Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

 

 

 

    2022          01          11                                     2022/ШЦТ/92

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2106 00000 2516 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт Ж.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Аргуй овогт Жаргалын Х нь 2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст синима кино театрын гадна зодоон болоод цагдаагийн ахлах ахлагч А.Нэргүйдүнжаа, цагдаагийн дэд ахлагч Р.Гантулга нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн, эргүүлийн цагдаа Г.Бын энгэрийн камерыг унагааж эвдэж, цагдаагийн албаны 26-89 УАС улсын дугаартай Фургон маркийн автомашины хаалгыг гараараа хөшиж, нийт 818.400 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:       

 

Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“... 01 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуаран Нэкст синима орчимд үүрэг гүйцэтгэж байх үед гадна талд нь хүмүүс зодолдоод байгаа бололтой чанга чанга дугараад байсан яваад очиход багцаараа 6-7 хүмүүс байсан. Бид хоёр очоод шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй болохоор нь нэмэлтээр Улиастай 115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарт дуудлага өгсөн. Удалгүй дуудсан албан хаагч нар ирээд шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Улиастай 121 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эрүүлжүүлэх баривчлах байрны автомашинтай хоёр албан хаагч ирээд машиндаа суулгах гэсэн боловч суухгүй гээд хөлөөрөө жийгээд гараараа хаалга алдалж зогсож байгаад хаалганы нугасыг эсрэг тал руу нь дарчихсан. Мөн зууралдаж байгаад миний энгэрийн камерыг газар унагааж ажиллах боломжгүй болсон. Миний биед халдаж цохисон зүйл байхгүй. Гэхдээ шаардлага тавихад үйлдлээрээ эсэргүүцэж байгаад энгэрийн камерыг эвдчихсэн. Х нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Хохирогч А.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...би цагдаагийн дэд ахлагч Р.Гантулгын хамтаар албаны 26-89 УАС улсын дугаартай Фургон маркийн автомашинаа унаад Нэкст синема нэртэй кино театрын гадна очсон. ...Цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх Х гэх залууг 26-89 УАС улсын дугаартай автомашинд суулгах гэхэд Х нь суухгүй гээд өөдөөс нь эсэргүүцээд цагдаагийн албан хаагч нартай зууралдаад машинд суухгүй байсан. Фургоны заалны хаалга онгойсон байсан хаалгыг нь гараараа алдалж зогсоод хаалганы нугасыг эсрэг тал руу нь түлхээд хонхойлгосон. Мөн хөлөөрөө жийж зогсоод машины хаалгыг хаах гэхэд нугасан талаараа цөмрөөд гажчихсан байдалтай байсан. Тухайн үед хаалга нь хаагдахгүй байсан. Х гэх залуугаар Фургоны хаалгыг тэр дор нь янзлуулсан. Автомашины үнэлгээ хийдэг Вендо үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 620.400 төгрөгийн хохирол гарсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Есөнтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Г.Бын албаны хэрэгцээнд ашиглаж байга энгэрийн камерыг тушаалаар нярав хариуцдаг. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн цагдаагйн удирдах газарт үндсэн хөрөнгийн няраваар томилогдсон. Тухайн этгээд нь манай байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулсан учраас ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын Б/23 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нярвын ажилд томилогдсон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Нэргүйдүнжаагийн албаны хэрэгцээнд ашиглаж байгаа 26-89 УАС улсын дугаартай Фургон маркийн автомашиныг 2021 оны 08 дугаар сард манай хэлтэс хүлээлгэж өгсөн байна. Хохирол болох 620.400 төгрөгийг манай байгууллагад төлсөн учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Гэрч Р.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

... дуудлагаар нэмэлтээр очиход гудамжинд 6-7 хүн согтуу байсан ба бүгд агсам тавиад ахмад Содбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байж байсан. Тэр хүмүүс дундаас нэг иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байр руу авч явах шаардлага гарсан ба албаны машинд суулгах гэхэд машины хаалгыг хөлөөрөө жийгээд суухгүй гэж эсэргүүцэж байгаад хаалгыг гажааж, хаалга хаагдахаа больсон. Гадна талдаа нэг хэсэг газар хонхойсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

            Гэрч П.Идэржавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “...Тэр үед цагдаагийн албан хаагч нар ирсэн. Тэгсэн надтай хамт эрүүлжүүлэгдсэн залуу, нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч нартай маргалдаж шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Баттуяа бид хоёрыг цагдаагийн албан хаагч нар машинд суучих хэлтэс дээр очиж асуудлыг шийднэ гэхээр нь бид хоёр нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй машинд суусан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

            Гэрч Т.Дорждэрэмийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “...бид хоёр дуудлагаа аваад Улаанхуарангийн 53 дугаар сургуулийн орчимд явж байсан бөгөөд багцаараа 2 минутад дуудлагад очиход хоёр гурван газар хүмүүс хуваагдчихсан хэрүүл маргаан хийсэн шинжтэй зодоон болоод дууссан байсан. Идэржавхлангаас юу болсон талаар асуухад энэ хүмүүс намайг зөв зүгээр байхад цохисон хоёр удаа цохиулаад би юу гэж тэсэхийн оркуд гэх зэрэг үг хэллэг хэлсэн. Идэржавхлан энэ намайг зодсон гээд нэг залуу руу заасан. Тухайн залууг шөнийн эргүүлийн цагдаа дагуулаад гарч ирсэн. Улиастай 121 ирэхээр нь машинд суулгах гэхэд суухгүй гээд өөдөөс шаардлага эсэргүүцсэн. “Та нар Идэржавхланг болохоор авч явахгүй, намайг болохоор авч явах гэлээ” гэж хэлээд эсэргүүцсэн. Урд талд гарыг нь гавлаад машинд суулгах гэхэд Фургоны хаалгыг нь түлхээд эвгүй болгочих шиг болсон. Нэргүйдүнжаа хаалга эвдчихсэн байна гээд байсан. Суухгүй болохоор нь өргөөд суулгасан. Тэгээд шууд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

Гэрч Б.Ялалтбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

            “...Х, Мөнх-Эрдэнэ, Ламжав, Цоожинхүү, Биндэръяа, Даваа бид 7 караокед сууж байгаад шөнийн 02 цагийн орчим караокенаас гарсан. Тэгсэн манай найз Х караокены гадна үл таних хүнтэй муудалцаад байсан. ... Цагдаа нар Хыг Фургон маркийн цагдаагийн машинд оруулж суулгах гэхэд Х тус машинд суухгүй гэж эсэргүүцэж байгаад машины хаалгыг эвдчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

            Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗ1-21-1081 дугаартай:

            “Хар өнгийн албаны энгэрийн камерыг 198.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 70/,

 

            Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 36392 дугаартай:

            “баруун дунд хана 215.000 төгрөг, заалны баруун хаалга 285.000 төгрөг, заалны баруун хаалганы нугас 60.000 төгрөг, 200 гр будаг тус-мат лак 50.400 төгрөг, эд анги солих зардал 10.000 төгрөг, нийт 620.400 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан, гэрэл зураг /хх-ийн 75-76/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3132 дугаартай:

            “Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь хяналтын дүрс бичлэгийн зөөврийн төхөөрөмж байна. Уг төхөөрөмжийн холболтын оролт гаралтаар бусад төхөөрөмжтэй холбогдон дуу, дүрсийг дамжуулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн зөөврийн тоног төхөөрөмж хэвийн ажиллагаагүй байна. засварласан тохиолдолд дахин ашиглах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн зөөврийн төхөөрөмжийн тэжээлийн систем гэмтэлтэй, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гэмтэл гарсныг тогтоох боломжгүй. Төхөөрөмжийн хавчдаг тогтоогч хатуу мохоо зүйлийн хөшиж татах хүчний үйлчлэлээр шинээр хагарч хугарсан, төхөөрөмжийн хажуу буланд хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралт байна” гэх шинжээчийн дүгнэлт, төхөөрөмжийн гэрэл зургууд /хх-ийн 81-88/,

 

Шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалтад өгсөн:

... Манай найзуудын зарим нь машиндаа суух нь суугаад зарим нь тамхи татаад байж байх үед би урд гудамж руу ганцаараа ороод бие засаад тамхи татаад сууж байх үед эхнэр Даваасүрэн миний араас ирээд надад саарал өнгийн малгайтай цамцыг өгч өмсүүлээд зогсож байх үед над дээр нэг цагдаа ирээд хажууд станцаар яриад байсан. Удалгүй 2-3 цагдаа ирээд намайг хүчээр гавлаад байхаар нь би “намайг ямар шалтгааны улмаас барьж байгаа юм бэ, яагаад авч явж байгаа юм” гэж асуухад хэн ч хариу өгөөгүй. Шууд л машин руу чирээд байсан. Би ямар шалтгааны улмаас баригдаж байгаагаа мэдэхгүй байсан учраас тэр цагдаад дургүйцлээ илэрхийлж машинд суухгүй гэж эсэргүүцсэн. Гэхдээ би цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй. Би цагдаагийн машинд суухгүй гээд эсэргүүцээд машины хаалгыг алдалж зогсоод эсэргүүцэж байснаа санаж байна. Станц, камер зэргийн эвдсэн бол би албаар эвдээгүй, эвдэж байснаа ч санахгүй байна. Тухайн  цагдаа нар намайг хүн зодоод зугтчихлаа гэж бодсон байх. Миний хувьд ямар нэгэн хүнтэй маргалдаж муудсан зодоон хийсэн зүйл бол байхгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

 

- ЦЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02/,

- мөрдөгчийн “...Х гэгч нь ЦАХ-н хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж машинд суухгүй гэж Фургоны заалны хаалгыг эвдэж танхайрсан...

...иргэн Х цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй энгэрийн камерыг эвдсэн” гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04, 05-06/,

- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 114-115/,

- албан тушаалын тодорхойлолт, эд зүйлийн орлогын баримтууд /хх-ийн 128-140/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч Ж.Хын цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 101-113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 118/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 120/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 121/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа /хх-ийн 122/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 123/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 124/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 125-126/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Хыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Х нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний компанийн тайлангууд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ж.Хын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хурлын тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн үйлдэлд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Жын Хыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Хыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөж,  Улаанбаатар хот - Төв аймгийн Бор-нуур сум – Улаанбаатар хот гэх тогтоосон чиглэлээр зорчих үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ