Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 05/2022/0071/Э |
Дугаар | 2022/ШЦТ/97 |
Огноо | 2022-01-12 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
2022 01 12 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2106 01634 1308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт З.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч З.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамж, 833 тоотод иргэн А.Дын амины орон сууцны вакум цонхны түгжээг эвдэн, хууль бусаар нэвтэрч, орчин цагийн бурхан багшийн дүрс бүхий шармал бурхан 1 ширхэг, Монголын бурхан шашны урлаг хэмээх 2 боть зурагт номыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 641.913 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Дын мөрдөн байцаалтад өгсөн:
“...Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 31-833 тоот хашаанд байрлах сүүлийн 2 жил орчим эзэнгүй байгаа манай өвлийн сууцны вакум цонхоор хулгайч ороод шармал шар өнгөтэй бурхан багшийн бурхан 1 ширхэг, бурхадын хайрцагтай, хайрцаг дотроо 2 ширхэг байдаг катлоги 1 ширхгийг хулгайлаад аваад явсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшингаа эргэж ирэхэд зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “... сууцны 3 ширхэг вакум цонхны ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь цонх буюу голын цонхны салхивч онгорхой байх тул А дугаар тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, хэрэгт ач холбогдол бүхий ул мөр үзэхэд салхивчийн цоожинд эвдэгч багажийн мөр 1 ширхэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэх хийхэд сууцны гадна хаалга онгорхой байх тул хаалгаар орж үзлэгийг хулгайч орсон гэх өвлийн сууцанд үргэлжлүүлэн хийхэд 8м х 5м хэмжээтэй 1 өрөө бүхий сууц байх ба сууцны шалыг бор хүрэн өнгийн хулдаасаар хулдаасалсан байх ба уг хулдаасан дэвсгэр шалан дээр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр үзэхэд илрээгүй тул үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд өрөөний ертөнцийн зүгээр баруун хойд хананд байрлах бор хүрэн өнгийн комны тавиур байх ба уг тавиур дээр байсан гэх бурхны зурагтай 2 ширхэг каталоги байсан нь хулгайд алдагдсан гэх тул хулгайд алдагдсан гэх бурхны зурагтай 2 ширхэг каталоги байсан гэх газар 4 дугаар тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хэрэгт ач холбогдол бүхий ул мөр үзэхэд илрээгүй тул үзлэгийг цааш үргэлжлүүлэн сууцны хойд хэсэгт байрлах бор шаргал өнгийн бурхан тахил тавих зориулалт бүхий авдар түүн дээр шилэн нүүртэй бурхан тахилын эд зүйлс хийсэн шүүгээ мэт зүйл байх ба түүн дотор байсан шаргал өнгийн орчин цагийн метал бурхан байсан нь хулгайд алдагдсан байна гэх тул хулгайд алдагдсан бурхан байсан гэх газар 3 дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, хэрэгт ач холбогдол бүхий ул мөр үзэхэд илрээгүй тул үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд өрөөний баруун хойд хэсэгт байрлах номын тавиурын ертөнцийн зүгээр зүүн талд 1 ширхэг замд, бор шаргал өнгийн хулдаасан шалан дээр 2 ширхэг тамхины иш байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12/,
“Дамно” үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн БЗД3-21-309 дугаартай:
“орчин үеийн бурхан багшийн дүрс бүхий шармал бурхан 150.000 төгрөг, Монголын бурхан шашны урлаг, 2 боть зурагт катологи ном 491.913 төгрөг, нийт 641.913 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан, гэрэл зураг /хх-ийн 73-80/,
Шүүгдэгч З.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
Би тухайн өдрийг санахгүй байна, корона вирусын хөл хорионы үеэр Эрдэнэтолгойн антены ойролцоо байдаг хашаанд блокон байшинтай айлын цонхны салхивчийг нь түлхэн орж бурхны зурагтай 2 ширхэг том ном, бурхны сүвинер зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. Би тухайн айл руу ганцаараа орсон. Би хулгайлж авсан бурхныг Холбоотолгойд байдаг өндөр хүчдэлийн шон дээр тавьж орхисон. 2 ширхэг номыг шархадны 2 дугаар автобусны буудлын шархад явдаг талд нь дүү Алтангэрэлийн хамт явж байгаад нэрийг нь мэдэхгүй хоёр цагдаад хураалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Тэр өдөр айлын хаалгаар ороод авсан 2 ширхэг номыг тухайн үед 2 цагдаад хураалгасан, гуулин бурханыг 10.000 төгрөгөөр зарах гэсэн чинь хэн ч авахгүй байхаар нь хаячихсан. Гэхдээ би гэрээс нь авч гарсан болохоор эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулах болно. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би урьд дээрмийн гэмт хэрэгт 8 жил 1 сарын хорих ял аваад 2 жил биеэр эдлээд өршөөлд хамрагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/,
- хэв загвар, дээж авсан тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч З.Эын Баянзүрх дүүргийн шүүхийн 433 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-54/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 32-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх учир үнэн зөвд тооцлоо.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр байх бөгөөд хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хамтаар амьдран суух энэ объект нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Шүүгдэгч З.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч З.Э нь бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсэж хийгдсэн санаатай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэрэг нь учирсан хохирлоос хамаарах хэдий ч мөн гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн хэлбэр, үйлдэлийн аргад нь холбогдуулан хүндрүүлэн үзэх, ялгамжтай хариуцлага оногдуулах нөхцөл үүсдэг.
Шүүгдэгч З.Э нь хохирогч А.Дын амины орон сууцны вакум цонхны түгжээг эвдэн, хууль бусаар нэвтэрч, орчин цагийн бурхан багшийн дүрс бүхий шармал бурхан 1 ширхэг, Монголын бурхан шашны урлаг хэмээх 2 боть зурагт номыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Эыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримталлаа.
Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 641.913 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх учир шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах хуулийн боломжтой.
Уг боломжийг ашиглахын тулд тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ёстой бөгөөд тэрээр гэмт хэрэгт өөрийг нь холбогдуулан шалгаснаас хойш хохирол төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байгаа, хохирол төлөөгүй учир дээрх нөхцөл байдлыг шүүх хэрэглэх шаардлага үүсээгүй болно.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Өршөөл үзүүлэх тухай 19914 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч З.Э нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн байна.
Уг шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 3 жилийн ялыг өршөөн хасаж шийдвэрлэсэн байх тул З.Эт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Зын Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Эыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эоос 641.913 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д /ГЮ70011801/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ