Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

    2022         01           11                                     2022/ШЦТ/87                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  овогт Оын Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00231 0310 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ХӨСҮТ-ийн уулзвар замд Ниссан Урван маркийн 04-31 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалт “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.” гэсэн заалтыг зөрчиж Тоёота Приус маркийн 35-86 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Е.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Э нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Е.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би ковид 19 цар тахлын эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр ковид 19 хавдартай 3 хүнийг тээвэрлээд жолооч Э миний бие нийт тавуулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын эмнэлгээс гарсан. Ингээд хувийн эмнэлэгт гурван өвчтөнөө  хэвтүүлээд буцах гэж байх үед ковидын дуудлага хүлээн авдаг утсанд дуудлага ирсэн. Тэгээд тэр дуудлагын дагуу явж байхад ХӨСҮТ-ийн уулзвар орчимд автомашины хөдөлгөөн түгжрэл их байсан. Тэгтэл жолооч Э автомашины дуут дохиог ажиллуулаад урсгал сөрөөд гэрлэн дохиотой уулзвар руу орсон. Тэгтэл зүүн талаас улаан өнгийн машин орж ирээд мөргөлдсөн. Ослын дараагаар миний баруун гар хугарсан. Ингээд би 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. 10-15 минутын дараа түргэний машин ирээд эмч нь үзлэг хийгээд жолооч Э намайг болон мөргөлдсөн автомашины зорчигч нарыг аваад гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн

“...ослын газар ирэхэд Ниссан Урбан маркийн 04-31 УБӨ улсын дугаартай автомашин хойноос урагш чиглэлд харж зогссон уг тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нар ослын газар байхгүй байсан ба зохицуулагч цагдаагаас асуухад түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд осол болсон гэх замд автомашины миний хагархай хэсэг пивор зэрэг зорчих хэсэг дээр байх ба хөдөлгөөний ачаалалтай холбоотой Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашиныг ослын газраас хөдөлгөн, мөргөлдөөд зогсоох гэх газрыг зурж тэмдэглэж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Зам орчин байдал нь асфальтан, шулуун тэгш, халтиргаа гулгаагүй, хуурай, зохицуулагддаг 4 замын уулзвар суурингийн доторх зам байх ба үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай 6 эгнээ, явган хүний замтай хашлагатай, хайстай зам байв. Хэргийн газар үүссэн мөр болон Тоёота Приус 30 маркийн автомашины жолооч зохицуулагч цагдаа нараар 2 автомашин анх хаана мөргөлдөж хаана зогссон талаар асууж тодруулан түүний үндэслэн анх мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэх, үл хөдлөх цэгээр гэрэл дохионы шонг тэмдэглэн хэмжилт хийх А цэгээс Ниссан Урбан маркийн автомашины 10.80 м, А цэгээс В цэг хүртэл тэгш шулуунаар хэмжихэд 17.0х12.70 м, А цэгээс хойд явган хүний гарцын хэвтээ тэмдэглэлийн арын шугам хүртэл 24.20 м, хойноос урагш чиглэлд явах, урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийн нийт өргөн 24.80 м, баруунаас зүүн тал, зүүнээс баруун тийш чиглэлийн орчих хэсгийн нийт өргөн 21.60 м байх ба Ниссан Урбан маркийн автомашины зүүн урд дугуйнаас уулзварын зүүн талын явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ хүртэл 9.30 м, мөн хойд дугуйнаас уг тэмдэглэгээ хүртэл 9.80 м, Тоёота Приус 30 маркийн автомашины зүүн урд дугуйнаас баруунаас зүүн тийш явах чиглэлд зорчих хэсгийн хойд хашлага хүртэл 11.40 м, мөн зүүн хойд дугуй хэсэг байгаа гэх тэмдэглэлээс хойд хашлага хүртэл 10.10 м байв. Үзлэгийн үргэлжлүүлэн Тоёота Приус 30 маркийн 35-86 УБГ улсын дугаартай автомашины жолоочийг драйгер багаж үлээлгэхэд 0.00% гарч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба Ниссан Урбан маркийн автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдсэн тул эмнэлэг дээр очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар тогтов. Осол болсон гэх газрын ойр орчим хяналтын камертай аж ахуй нэгж байсан ба дараагийн дуудлага ирсэн тул үзэж амжаагүй болохыг тэмдэглэлд тусгав. Осолд холбогдсон 2 автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны ачигч автомашинд ачуулсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-06, 11-15/,

           

            СД-нд үзлэг хийсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн:

            “...Ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд урсгал сөрөн эмнэлгийн машин ирж байгаа нь харагдах ба бичлэгийн 25 дахь секундэд хойноосоо урагш чиглэлтэй явж байсан улаан өнгийн автомашинтай урсгал сөрж явсан эмнэлгийн автомашин мөргөлдөж урагш яваад зогслоо. Бичлэгийн 42 дахь секундэд уулзвар зохицуулж байсан цагдаа эмнэлгийн автомашин дээр очиж байгаа нь харагдах ба бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд өөр ач холбогдолтой зүйл байхгүй байсан тул үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл /хх-ийн 17/,

 

            Иргэний нэхэмжлэгч У.Урангоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “...би уг автомашиныг 2019 онд өөрийн нэр дээрээ худалдаж авч байсан. Миний эзэмшлийн автомашин. Би автомашинд учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. 5.400.000 төгрөгийн эвдрэл хохиролтой гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

            Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн:

            “Ниссан Урбан маркийн 04-31 УБӨ улсын дугаартай автомашины 2018 оны сүүлээр шинээр нь худалдаж аваад одоо 2 жил гаруй болж байгаа. Уг автомашин нь манай байгууллага болох Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Үнэлгээтэй танилцсан. Манай байгууллагад түр ажиллаж байсан О.Э нь осолтой холбоотой бусдад учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулах байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

            Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

            “...миний жолоодож явсан машины урд том оврын автобус явж байсан. Би автобусны араас эгнээ байраа солиод зорчих хэсгийн 3 дугаар эгнээ рүү шилжиж ороод автобусны гүйцэт түрүүлээд хажуугаар нь гарахад баруун талаас эмнэлгийн машин орж ирээд миний жолоодож явсан машины жолооч талын баруун урд хэсгийг мөргөсөн тэр машин их хурдтай явсан мөргүүлсний дараа хэсэг ухаан балартаад харахад замын хажуугийн хашлага руу миний жолоодож явсан машины жолооч талын баруун талаас эмнэлгийн машин орж ирээд миний жолоодож явсан машины жолооч талын баруун урд хэсгийг мөргөсөн тэр машин их хурдтай явсан мөргүүлсний дараа хэсэг ухаан балартаад харахад замын хажуугийн хашлага руу миний жолоодож явсан машин өнхөрч байсан би тоормосоо гишгээд зогсоосон. Ослын дараа би машинаасаа буугаад эхнэр хүүхдээ харахад хүүхдүүд уйлаад эхнэр Урангоо шоконд орсон байдалтай сууж байсан. Би 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Эмнэлгийн машины жолооч бууж ирээд толгойгоо бариад зогсож байсан. Зорчигч талын суудалд нэг эмч суусан. Тэр машинд өөр хүн байгаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Гэрч Т.Бадамсэрээжидийн мөрдөн байцаалтад өгсөн:

“би тухайн үед халдвартын уулзварын голд биет зохицуулалт хийж үүрэг гүйцэтгэж байсан. Хойноосоо урагш явах чиглэлтэй гэрэл дохиог удирдлагын төвөөс өгүүлж хойноосоо урагшаа явах чиглэлийг бүх чиглэлд биет зохицуулалтаар авч байсан. Энэ үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эмнэлгийн автомашин урсгал сөрж, мөн зохицуулагчийн дохиог зөрчөөд уулзвар руу нэвтэрч хойноос урагш чиглэлд явж байсан Тоёота Приус автомашинтай мөргөлдөж осол гарсан. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, тусгай дуут дохио ажиллуулсан автомашины жолооч нар зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөнд оролцох замын хөдөлгөөний дүрмийн заалттай байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8439 дугаартай:

“Е.А-н биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн шуу, баруун өгзөг, гуя, зүүн гуя, өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9779 дугаартай:

Ниссан урбан загварын 0431УБӨ улсын дугаартай авто машины “урд буфер 1.200.000 төгрөг, зүүн урд гэрэл 600.000 төгрөг, нүүр 350.000 төгрөг, зүүн урд хаалга /шилтэй/ 2.000.000 төгрөг, зүүн дунд шил 600.000 төгрөг, зүүн урд лонжром 185.000 төгрөг, зүүн урд шал 254.000 төгрөг, зүүн урд шанаа /багана/ 165.000 төгрөг, усны сав 250.000 төгрөг, кузовын гажаа гаргах 425.000 төгрөг, зүүн урд булан 42.000 төгрөг, зүүн урд гишгүүр 96.000 төгрөг, урд анги солих зардал 250.000 төгрөг, буфер, шанаа булан, шал, хаалга, лонжром будах зардал 425.000 төгрөг, 600.000 гр будаг, туслах материал, лак 120.000 төгрөг, тэнхлэг шалгуулж, тохируулах зардал 25.000 төгрөг, нийт 6.987.000 төгрөгөөр үнэлэв” гэх хохирлын тайлан /хх-ийн 71/,

 

Хас Үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн:

“Тоёота Приус 30 маркийн автомашины эвдэрсэн эд ангиудыг 5.457.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан, гэрэл зураг /хх-ийн 82-90/,

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 294 дугаартай:

“... Ниссан Урбан маркийн 04-31 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Отгонбаяр овогтой Э /ЧЕ75012531/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2. Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7,8 дугаар бүлэг зохицуулагчийн холбоотой заалтаас бусад) 10-17, 19, 20 дугаар бүлэг болон ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай  дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх-ийн 140-141/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ТЦА мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03-04/,

-тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 07-08/,

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 09-10/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай “...Ниссан Урбан маркийн 04-31 УБӨ улсын дугаартай автомашины мөргөлдөж уг автомашинд зорчиж явсан зорчигчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гомдолд осол болсон үеийн бичлэг бичигдсэн цагаан өнгийн сиди-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул бүртгэлийн Р-782 дугаартай гомдолд цагаан өнгийн СД-г эд мөрийн баримтаар тооцов” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/,

- хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 111-119/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа, автомашины гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 126-129/,

- хохирлын баримтууд /хх-ийн 133-139/,

 

Шүүгдэгч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09 цагт ажилд гараад эмч Аын хамт Хонхор тосгоны эмнэлгээс өвчтөнүүдээ аваад Бөхийн өргөөний тэнд байрлах эмнэлэгт хүргэж өгөөд буцаад 13:00 цагийн үед явахад Хонхорын тэнд ковид туссан хүнд өвчтэй хүн байна гэсэн 4 дуудлага ар араасаа ирээд цаг хэмнэх зорилгоор зам түгжрэлтэй байсан болохоор тусгай дуут дохио ажиллуулж их гэрлээ, анхааруулах дохиотойгоо асаагаад 13 дугаар хорооллын дунд замаар яваад Халдварын уулзвар руу ороход түгжрэл ихтэй явах боломжгүй болохоор нь ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлд эсрэг урсгал сөрөөд 300 метр орчим газар явж байхад уулзвар дээр хөдөлгөөн зохицуулаад зогсож байсан замын цагдаа  хойноос баруун гар тийш эргэх урсгалыг л явуулж байхаар нь чигээрээ уулзвар руу яваад орох үед хойноос ирж байсан автобусны цаанаас улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашин гэнэт гарч ирээд яах ийхийн зуургүй миний машины зүүн талын урд хэсэгт мөргөж осол гарсан. Тухайн үед хамт сууж явсан эмчийн баруун талын гар хугарсан. Би энэ хугацаанд байгууллагын эзэмшлийн Ниссан Урбан маркийн автомашиныг засуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 157/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Эын жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 128/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 161/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 162/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 163/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 164/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 165/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 166/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ХӨСҮТ-ийн уулзвар замд Ниссан Урван маркийн 04-31 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчин явснаас Тоёота Приус маркийн 35-86 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Е.Аын эрүүл мэндэд баруун атгаал ясны далд хугарал, зүүн шуу, баруун өгзөг, гуя, зүүн гуя, өвдөгний гадна хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэбаярыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Е.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 22 ширхэг 580.749 төгрөгийн баримтыг хавтас хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч О.Э нь мөрдөн байцаалтын шатанд 580.749 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн өмчлөлийн Ниссан урван загварын 0431УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн засварлуулсан байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч У.Урангоогийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн автомашинд хохирлын үнэлгээний тайлангаар 5.457.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч О.Эоос 5.457.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос сайн дураараа нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан бага хэмжээгээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Оын Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эоос 5.457.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Урангоо /уи95081022/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад хууль ёсны нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч О.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэргийн учир битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ