Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

2022         02          24                                 2022/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2206 00000 0252 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дар хүрээ зах дээр машин зардаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо эмнэлгийн 3 дугаар гудамжны 83 тоот хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 77 дугаар байрны 13 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Б.Т

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелийн автобусны буудал дээр хохирогч Р.Бямба-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний хугарал, сулрал, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Яллагдагч Б.Ты мөрдөн байцаалтад өгсөн “Тухайн үед Хосбилэг үл таних нэг залуутай гарцаар гарч ирж байгаа харагдсан ба би Хосбилэг дээр явж очоод ярилцаж байгаад дүү болох Мандалтай утсаар яриад хаана байгаа талаар асуухад ойрхон явж байхаар нь ахыгаа хүргээд өгөөч гэхэд за гээд ойролцоогоор 5 минутын дараа хүрээд ирсэн. Тэгээд би явлаа гээд эргэхэд араас хөөе пизда минь гэхээр нь эргэж очоод бид хоёр маргалдаад хоорондоо харилцан 1-2 удаа цохилцоод салаад шууд дүү Мандалын машинд суугаад гэр лүүгээ явсан. Би тэр залуутай ямар нэг маргаан үүсгээгүй байсан бөгөөд явлаа гээд явж байтал араас хэл амаар доромжлоод байхаар нь очоод харилцан зодолдсон. Надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Р.Бямба-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй бааранд найз Хосбилэгийн хамт орж нэг шил архи хувааж уугаад бүжиглэж байгаад 23 цагийн үед тухайн газраас гарсан. Зам дээр такси суух гээд зогсож байтал Хосбилэгийн найзууд гэх үл таних 2 залуу хүрч ирсэн ба ямар нэгэн маргаан болоогүй байхад 2 залуугийн нэг нь намайг цохиж зодон, нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөөд миний уруул сэтэрч, хавдаад хоёр шүд хугарсан. Намайг Хосбилэгтэй хардаад цохиж зодсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Гэрч Т.Хосбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой найз Бямба-Эрдэнэтэй хамт Баянзүрх дүүргийн 7 хороонд үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй бааранд ороод нэг шил архи хувааж уугаад бүжиглэж байгаад 23 цагийн үед гарсан. Тэгэхдээ найз болох Тогтууныг дуудсан ба удалгүй машинтайгаа ирсэн. Нэг харахад Бямба-Эрдэнэ, Тогтуун нар хоорондоо барьцалдаад авсан. Энэ үед Бямба-Эрдэнэ амаа дараад доошоо сууж “цагдаад дууд” гэсэн ба бид хоёр гэмтлийн эмнэлэгт очиж тусламж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1254 дугаартай “Р.Бямба-Эрдэнийн биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Хохирогч Р.Бямба-Эрдэнийн эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Ты хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар тал/,  шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелийн автобусны буудал дээр хохирогч Р.Бямба-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний хугарал, сулрал, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.Бямба-Эрдэнэ, гэрч Т.Хосбилэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т, хохирогч Р.Бямба-Эрдэнэ нар хэн аль нь Т.Хосбилэгтэй танилууд бөгөөд Б.Т нь Т.Хосбилэгийн дуудсанаар баар хаах үед ирсэн, хөөе пязда гэж хэлснийг шалтаглан харилцан маргалдаж улмаар Б.Т нь Р.Бямба-Эрдэний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас гэмтэл учирсан, Р.Бямба-Эрдэнэ нь Б.Ты толгойн тус газарт цохисон гэх боловч гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэсэн үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа идэвхтэй үйлдлээрээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ты хохирогч Р.Бямба-Эрдэнэ руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагджээ.

Хохирогч Р.Бямба-Эрдэнэ нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан Б.Ты үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Р.Бямба-Эрдэний гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул Б.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Б.Т торгох ялыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Б.Ты хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шөнийн цагаар олон нийтийн газарт гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглан хүний биед хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ты цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тд шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ