Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/287

 

2022        02         24                                  2022/ШЦТ/287

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Я.Амарзаяа /томилолт/,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн Л.Ад холбогдох эрүүгийн 2006 03661 0154 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, найз охины хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Дэнж 9 дүгээр гудамжны 371 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Нарт хотхон 95 дугаар байрны 433 тоотод түр оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Л.А

Холбогдсон хэргийн талаар:

          Л.А нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон 108 дугаар байрны В1 давхарт байрлуулсан байсан хохирогч Б.Наранбаатарын эзэмшлийн Giant XTC 800 маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Ан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Яллагдагч Л.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Он сар өдрийг сайн санахгүй байна би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны В1 давхрын гарш дотор ганцаараа явж байхад түгжээгүй хар улаан өнгийн унадаг дугуй байхаар нь би тухайн дугуйг ажил гэр хоёрын хооронд унах зорилгоор авсан ба тухайн дугуй нь ямар нэгэн түгжээгүй сул байсан би хийсэн гэмт үйлдэлдээ маргах зүйл байхгүй гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна” /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

Хохирогч Б.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 108 дугаар байрны В1 давхрын тээврийн хэрэгслийнхээ зогсоолд паарнаас гинжээр холбож түгжээд үлдээсэн ... 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд интернэт фейсбүүк үзэж байтал Gan-ochir Dolgoon гэсэн хаягаас унадаг дугуйн худалдаа ба солилцоо гэсэн групп дээр миний дугуйтай адилхан дугуйг хямд зарна гээд зар оруулсан байсан. Тэгэхээр нь унадаг дугуйны зургийг нь сайн хараад байтал миний унадаг дугуй мөн байсан. Тэгэхээр нь унадаг дугуйгаа зогсоол руу ороод үзтэл миний дугуй байхгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дугаар тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №БЗ1-20-1481 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 720.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 56-61 дүгээр тал/,

Цагдаагийн байгууллагын АСП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 62-65 дугаар тал/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

Иргэний оршин суугаа хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ан зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Л.А нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон 108 дугаар байрны В1 давхарт байрлуулсан байсан хохирогч Б.Наранбаатарын эзэмшлийн Giant XTC 800 маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Наранбаатарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Л.Ан мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хотхоны Л.А хотхоны B1 давхарт явж байгаад түгжээгүй, тоосонд дарагдсан байдалтай унадаг дугуйг олж харсан, улмаар хэнд ч хэлж мэдэгдэхгүйгээр авч явсан, уг дугуйг өрөндөө өгсөн, дугуйг авсан хүн фейсбүүкээр дугуйны зургийг тавьж худалдах зар оруулсан, үүнийг хохирол харж өөрийн эзэмшлийн дугуйгаа таньж хулгайд алдсан талаараа мэдэж цагдаагийн байгууллагад хандсан гэсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш буюу бодитой хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардана. Тус гэмт хэргийн улмаас 720.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Л.А нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Орон сууцны В1 буюу авто машины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй тул нийтийн эзэмшлийн орчин гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

          Иймд шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хохирогч Б.Наранбаатар нь унадаг дугуйг биетээр буцаан авах байдлаар хохирол төлөгдсөн байх тул Л.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөвхөн хорих ялын төрлийг сонгож оногдуулсан тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаар солих зарчмаар хэрэглэхээр зохицуулсан байна.

Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ял сонгож оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Ан хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Л.Ан хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлсөнг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага гэх хувийн байдал, амар хялбараар мөнгө олох зорилгоор бусдын анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан эд хөрөнгийг хууль бусаар авч захиран зарцуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн, хор уршиг арилсан гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ад тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ