Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0348

 

2020 оны 05 сарын 20 өдөр        Дугаар 128/ШШ2020/0348             Улаанбаатар хот

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 201903455 дугаартай Тендерийн үнэлгээний хороо /Цаашид Тендерийн үнэлгээний хороо гэх/

Гуравдагч этгээд: “П-А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.М, шинжээч С.Б, Ж.Т нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П” ХХК  нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ЦАХИЛГААН ХӨГЖИМ, ХӨГЖМИЙН КАБИНЕТАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ” 201903455 дугаартай тендерт оролцсон.

Манай компани тус тендерт холбогдох материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж хамгийн бага үнийн саналаар оролцсон бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийг хүснэгт заасан материалыг бэлтгэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй ба техникийн тодорхойлолтын шаардлагад бүрэн нийцсэн тендерийн материал хүргүүлсэн. Гэтэл үнэлгээний хороо нь уг тендер шалгаруулалтыг хууль  бусаар үнэлж манай компанийн тендерт шударгаар оролцож, шударга үнэлүүлэх эрхийг зөрчлөө.

Учир нь манай компани Тендерийн баримт бичигт болон техникийн тодорхойлолтод заагдсан бүх шаардлагыг хангасан материалыг хүргүүлсэн. Мөн захиалагчаас шаардсан ухаалаг самбарыг хүргүүлсэн ба манай компанийн тендерээс татгалзах үндэслэлээ ухаалаг самбарыг шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаар татгалзсан байдаг. Анх энэхүү ухаалаг самбарыг хүлээлгэн өгөхөд захиалагчийн тендерээс татгалзаад байгаа үндэслэлүүд болох дуугаралт стандарт бус, зарим товчлуурууд нь ажиллахгүй, хөгжмийн асдаг гэрэл доголдолтой гэх мэт байдал тогтоогдоогүй ба бид бүгд ажиллагаатай самбар хүлээлгэн өгсөн. Гэтэл энэхүү самбарыг үнэлгээний хороо үнэлэхдээ хэт хувийн сонирхолтой хандаж үнэлсэн. Мөн өрсөлдөгч компани болох “П а” ХХК-ийг үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн байна, үүнийг шалгаж өгөхийг хүссэн гомдлыг манай компанийн зүгээс Сангийн яам болон, Үнэлгээний хороонд зохих журмын дагуу хүргүүлсээр байхад энэ асуудлыг шалгаж тогтоолгүйгээр уг компанийг шалгаруулсанд гомдолтой байна. Энэ нь анхнаасаа тендерт “П а” ХХК-ийг шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан байна гэх үндэслэлээр ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй гэсэн агуулга бүхий албан бичиг байна.

Өөрөөр хэлбэл БСШУСЯ/201903455 дугаартай тендерийг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7.3-т Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-т Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийн заалтуудыг зөрчиж уг тендерийг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус ба хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ‘"П-А” ХХК-ыг шалгаруулсан. /тус компани нь Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа/ Энэхүү хууль бус шалгаруулалт нь манай компанийн тендерт шударгаар оролцох, тэгш боломжоор хангуулах, шударга өрсөлдөх зэрэг эрхүүдийг ноцтой зөрчиж байна. Мөн Үнэлгээний хороо нь ямар ч үндэслэлгүйгээр Хөгжмийн багш нараар бичиг үйлдүүлж /дүгнэлт/ үүнийг ашиглаж шийдвэрээ гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Бид БСШУСЯ-ны манай тендерээс татгалзсан тухай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Сангийн яаманд гаргасан ба Сангийн яам манай гомдлыг хянаж үзээд захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаад бараа нийлүүлэгдэж байх тул бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа юм.

Иймд манай компанийн тендерт шударгаар оролцох эрх, шалгарах эрх, тэгш боломжоор хангуулах зэрэг эрх ашгийг зөрчигдөж байх тул БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМНЫ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендер нийт 2 удаа зарлагдсан. “П” ХХК 297.9 сая төгрөгийн санал, “П-А” ХХК 450.3 сая төгрөгийн саналтай орж ирсэн байдаг. Эхний шалгаруулалт дээр бага үнийн саналтай компанийн бүтээгдэхүүнд Бүгд Найрамдах Хятад Улсын Элчин сайдын яамнаас тайлбар авах гэх мэтчилэн судалгаа, үнэлгээ хийсэн байдаг учир бид хууль дүрмийн дагуу ажилласан гэж үзэж байна.

“П” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн ухаалаг самбарын дуугаралт стандартын дагуу бус зарим товчлуурууд ажиллахгүй гацаатай уламжлал бичвэр нь тоон бичвэртэй ирсэн. Самбарт байрлах ноотны шугам зориулалтын биш, өнгө үзэмж муутай механик аргаар бүтсэн шугам байсан. Хөгжим асахаар гэрэл доголдолтой хөгжмийн самбар дээрх бичээснүүд хятад хэлээр бичигдсэн ,хятад хэлээр бичигдсэнийг Монгол Улсын хэмжээнд ашиглах боломжгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ийм хэмжээний тоног төхөөрөмж нийлүүлэхийг татгалзсан. Мөн Тендерийн үнэлгээний хорооны дан ганц шийдвэрээр үнэлээгүй хөндлөнгийн шинжээч байлцаж үнэлсэн. Нийслэлийн боловсролын газраас тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа дуу хөгжмийн багш нарыг оноолт маягаар авч 3 шинжээч багш ажилласан. Уг багш нарт ямар ажил зорилгоор ажиллуулж байгааг хэлээгүй. Хоёр ухаалаг самбар дээр ажиллаад өөр өөрсдийн дүгнэлтийг гаргаж өгнө үү гэсэн байдалтайгаар гурван багшийн цагийг зөрүүлж ажиллуулсан. Мөн багш нараас ирүүлсэн дүгнэлтийг хавсаргасан байгаа. Ийм учир “П” ХХК-ийн бүтээгдэхүүнээс татгалзсан” гэжээ.

Гуравдагч этгээд “П-А” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай компани Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар тодорхой хугацаанд ажилласан туршлагатай компани юм. Манай компанийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 дугаар мэдэгдэл хүргүүлэх шийдвэр, үнэлгээний хорооны шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. “П” ХХК-ийн “XQ-1484” маркийн ухаалаг самбарыг “Jinan fangyuan teaching equipment” гэдэг компани үйлдвэрлэсэн гэдгээр зөвшөөрөл баримтуудыг авчирсан байсан. “Jinan fangyuan teaching equipment” энэ самбарыг үйлдвэрлэдэг албан ёсны үйлдвэрлэгч мөн гэсэн байгаа. “П” ХХК-ийг албан ёсны борлуулагчаар томилж байна гэсэн албан бичиг байна. “Jinan fangyuan teaching equipment” компани энэ хөгжим, сургалтын ухаалаг самбарыг үйлдвэрлэдэггүй зөвхөн цагаан самбар, сургалтын самбар, сургалтын давцан, шинжлэх ухааны сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэдэг компани байсан. Хятад улсад цор ганц үйлдвэрлэгч бөгөөд экспортлогч мөн гэсэн албан ёсны бичгийг орчуулгын хамт өгсөн “П” ХХК-ийн баримт хуурамч юм. “Jinan fangyuan teaching equipment” компани хуурамч үйлдвэрлэгч гэсэн бичиг баримт ирүүлсэн байгаа. Хоёр компаниар нотлогдсон. Мөн орчуулагдсан материал байгаа. Ийм учир тендерийн үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа “П” ХХК-иас “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” гэж тодорхойлсон байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаад бараа нийлүүлэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоолгох” гэж өөрчилжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсныг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах тухай БСШУСЯ/201903455 дугаартай тендерийг зарласан байна.

Захиалагчийн зүгээс оролцогчдын санал болгосон бараа бүтээгдэхүүний нэг болох “Хөгжим сургалтын ухаалаг самбар" /88 даралттай/-ын нийлүүлэх үнэ /"П" ХХК 454,590.0 төгрөг, "Х" ХХК 3,800,000.0 төгрөг, “П-А” ХХК 4,018,000.0 төгрөг/ нь хэт зөрүүтэй, чанар, стандарт, зах зээлийн үнэ, үнэлгээ хийхэд эргэлзээтэй, бодитой бус байсан тул Үнэлгээний хорооноос хуульд заасны дагуу мэдээлэл, судалгаа гаргуулахаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан албан бичиг илгээсэн байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн е/07/19/454 дугаартай цахим шуудан, мөн БНХАУ-ын Саундкинг компанийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийг хүлээн авсны дараа Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдан тендерийг эцэслэн үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу “П-А” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг гарган захиалагчид зөвлөмж хүргүүлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгүүдээр тендерт оролцогч компани тус бүрт холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан “П” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4449 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийн дагуу тендерийн баримт бичгийг Сангийн яаманд өгч хянуулсан. Тус яамнаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/4768 дугаартай албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдан бага үнийн саналтай “П” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг гарган захиалагчид ирүүлсэн байна.

Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгүүдээр тендерт оролцогч компаниудад дахин мэдэгдэл хүргүүлсэн байна.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан “П-А” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5223 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийн дагуу тендерийн баримт бичгийг дахин Сангийн яаманд дахин хянуулсан байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/5553 дугаартай “Гомдлын хариу” албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар хурлаар БСШУСЯ/201903455 дугаартай “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” төсөл арга хэмжээний нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин зарлаж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээлтийг хийсэн байна.

Хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтад "П” ХХК нь өмнөх үнийн саналаас 150,998,716.0 /Нэг зуун тавин сая есөн зуун ерэн найман мянга долоон зуун арван зургаа/ төгрөгөөр нэмэгдүүлж 448,998,660.0 /Дөрвөн зуун дөчин найман сая есөн зуун ерэн найман мянга зургаан зуун жар/ төгрөг, "П-А" ХХК 450,282,800.0 /Дөрвөн зуун тавин сая хоёр зуун наян хоёр мянга найман зуу/ төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн байна.

Тендерийн үнэлгээний хороо дахин тендер зарлахдаа зарим хөгжмийн зэмсгийг загвараар нь авч шалгасан бөгөөд компаниудын нийлүүлэхээр санал болгосон загвар болох “Хөгжим сургалтын ухаалаг самбар /88 даралттай/”-т мэргэжлийн багш нараар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдан тендерийг үнэлэн хамгийн сайн шалгарсан тендерээр “П-А” ХХК-г шалгаруулан захиалагчид зөвлөмж хүргүүлсэн байна.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “П” ХХК-д хүргүүлсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дагуу “П" ХХК дахин Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6754 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийн дагуу тендерийн баримт бичгийг Сангийн яаманд дахин хянуулж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/7051 дугаартай “Гомдлын хариу” албан бичиг ирүүлсэн байна.

Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар хурлаа зохион байгуулж өмнөх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2020/0946 дугаартай захирамжаар Соёл, урлагийн их сургуулийг шинжээчээр томилж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар тус сургуулийн багш С.Б, Ж.Т, Г.Т нарыг томилж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...ЕБС-ийн цахилгаан даралтат хөгжим нь дараах үзүүлэлттэй байна гэж заасны дагуу “П” ХХК-ийн тендерийн шалгаруулалтад санал болгосон хөгжимтэй харьцуулж үзэхэд WJ901-88 маркийн ухаалаг самбар нь Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар СӨБ болон ЕБС-д худалдан авах цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетын тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтуудтай нийцэж, таарч байна. XQ-1488 маркийн самбар нь Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд худалдан авах цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетын тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна ...“П-а” ХХК-ийн тендерийн шалгуурлалтад санал болгосон хөгжимтэй харьцуулж үзэхэд Kurzweil брендийн KP300X загварын цахилгаан даралтад хөгжмийн үзүүлэлтүүд нь Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар СӨБ болон ЕБС-д худалдан авах цахилгаан хөгжим, хөгжлийн кабинетийн тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолттой нийцэж, таарч байна” гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, ...27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны зүгээс 20193455 дугаартай тендерийг хуульд заасан бүх нөхцлийг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, бага үнийн санал ирүүлсэн “П а” ХХК-ийг шалгаруулж, улмаар захиалагчийн зүгээс мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, 20193455 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА