Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

                                                                                                                      

 

    2022        01           11                                      2022/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2106 00000 1775 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэжээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч О.О нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 01-194 тоот нийтийн байрны 03 тоот өрөөнд хохирогч Л.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж таавчик шидлээ гэж уурлан түүний нүүр болон зүүн мөр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цагийн үед өөрийн амьдардаг нийтийн байрандаа байх үед хажуу өрөөний зүс таних эмэгтэй Цээгий нь орж ирээд шөл уу гэж хэлсэн тул хэсэг хугацааны дараа орсон. Гэрт нь ороход Цээгий нөхөр Оын хамт байсан. Надад аяганд хоол хийж өгөхөөр нь идээд сууж байсан ба Цээгий нөхөр Оын хамт гар утсаараа кино үзэж байснаа надад хандан чи ч гэсэн хөдөөгийн залуусыг ингэж ашиглаж дуусгасан уу гэж асуухаар нь би ярьсан зүйлийг ойлгохгүй “чи одоо юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд хаалгаар аягаа бариад гарах гэхэд О нь надад хандаж “чи угаасаа баарны янхан биз дээ, баарны залуусыг дуусгасан уу, би чамайг мэднэ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд газарт байсан таавчигийг аваад түүн рүү шидэхэд оносон. Гэтэл О нь “битгий давраад бай пизда минь” гэж хэлээд орноос босож ирээд миний баруун талын нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон. Дараа нь хаалгаар гарах гэж байх үед зүүн талын далны дээд хэсэг рүү гараараа 2 удаа цохиход онгорхой байсан хаалганы ирмэг хэсгийг зүүн талын далаараа давхар цохисны дараа О больсон. Би гэрээс нь гараад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...нийтийн байрны хажуу өрөөний М гаднаас орж ирээд хоол халааж идсэн. Хоол идээд сууж байх үед нь манай нөхөр О кино үзэж байхдаа “одооны хүүхнүүд их айхтар болчихсон юм байна, чи ч гэсэн их айхтар тэй” гэж хэлсэн. М “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд босож ирээд ширээний хажууд байсан таавчигийг аваад Оын нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгсэн О босож ирээд “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлээд Мг түлхэхэд цааш унахдаа ширээн дээр байсан аяга, таваг хамаг юмтай ханараад л унасан. М нь босож ирээд “би чамайг цагдаа дуудаж өгнө за” гэж хэлээд гараад явсан. Удалгүй цагдаагийн хамт орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7493 дугаартай:

“Л.Мгийн биед зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

... хажуу өрөөний М манай өрөөнд орж ирээд хоол халаагаад идээд сууж байсан. Би тухайн үед Мд хандаж “чи орой болгон хаагуур явдаг юм бэ, танай хүүхэд чинь ээж орой болгон явдаг, өглөө ирдэг гэж ярьсан” гэж хэлэхэд М “битгий худлаа яриад бай” гэж хэлэхээр нь би “мэдэхгүй ээ, хүүхэд чинь тэгж хэлсэн, бас энэ байрны хүмүүс мэдэж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн М уурлаж босож ирээд таавчигаар миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би босож ирээд “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цээж рүү нь түлхэхэд өмнө нь байсан сандалд тээглээд ширээ рүү унахад ширээн дээр хоолтой аяга газарт унаж хагарсан. М унаад босож ирээд “цагдаа дуудна” гэж хэлээд гараад явсан. Удалгүй цагдаагийн хамт орж ирсэн ба Мг харахад нүд нь хөхөрсөн байсан. Түлхэх үед унахдаа ширээний булан мөргөсөн юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 58/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 01, 03/,

- дүрс оношилгооны хариу, рентген зургийн хамт /хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 60, 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 30-41/, иргэний үнэлэхийн лавлагаа /хх-ийн 42/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 44-49/ зэрэг баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.О нь Л.Мгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Оын иргэн Л.Мгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Л.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх ба түүнд хурлын тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан бага хэмжээгээр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Оийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ