Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

2022         02          24                                 2022/ШЦТ/283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Хосбаяр,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2106 00000 2314 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, утга зохиолын багш мэргэжилтэй, хувиараа барилгын бригад хариуцан ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамжны 515 тоот хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 19 дүгээр байрны 15 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

            Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яруу кафед үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Хосбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулай, зүүн чамархайн хуйханд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв,

Яллагдагч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа 0.33 граммын Хараа нэртэй архи уучхаад байж байхад Дашка намайг дуудсан би гэрээсээ гараад сансарт Дашкагийн байгаа газар ирсэн тэгсэн Дашка нутгийн 2 хүн гэж хэлээд бид 4 хамт суугаад архи уусан тэгсэн Хосбаяр гэх надаас дүү залуу агсам тавих гээд хэл амаар доромжлоод байсан тэгсэн нэг мэдсэн зодоон эхлээд архины шилээр цохисон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дугаар хуудас/,

Хохирогч Б.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр найзын хамт Дашням ахтай уулзсан. Дашням нь манай нутгийн ах байгаа юм. Тухайн үед Баяраа ирээд хамт архи уусан. Баяраа надаас манай ах  нарыг таних уу гээд танихгүй хүмүүсийн нэр хэлээд над руу дайраад байсан. Тэгээд сүүлд тооцоо хийж байхад Баяраа надад чи ах уу, би ах уу гээд байсан. Би найзтайгаа явлаа гэхэд Баяраа над руу занасан байдалтай харж байсан. Намайг нэлээд хэдэн удаа цохисон. Тухайн баарны эзэн гарч ирээд Баярааг надаас салгасан. Би гомдолтой байна. Баяраа надтай хүний ёсоор харьцаагүй. Эмчилгээний хувьд би эмнэлэгт хэвтэх боломжгүй байсан. Толгойны зүүн тал маань мэдрэлгүй болсон. Үүнийг цаашид эмчлэх шаардлагатай. Толгойноос шалтгаалаад цусан хангамжийн дутагдалтай байна гэж эмч хэлсэн. Иймд цаашид эмчлүүлэх шаардлагатай. Баяраагаас баримтаар нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Б.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баяраа гэдэг үл таних залуу надад хандан чи Дашнямыг ах гэсэн мөртөө намайг ах гэсэнгүй гээд надад үг хаяад биеийн гадаад хэлэмжээрээ намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би харьцгаая би найзыгаа аваад явлаа гэхэд надад хандан сүүлд ирсэн Баяраа гэх залуу нь би авах уу чи авах уу гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн ...Баяраа гэдэг үл таних залуу гэнэт миний өөдөөс буюу эсрэг талаас харж сууж байгаад ширээн дээгүүр давж гарч ирээд миний толгой хэсэгт архины шилээр цохисон. Гэтэл шил нь хагарсан. Түүний дараа дахин хагарсан шилээрэй үргэлжлүүлэн миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний биед үл таних Баяраа гэдэг залуу нь надтай маргалдсан улмаас миний толгой хэсэгт архины шилээр цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Гэрч П.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид дөрөв архи ууж байхад нэг нэгнийхээ үгийг мушгиад байсан ба миний хажуугаар сүүлд ирсэн залуу давж орж ирээд Хосбаярыг архины шилээр цохиод хамт ширээ даваад сандлын араар унасан тэгэхээр нь Дашка бид хоёр тэр хоёрыг тийш нь салгахад цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9455 дугаартай “Б.Хосбаярын биед тархи доргилт, дух зулай, зүүн чамархайн хуйханд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Хохирогч Б.Хосбаяраас шүүхэд гаргаж өгсөн хохиролтой холбоотой 2 хуудас баримт,

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яруу кафед үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Хосбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулай, зүүн чамархайн хуйханд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Б.Хосбаяр, гэрч П.Эрдэнэболд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9455 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Д.Бгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Хосбаяр нар кафед танилцаж архи ууцгаасан, “намайг хүндэлсэнгүй” гэх үл ялих зүйлээс болж маргалдсан, улмаар Д.Б нь архины шилээр Б.Хосбаярын толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Бгийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Б.Хосбаяр нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан Д.Бгийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Д.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хосбаярт баримтаар 1.135.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Бгаас 1.135.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Хосбаярт олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Хосбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Д.Бгаас нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Д.Б нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Бг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Д.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, хохирогчоос шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөхөө илэрхийлсэн гэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар олон нийтийн газарт архины шил хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Д.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Бгаас 1.135.000 /нэг сая нэг зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Хосбаярт олгосугай.

6. Хохирогч Б.Хосбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Д.Бс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ