Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2018/1394/и |
Дугаар | 001/ХТ2020/00252 |
Огноо | 2020-05-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2020/00252
Ш.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00787 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 880 дугаар магадлалтай,
Ш.Цын нэхэмжлэлтэй
МААЭШХд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сараас хойш хугацааны цалин олговорыг алдангийн хамт гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, байгууллагын тэмдэг /тамга/ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүхийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 00075 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын харьяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн ажилд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдсон. 2017 оны 9, 11 дүгээр сарын цалин авсан, мөн оны 10, 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн атал цалин олгоогүй, энэ талаар хэд, хэдэн удаа асуухад мэдэж байна, нягтланд хэлсэн, удахгүй орно гэх мэтээр тайлбарладаг байсан. 2017 оны 12 сар, 2018 оны 1-4 дүгээр сарын цалин нийт 3 701 705 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар алданги 666 300 төгрөг, нийт 4 368 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад тайлбартаа намайг ажлаас халсан гэж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Ажлаас түр түдгэлзүүлэх, түр үүрэг гүйцэтгэгч томилох тухай тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар Гэрээт ажилтан ажиллуулах тухай тушаалуудыг нотлох баримтаар ирүүлсэн байсныг миний бие танилцаж, өөрийгөө ажлаас халагдсан гэдгийг шүүхэд ирээд мэдсэн. Урьд нь ажлаас халсан тушаал гаргаагүй байж уг тушаалуудыг шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах талаар 1 сарын өмнө мэдэгдэж тушаалыг гардуулах байтал уг үүргээ биелүүлээгүй тул Төв аймгийн Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станц-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болон алдангийг гаргуулж, 2017 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэнэ. Миний бие МААЭШХгийн 327 тоот өрөөнд ажлаа хийж байхад А.Баатарыг эрдэм шинжилгээний ажилтан гэж байгууллагын захирал хэлж байсан гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Цыг захирлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн ажилд томилсон. Тус хүрээлэнгийн харьяа газрын захирлын ажлын тайланг 2017 оны 6 дугаар сард захирлын зөвлөлөөр хэлэлцэхэд Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгч Ш.Цын хийж гүйцэтгэсэн ажил тодорхойгүй шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан. Иймд цаашид салбар хүрээлэн, станцуудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор захирлын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар захирлын зөвлөл шийдвэрлэж, ажлын хэсгийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр томилсон. Энэ тухай салбар хүрээлэнгийн захирлуудад урьдчилан мэдэгдэж, ажлын байрны шалгаруулалт явуулах журмын дагуу тус хүрээлэнгийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь түр түдгэлзүүлж үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалтын зарыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зууны мэдээ сонинд нийтлүүлж, зарын дагуу шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг авахад Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн ажлын байранд 4 хүний материал ирсэн боловч нэхэмжлэгч материалаа ирүүлээгүй. Сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн материалтай ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцаж үнэлгээ өгч дүнг хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт, захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажил олгогчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар тушаалаар А.Баатарыг Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн үүрэгт ажилд томилж, Ш.Цыг мөн өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалаар түүнийг 1 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулж хөлс олгосон ба уг хугацаа дууссанаар Ш.Ц тус байгууллагад ажиллаагүй, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах харилцаа дуусгавар болсон учраас цалин, хөлс олгохыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоосон. Нэхэмжлэгч нь ажилчидтай таарч тохирдоггүй, тайланг цаг тухайд нь өгдөггүй, ажлын байран дээр байдаггүй зэрэг дутагдалтай. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр МААЭШХгийн захирлын 52 дугаар тушаал гарсан өдөр Б.Бейсэн миний бие өөрийн биеэр тушаалыг гардуулсан ба сонгон шалгаруулалт зарлагдсан та материалаа өг гэдгийг хэлсэн. Ш.Цыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалыг хүний нөөцийн ажилтан гардуулан өгөх үүрэгтэй ч тушаалаа хүлээж авахгүй загнаад ажилдаа ирдэггүй байсан, үүнээс хойш цалин бодогдоогүй. Ш.Цын оронд А.Баатар сонгон шалгаруулалтад тэнцсэн тул уг ажилд томилсон. Ажил хүлээлцэх тухай тушаал гараад Ш.Ц ажил хүлээлцэхгүй гэсэн тул бид бусад ажлын хэсгүүдтэй яваад ажил хүлээлцсэн. н.Батсүх төслийн удирдагчтай хүртээмж өндөртэй технологи ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл дээр 1 сарын гэрээт ажилтны цалин 526 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бодож олгосон. Нэхэмжлэгч ажил дээрээ байдаггүй, байгууллагын тэмдэг өгдөггүй. 2017 оны 10 сард огт цалин хөлс бодогдож олгоогүй. Энэ талаар нийгмийн даатгалын байгууллагаас ирсэн лавлагаа, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, баримтуудаар тогтоогддог. 10 дугаар сарын цалин нэхэмжлээгүй. 12 дугаар сараас эхлээд цалингийн асуудал олгогдоогүй гэдэг. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн тушаалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, үүрэг гүйцэтгэгч болсноо мэдэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалтай холбоотой шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 6 дугаар сард гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Ц нь байгууллагын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалтай танилцаж хүлээн авсан боловч ажлаа хүлээлгэн өгөөгүй, Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын тэмдгийг өнөөдрийг хүртэл ашигласаар байна. Үүнийг нотлох баримт нь ХААИС-аас ирүүлсэн албан тоотууд бөгөөд тус станцын эрхлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан атлаа захирал гэж тодорхойлон гарын үсэг зурж салбарын тэмдэг дарсан байна. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш салбарын тэмдгийг сайн дураар хүлээлгэн өгөхгүй, шүүхэд хандан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын тэмдэг /тамга/ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь намайг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж тус шүүхэд уг тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ч энэ тушаалтай нь нэхэмжлэл гаргасны дараа танилцсан, хариуцагч уг тушаалыг хууль бусаар үйлдэж өгсөн байна. Ажлаас халагдсантай холбоотой нэхэмжлэл гаргасан учир шүүхээр шийдвэрлүүлнэ. Ажлаас чөлөөлснөөс хойш тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөгүй, ашиглаж байна гэсэн нь үндэслэлгүй. Надад ажлаас халсан болохыг мэдэгдээгүй, тушаалыг гардуулаагүй байж сөрөг шаардлага гаргаж байгаа нь хууль бус. Хариуцагч нь Үндсэн хуулиар заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00787 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3, 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан МААЭШХд холбогдох, Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг алдангийн хамт гаргуулах, хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин болон алдангид 4 368 005 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай Ш.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 84 838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 880 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00787 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Цыг МААЭШХгийн харьяа, салбар Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт нийт 12 765 782 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 416 641 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Ш.Цын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хугацаагаар тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг хариуцагч МААЭШХ нь Ш.Цаас Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС-ын тэмдэг /тамга/ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 838 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 219 203 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 5 гэж өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 832 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүх хяналтын гомдолдоо: ...МААЭШХ нь Салбар станцуудын үйл ажиллагааг сайжруулах, удирдлага зохион байгуулалтын шинэчлэн хийх зорилгоор мэргэжлийн хүнээр салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮС болон бусад салбар нэгжүүдийн удирдлагыг сонгон шалгаруулах шалгаруулалтын нийтэд нээлттэй зарласан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 52 тоот тушаалаар Ш.Цыг үүрэг гүйцэтгэгч болгосон тушаал гаргаж түүнд танилцуулж гардуулсан. Ингээд сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч шаардлага хангасан материал ирүүлсэн хүмүүсээс ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж Батсүмбэр сум дах Зөгийн аж ахуйн станцын эрхлэгчийн ажилд А.Баатарыг шалгарсныг баталгаажуулсан. Үүнийг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр МААЭШХ-ийн захиралын 71 дүгээр тушаал гарч Ш.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг тус байгууллагын дэд захирал Б.Бейсэн Ш.Цт гардуулж өгсөн болно. Ингээд Ш.Ц нь ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд МААЭШХ-аас 2017 оны 9 дүгээр сард ээлжийн амралтын мөнгийг олгосон бөгөөд үүнээс хойш огт цалин олгоогүй болно. Харин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүнийг гэрээт ажилтнаар 1 сарыи хугацаатай ажиллуулах тушаал гарч 1 сарын ажлын хөлсийг түүнд олгосон. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сард манай байгууллагад холбогдуулан цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий тайлбарыг холбогдох ноглох баримтын хамт гаргаж өгснөөр 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүх хурал болж Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох салбарын тэмдэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн болно. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид ашигтай байдлаар хууль зөрчсөн дүгнэлт хийсэн гэж манай байгууллагын зүгээс үзэж байна. Учир нь Ш.Ц нь салбарын эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлээгүй, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаалтай тухайн үедээ огт маргаагүй хүлээн зөвшөөрсөн байтал давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь сонгон шалгаруулалтаар эрхлэгчийн албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь уг шаардлагыг хангасан материалаа огт ирүүлээгүй буюу оролцоогүй нь дээрх хуулийн заалтад хамаарна гэж бидний зүгээс үзэж байгаа болно. Нөгөө талаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсээр байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан үйлдэл юм. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч МААЭШХд холбогдуулан 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар дуустал хугацааны цалинг олгоогүйн улмаас нийт 4 368 005 төгрөгийг алдангийн хамт гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг мэдэж, нэхэмжлэлээ нэмэгдүүлэн “Төв аймгийн Батсүмбэр сум дахь ЗААЭШҮСын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, алдангийн хамт 13 182 423 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх” шаардлагыг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. /хх1-2, 82,134,160/
Ш.Ц нь 2018 оны 03 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан ба 2018 оны 04 сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
МААЭШХгийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Ш.Цыг тухайн ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй гэх үндэслэл зааж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байхад ажил олгогч хуулийн дээрх хэм хэмжээг зөрчиж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогч Ш.Цыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар тушаалаар Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Төв аймгийн Батсүмбэр дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд томилсон, сул орон тоо бий болоогүй байхад сонгон шалгаруулалт зарласан ба улмаар сонгон шалгаруулалтад оролцоогүй гэх үндэслэлээр Ш.Цыг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нотолгооны хуваарилалт, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүний үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасан зохицуулалтын дагуу Ш.Цыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан буюу 2017 оны 12 дугаар сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 12 765 782 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцжээ.
Ажил олгогч тушаалыг гардуулаагүйгээс гадна ажилтны хувьд ажил олгогчийн удаа дараагийн шийдвэрийг мэдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “...сонгон шалгаруулалт зарласан талаар ажилтан мэдэх ёстой, цалин багассан байхад мэдээгүй байх боломжгүй...,түүний албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцсон А.Баатар ажиллаж байгааг нэхэмжлэгч мэдэх боломжтой...” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит үндэслэлийг дүгнэж чадаагүй, хуульд нийцээгүй байна. Ш.Ц нь үүрэгт ажлаас түдгэлзүүлэх тухай 2017 оны 07 сарын 16-ны 52 дугаар тушаал, ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 сарын 01-ний 71 дүгээр тушаал, гэрээт ажилтнаар томилсон 2018 оны 11 сарын 15-ны 93 дугаар тушаалыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн гэж нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн бөгөөд ажил олгогч тушаалыг гардуулсан, ажилтны хувьд эдгээр шийдвэрийг мэдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй юм.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 880 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА