Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

      2022         01         11                                     2022/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шд холбогдох эрүүгийн 2106 00000 2615 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын туннелд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Аялгуу нэртэй караокены үүдэнд хохирогч Ц.Эын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 загварын гар утсыг нь хүнтэй яриад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2615 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ш нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед хуучин хамт ажилладаг байсан Содхүү над руу залгаад уулзах уу гэхээр Сансарын шатахуун түгээх станцын буудал дээр Содхүүтэй уулзахад Содхүү нь Шийн хамт ирсэн. Тэгээд бид гурав хамт хоолонд орсон ба хоолны газраас гараад нэрийг нь мэдэхгүй пабад ороод 3 шил пиво авч уусан. Тэгсэн Содхүү хүн дуудаад байна гээд яваад өгсөн. Ш бид хоёр хамт үлдээд 1 шил архи хувааж уугаад пабаас гараад Ш караокед оръё гэж хэлээд намайг дагуулаад Сансарын түнел дээр байрлах Аялгуу нэртэй караокены үүдэнд очоод намайг гар утсаа өгч бай хүнтэй яриад өгье гэж хэлээд миний гар утсыг авсан. Тэгээд өгөлгүй зугтаагаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Д.Арвижихын мөрдөн байцаалтад өгсөн:

“Тухайн өдөр ажил дээрээ байх үед 22 цагийн үед хаалгаа барих гээж байж байх үед улаан өнгийн саравчтай малгайтай, куртикан дотуураа улаан өнгийн захтай шоотой цамцтай 30 орчим насны үл таних эрэгтэй гэж санаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй, нүүр нь улайсан, тодорхой хэмжээний согтолттой явж байсан. Барьцаалах гар утсаа “миний эхнэрийн гар утас байгаа юм, эхнэртээ өнөөдөр шинээр гар утас авч өгсөн, мөнгөний хэрэг гараад байна, 250.000 төгрөг хэрэгтэй байна” гэж гуйсаар байгаад барьцаанд тавьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 05-06/,

 - мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 32/,

            - эрүүгийн мөрдөгчийн “...Ц.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20:30 минутын үед Ш гэх хүнд гар утсаа залилуулсан гэх гомдол мэдээлэлд алдагдсан гэх гар утсыг эрэн сурвалжилж ажиллалаа. Үүнд иргэн Ц.Эын гар утсыг Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах Жи эс 25 ломбаранд тавьсан болохыг тогтоосон болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив.

            иргэн Г.Ш гэх этгээдтэй холбогдох зорилгоор 91190393 гар утас руу залгахад би хөдөө байна, очиж чадахгүй шинэ ажилд орсон гэх мэтчилэн уурлаж утсаа тасалсан болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл /хх-ийн 52, 54/,

 

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн:

Зарын Үнэгүй.мн сайтад самсунг галакси А-12 загварын гар утсыг 2021 оны 12 сарын 01-ний өдөр 5542461 дугаартайгаар 450.000 төгрөгөөр худалдахаар байршуулсан байна. Иймд Самсунг галакси А-12 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлэж байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 32/,

 

Шүүгдэгч Г.Шийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз Эын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунел дээр байдаг одоо санаж байгаагаар Уянга гэх нэртэй караоке руу орохдоо би Эын гар утсаар хүнтэй ярьж явж байгаад орчоод буцаад гараад ирэхэд Э алга болсон байхаар нь би гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байсан. Яг хаана, ямар нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалснаа санахгүй, маш их согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Шийн цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 33-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 43-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Шд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Г.Ш нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Г.Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Шд ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.Шийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гийн Шийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ