Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2080

 

    Д.С-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01963 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14 720 091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.А нь тухайн үед манай хорооны нийгмийн ажилтан байсан ба би түүний хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ зээлийн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцсон ба үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг болсноос 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 110 000 төгрөгийг хасч зээлийн төлбөрт 1 590 000 төгрөг үлдсэн байна.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн ба үүн дээр өмнө авсан 500 000 төгрөгийг нэмж нийт 1 500 000 төгрөг зээлснээ баталгаажуулсан. Үүнийг хариуцагч О.А хүлээн зөвшөөрч, тэрээр нөхрийнхөө дансаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрөө 1 000 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг төлж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хүү 1 700 000 төгрөг, бүгд 2 700 000 төгрөг төлөх ёстой. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн ханшаар 4 000 000 төгрөг буюу 2010 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлж, мөнгөө төлж дуустал сар бүрийн 23-ны дотор хүү төлөхөөр тохиролцож, тухайн өдрийн ам.долларын ханшаар бодож тооцоо хийх байсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ам.долларын ханш 2471 төгрөг гэж үзвэл 4 966 710 төгрөг болж байна. Энэ 4 966 710 төгрөгийн 1 сарын хүү 496 671 төгрөг гэж тооцвол 11 сарын хүү 5 463 381 төгрөг байна. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 4 966 710 төгрөг, зээлийн хүү 5 463 381 төгрөг, нийт 10 430 091 төгрөг болно.

Хариуцагч О.А 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 1 590 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу 2 700 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10 430 091 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Д.С 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг иргэн Ч.М-тэй байгуулсан тул уг гэрээний үүрэгт 6 279 909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч тусдаа нэхэмжлэл гаргана. Зээлийн гэрээний үүрэгт 21 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас иргэн Ч.М-т холбогдох шаардлагаа татан авч, хариуцагч О.А-ээс 14 720 091 төгрөг нэхэмжилж байна. 500 000 төгрөгийн тооцооллын алдаа гаргасан байх гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.А 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг хэдийд авсанаа сайн санахгүй байгаа ч үүнийг баталгаажуулж 1 500 000 төгрөг зээлсэн баримт үйлдсэн. Нэхэмжлэгч Д.С-т 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 110 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийг түүний Төрийн банкин дахь дансанд, мөн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн талаар нэхэмжлэгч Д.С-т маргаагүй.

Нэхэмжлэгч Д.С-аас хариуцагч О.А зээл авч гэрээ байгуулаагүй бөгөөд иргэн Ч.М зээл авахад тодорхойлолт гарган өгч хооронд нь танилцуулж байсан. Нэхэмжлэгчид төлөх, төлөх төлбөр байхгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.А-ээс 14 620 091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Нэхэмжлэгч Д.С 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 6 279 909 төгрөг гаргуулах тухай шаардлагаа Ч.М-т холбогдуулан гаргах үндэслэлээр татан авсан болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-ээс 231 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч О.А 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Д.С-аас 1 000 000 тогрөг зээлж авсан талаар маргаагүй, уг мөнгийг төлсөн байхад шүүх буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Зээлийн хүүг 700 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.С 2015 оны 8 дугаар сарын 24-ний нэг ч төгрөг зээлээгүй, өмнө нь зээлсэн мөнгөний баримтаа хаясан гээд хариуцагч О.А-ийн ажил дээр баримт үйлдсэн байдаг. Энэхүү үйл явдлыг мэдэх гэрч нарыг дагуулан ирж, хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Зээлийн хүүг 1 700 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.С-аас 2 010 ам.доллар зээлж авсан нөхцөл байдал тогтоогдохгүй. Иргэн Ч.М зээл авахад байлцсан байхад буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн зээлийн хүүг 5 463 381 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй нь хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хариуцагч талын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Бяраасан, Д.Нямаа нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүгчийн 10250 дугаар захирамжаар  үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг зөрчсөн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.С хариуцагч О.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 720 091 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим зээлийн гэрээний үүргийг зөвшөөрч төлж дуусгасан, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. 

1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч О.А-д 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү шаардах эрхтэй. Хариуцагч дээрх зээлийн төлбөрт 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 110 000 төгрөгийг төлсөн тул мөн өдрөөр хариуцагч О.А-ийн төлөх зээлийн гэрээний нийт үүргийг тодорхойлвол үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүүг  2 сараар тодорхойлвол 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгөөс төлсөн 110 000 төгрөг хасч тооцвол 1 090 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

2. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээний тохиролцооноос дүгнэвэл 500 000 төгрөгийн зээл дээр өмнөх зээлийн 1 000 000 төгрөгийг нэмж 1 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарвал энэ зээлийн гэрээний үнийн дүн 500 000 төгрөгөөр тодорхойлсон гэж дүгнэнэ. 

3. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч О.А 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдэхээр тохиролцсоноос 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг болох бөгөөд дээрх 3 зээлийн гэрээг нэгтгэвэл 3 475 000 /1 653 333+621 666+ 1 200 000/ төгрөг төлөхөөс хариуцагчийн мөн өдөр төлсөн 1 500 000 төгрөгийг хасвал түүний үүрэг нь 1 975 000 төгрөгөөр тодорхойлогдох бөгөөд уг төлбөр үндсэн зээлд хамаарч байна.

Түүнчлэн хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 975 000 төгрөг, зээлийн хүү 289 667 /1 975 000*10 хувь 1 сар 14 хоног/ төгрөг нийт 2 264 667 төгрөгөөс мөн өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хасахад зээлийн үндсэн үүрэг 1 264 667 төгрөгөөр тодорхойлогдоно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хугацаагүй тул зээлдэгч нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцвол үндсэн үүрэг болох 1 264 667 төгрөг, зээлийн хүү 1 800 040 /1 264 667*10 хувь *14 сар 7 хоног/  төгрөг нийт 3 064 707 төгрөг болж байна.

4. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөгтэй тэнцэх 2010 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон баримтад хариуцагч О.А гарын үсэг зураагүй байх тул уг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй. Иймд уг зээлийн гэрээг талууд амаар байгуулсан тул зээлийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч Д.С нь зээлийн хүү шаардах эрхгүй.

Харин 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хүү төлөх талаар хариуцагч О.А хүсэл зоригоо илэрхийлсэн тодорхойлолт гэх баримтыг үйлдэж эсрэг талдаа өгсөн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн хүүгийн талаар талууд тохиролцсон гэж үзнэ. Иймд 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тооцвол 6 сар 6 хоног болж байх бөгөөд зээлийн хүү нь 2 480 000 /4 000 000*10 хувь* 6 сар 6 хоног/ төгрөг буюу энэ зээлийн гэрээний үүргийг 6 480 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. 

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг нэмж нэгтгэвэл нийт 9 544 707 /3 064 707+6 480 000/ төгрөгийг хариуцагч О.А-ээс гаргуулж нэхэмжлэгч Ж.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа тодорхойлох зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж дүгнэхээр байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийдвэрийн 2 дахь заалтад нэхэмжлэгч Д.С зээлийн гэрээний үүрэг 6 279 999 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Ч.М-т холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлээр татан авсныг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч аливаа нэгэн үндэслэлээр хэргийн оролцогч биш өөр этгээдийг нэрлэн зааж нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байгаа нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй тул шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой гомдлыг хариуцагчийн өмгөөлөгч бичгээр гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаснаар хянаж үзвэл тэрээр 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй гэсэн боловч хэргийн баримтаас үзвэл уг тэмдэглэл хэргийн 74-76 дугаар талд авагдсан байна. Иймд түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэрчээр Б.Бяраасан, Д.Нямаа нарыг оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл тодорхой бус гэж үзэн анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “283 дугаар зүйлийн 283.1” гэснийг хасч, “14 620 091” гэснийг “9 544 707” гэж, “600 000” гэснийг “5 175 384” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2” гэж дугаарлан “231 050” гэснийг “167 665” гэж өөрчилж, “4” дэх заалтыг “3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА