Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0062

 

Иргэн А.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд П.Б, түүний өмгөөлөгч Д.Ннарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу иргэн А.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дугаар захирамж түүний хавсралтад газар эзэмших, ашиглах эрхийн талбай, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын 10 дахь хэсэгт заасан П.Бид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, П.Бийн нэр дээр байгаа 1351 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр А.Б миний биеийг тогтоох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартааНийслэлийн Засаг даргын 2000 оны А/11 дүгээр захирамжаар "С-И" ХХК-д 3000 м.кв талбай газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжийн хувийн хэргээс үзэхэд нэг талаас П.Б, нөгөө талаас "С-И" ХХК-аж хэсэгт гаргасан байдаг. 3000 м.кв газрын газар эзэмших эрхийн эх хувь, тухайн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг хавсаргаж өгсөн байсан. Эдгээр материалыг судалж үзээд Газрын алба, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар оруулахад "С-И" ХХК-ийн нэр дээр 1648 м.кв газар, П.Бийн нэр дээр 1351 м.кв газрыг олгохоор шийдвэр гарсан. 1648 м.кв газар нь үл хөдлөх хөрөнгөтэй байсан учраас шатахуун түгээх станцын зориулалтаар, 1351 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар тухайн баримтуудыг хуурамч эсэхийг мэдэх боломжгүй. Талууд гэрээ хийж, тодорхой хэмжээний газрын компанийн гишүүн болох П.Бид шилжүүлсэн байсан. Үүний дагуу Засаг дарга газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн. Энэ захирамжид "С-И" ХХК-ийн газар эзэмших эрх нь байгаа. Хэрвээ нэхэмжлэгч компанийн гишүүн гэж үзэж байгаа бол "С-И" ХХК-д 1648 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамжид маргаан үүсгэх ёстой.

Иргэн П.Б нь уг компанийг худалдаж авсан этгээдтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийж, тодорхой хэмжээний газрыг 10 сая төгрөгт тооцож газрын шилжүүлж авч байгааг нотлох гэрээ байдаг. "С-И" ХХК болон иргэн П.Бид Нийслэлийн Засаг даргын 2011 оны 781 дүгээр захирамжаар олгосон газар бусдын кадастрын мэдээллийн санд орсон бусдын эзэмшил газартай давхцаагүй, хуулийн заалт зөрчөөгүй.

Газрын тухай хуулийн 32.1, 32.5-д заасан үүрэг нь шинээр газар эзэмших хэсэгт гаргаж байгаа үед хэрэгжих ёстой. Гэрээний зөрүүтэй байдлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Хувьцаа худалдах гэрээ бол "С-И" ХХК-ийн эд хөрөнгөө зохицуулсан гэрээ байсан. Техникийн зөвлөлийн хурал дээр газрын анхны гэрчилгээг аваад ир гэсэн. Газрын анхны гэрчилгээ надад "Ш б" ХХК-ийн нэр дээр эх хувиараа байсан. "Ш б" ХХК-ийг татан буулгахдаа хожим ийм зүйл болно гэж бодолгүй "С-И" ХХК-ийн нэр дээр гэрчилгээ түр авсан байсан. Би өөрийн анхны гэрчилгээг гаргаж өгч байж шинэ гэрчилгээг гаргуулсан. "С-И" ХХК-ийг байгуулахад би газартайгаа орсон. "С-И" ХХК-ийн 50 хувийн эзэмшигч нь А.Б байсан болохоос газарт А.Бын өмч өчүүхэн ч байхгүй.

Газрыг яаж авсан тухай А.Б сайн мэдэж байгаа. Энэ газар бол гарал үүслийн хувьд "Ш б" ХХК-ийн газар. Энэ газрыг хүмүүс булаацалдаж байсан, манаач хөлсөлсөн, газрын төлбөр төлсөн хэрэгт огт оролцоогүй. Чиний газар чи өөрөө мэд гэдэг байсан. 1648 м.кв газар дээр "С-И" ХХК барилгаа өргөтгөөд барьсан. Нутаг усны хүн хамтарч ажилладаг гээд би гэрээ хийхгүй явж байгаа. 400 сая төгрөгийн өр авлага бидний хооронд байгаа. Үүнтэй холбоотой эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлд заасныг тус баримтлан нэхэмжлэгч А.Бын гаргасан Нийслэлийн Засаг даргын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дугаар захирамж түүний хавсралтад газар эзэмших, ашиглах эрхийн талбай, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын 10 дахь хэсэгт заасан П.Бид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, П.Бийн нэр дээр байгаа 1351 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр А.Б миний биеийг тогтоох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: Анхан шатны шүүх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн Баянгол дүүргийн нотариатч Д.Дг гэрчээр асууж, мэдүүлэг авахдаа нотлох баримтыг нотариатчийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулбарын бүртгэлийн дэвтрийн архиваас нь бүртгэлийг хуулбарлаж аваагүй, дутуу бүрдүүлсэн, мэдүүлэгт компани зөвхөн газар эзэмших эрхээ шилжүүлэхээр тохиролцсон бол зөвхөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж газрын тухай хуульд зааснаар нотариатаар батлуулна гэсэн гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Улмаар газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн газрын албанд дээрх 0.3 га газраас 1351 м.кв газрыг П.Бид шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтээ "С-И" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.П нь 2011 оны 08 дугаар 15-ны өдөр 11/428 дугаар албан бичгээр гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч, "С-И" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, тооцоо нийлсэн акт, кадастрын зураг, гэрээ зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжаар 1381 м.кв газрыг П.Бид орон сууцны зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн дээрх захирамжийг гаргах үед газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасны дагуу "С-И" ХХК-ийг төлөөлж П.Б, А.Б, "Г л" ХХК-ийн захирал Р.Б нарын хооронд байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн хувьцаа, худалдах, худалдан авах гэрээг хүсэлтийн хамт Нийслэлийн газрын албанд гаргасан байна гэж тус тус үзсэн.

Гэтэл Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана.

38.2.1. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ

38.2.2. Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилүүлэн авснаар үүсэх эрх, үүргийн бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо

38.2.3. Хураамж төлсөн тухай баримт гэж тус тус заажээ

Хуулийн 38.2.1-д заасан газрын тухай хуулиар зохицуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний оронд Иргэний хуулиар зохицуулсан худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтад тооцож шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Нийслэлийн Засаг дарга нь Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх шилжүүлж байгаа "С-И" ХХК нь гурван гишүүнтэй, тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний арын хуудаст тэмдэглэгдэж бүртгэгдсэн баримт бичиг, компанийн дүрмээр давхар батлагдсан байхад үүнийг нягтлан шалгалгүйгээр зөвхөн 2 хүний хооронд хийгдсэн гэрээ хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн талбай байршилд өөрчлөлийг оруулснаар тус компанийн үлдсэн нэг гишүүн болох А.Бын газар эзэмших хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байсан.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Учир нь дээрх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд төрийн захиргааны байгууллагыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувь нь П.Бид газар эзэмшүүлэх талаар санал гаргасан гэдгийг нягтлах үүрэггүй бөгөөд энэ талаар хуульчлагдаагүй байна гэж үзсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч болоод итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь Газрын тухай хуулийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна.

38.3.1. Энэ хуулийн 38.2-т заасан шаардлага хангасан эсэх

38.3.2. Шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх

38.3.3. Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж тус тус заасныг тодруулаагүй байна гэж үзсэн юм.

Харин А.Б нь 4.5 сая төгрөгийг дээрх газрын төлбөрт төлж байсан гэж тайлбарладаг хэдий ч 4.5 сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болон Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичгээр нотлогдохгүй байна гэж үзсэн байна. Энэхүү нэхэмжлэлд газрын анхны өмчлөгч болоод хэдэн төгрөгөөр авч байсан эсэх талаар тогтоолгох гомдол бус бөгөөд хэрэгт хамааралгүй юм.

Тиймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, газрын тухай хуулиар зохицуулсан харилцааг иргэний хуулиар тайлбарлаж А.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Баас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дугаар захирамжийн П.Бид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, П.Бийн нэр дээр байгаа 1351 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоосон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэн П.Б, А.Б нарын үүсгэн байгуулсан "С-И" ХХК-д Шатахуун түгээх станцын зориулалтаар 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор уг компани газрыг хууль ёсоор эзэмшиж иржээ.

Улмаар "С-И" ХХК-ийн захирал Б.Пгаас 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшин эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, хүсэлтдээ газрыг шилжүүлэн авах иргэн П.Бийн хүсэлт, иргэний үнэмлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ, "С-И" ХХК-ийн эзэмшлийн 3000 м.кв газраас зохих хэсгийг П.Бид шилжүүлэх талаар заасан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтууд хавсаргасныг Нийслэлийн Засаг дарга хянан үзээд маргаан бүхий актаар иргэн П.Бид 1351 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, хүсэлтэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.8-д заасан баримтууд бүрэн хавсаргагдсан, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан зүйлүүдийг тодруулахад хуулийн шаардлага хангагдсан үед газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхээс татгалзах боломж Засаг даргад байхгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу гаргах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтэд хавсаргагдсан гэрээ хэдийгээр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэсэн нэртэй ч тухайн гэрээнд газрыг шилжүүлэх талаарх тохиролцоо тусгагдсан, мөн газрыг хууль ёсоор эзэмшигч буюу "С-И" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирлын албан ёсны болон шилжүүлэн авч байгаа этгээдийн хүсэлт хавсаргагдсан байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус, хуурамч гэдгийг мэдэх боломжгүйгээс гадна Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргагдаагүй гэж үзэх боломжгүй байжээ.

Үүнээс гадна П.Б, Р.Б нарын болон П.Б, А.Б, Р.Б нарын хооронд байгуулагдсан гэх хавтаст хэрэгт авагдсан /хх-1-23, 53/ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн аль нэгийг хуурамч буюу хууль бус гэж үзсэн шүүхийн шийдвэргүй байгааг, түүнчлэн Засаг дарга нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувь эзэмшлийн талаарх буюу шүүхийн хянан шийдвэрлэдэг маргааныг газар эзэмшүүлэх шийдвэр гаргах замаар шийдвэрлэх боломжгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн заалтыг шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ оновчтой, зөв бичээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР