төгрөг нь М.Нямхандын мөнгө байсан. Би мөнгийг архи уух гэж авсан. Тус 800.000 төгрөгийг би аваад архи авч уугаад дуусгасан. М.Нямхандад булган байдаг байсан. М.Нямханд тухайн булган шуба болон өвлийн хувцсаа гэртээ байх шкаф дотор хийдэг байсан. Би М.Нямхандын булган шубыг авсан удаа байхгүй. Тэр талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Цагдаагийн байгууллагын АСП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 34-40 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Иргэний оршин суугаа хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Н нь М.Нямхандын картыг хулгайлж 800.000 төгрөг авснаас хүлээн зөвшөөрч, булган шубыг хулгайлаагүй, хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч М.Нямхандын удаа дараа тогтвортой өгсөн, эх сурвалжаа тодорхой зааж чадсан мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд энэ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн тул шийдвэрийн үндэслэл болгож авч үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу Ч.Нын зарим үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 13 тоот хохирогч М.Нямхандын гэрээс түүний эзэмшлийн 1.090.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган шубыг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул Тауэр хотхоны АТМ-д хохирогч М.Нямхандын эзэмшлийн виза картыг уншуулан 800.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Нямханд, гэрч Г.Оюунтунгалаг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Хаан банкнаас ирүүлсэн хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н, хохирогч М.Нямханд нар хамтран амьдрагчийн харилцаатай байсан, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан байсан, Ч.Н нь ус авахаар гарахдаа М.Нямхандын гар утасны гэрэнд байсан Хаан банкны виза картыг хэлэлгүйгээр авч явсан, нууц кодыг мэддэг тул картыг уншуулан 800.000 төгрөг авч захиран зарцуулж тэр чигтээ ирээгүй, М.Нямханд үүнээс болж цагдаагийн байгууллагад хандсан, энэ хугацаанд М.Нямханд нь гэрийн шкафан дээр эвхээстэй байсан булган шуб алга болсныг мэдсэн, булган шубны халаасанд байдаг байсан шубны үс сэргээх зориулалттай сам Ч.Нын ажилдаа явахдаа барьдаг байсан цүнхнээс олдсон тул энэ талаар нэмж мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Нт холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш буюу бодитой хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардана. Тус гэмт хэргийн улмаас 1.890.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.Н нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагаа Ч.Ныг 2 удаагийн үйлдлээр 1 объектод халдсаныг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн нь зөв зүйтэй болжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Ныг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Нямхандад 1.890.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба үүнээс 800.000 төгрөгийн хохирол төлж, 1.090.000 төгрөг төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Наас 1.090.000 төгрөг гаргуулж хохирогч М.Нямхандад олгох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ч.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Нт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ял оногдуулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Ч.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс урьд ял шийтгэлгүй гэх хувийн байдал, амар хялбараар мөнгө олох зорилгоор хамтран амьдрагчийн харилцаатай хүний анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан эд хөрөнгийг удаа дараа хууль бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол тодорхой хэмжээнд төлөгдсөн, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ч.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Ч.Ныг энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 2 хоногийн 1 хоногийг 8 цагаар дүйцүүлэн тооцож, 16 цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 344 цагийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Нт тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон Ч.Н-г  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Нт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Ч.Нын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг ажлын 8 /найм/ цагаар тооцон шүүхээс оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас 16  /арван зургаа/ цагийг хасаж, эдлэх ялын хэмжээг 344 /гурван зуун дөч/ цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Наас 1.090.000 төгрөг гаргуулж хохирогч М.Нямхандад олгосугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ