| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2017/00151/И |
| Дугаар | 134/ШШ2017/00162 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2017/00162
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эрэгтэй, 55 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Бэхтийн 2-06 тоотод оршин суух, Ш ХК-д гагнуурчин ажилтай, С овогт Ч-ийн Б /РД:ЕЙ62061517, утас: 95015006, 99807257/-ийн
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие авто тээврийн 32 дугаар баазад 1986 оны 07 дугаар сарын 25-ны 125 тоот тушаалаар засварчнаар ажиллаж байгаад, манай бааз 1993 оны сүүлээр татан буугдаж, Баянхайрхан ХХК болсон ба үүнээс хойш 1994 оны 01 дүгээр сарын 26-ны 11 тоот тушаалаар цахилгаан гагнуурчнаар тус тус ажиллаж 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тус баазад ажиллаж байсан хугацааны ажилд орсон, гарсан даргын тушаал байхгүй, архиваас олдохгүй байгаа учир тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар бааз болон Баянхайрхан ХХК-д 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл засварчин, цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар бааз болон Б ХХК-д 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд засварчин, цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв: Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазад 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд засварчинаар, Чойр хотын авто тээвэр үйлчилгээний Баянхайрхан ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд цахилгаан гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ч.Батцэнгэлд өгсөн зөвлөмж, Ч.Б-ийн 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04/673 дугаартай архивын лавлагаа, Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазын даргын 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04/933 дугаартай архиьын лавлагаа, Ч.Б-ийн 1986-1994 оны цалингийн тодорхойлолт, Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазаас 1988 онд Ч.Б-д олгосон баярын бичиг, гэрч Д.Эрдэнэ-Очир, С.Амаржаргал нарын мэдүүлэг, Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазын даргын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, төлбөр тооцоог барагдуулах тухай” тушаалын хуулбар, гэрч С.Амаржаргалын 081930 дугаартай, гэрч Д.Эрдэнэ-Очирын 081866 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Учир нь баазын даргын тушаалууд болон гэрч С.А, Д.Э нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр, Говьсүмбэр аймгийн төрийн архиваас олгосон цалингийн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч Ч.Б-ийн хөдөлмөрийн дэвтэртэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж, шүүхийн шийдвэр гаргах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ийнхүү нэхэмжлэгч Ч.Б-ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Ч-ийн Б-ийг Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазад 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд засварчинаар, Чойр хотын авто тээвэр үйлчилгээний Баянхайрхан ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цахилгаан гагнуурчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ