| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 120/2020/0001/З |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-05-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 11
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х А У” ХХК
Хариуцагч: Ө а З д
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Х А У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х А У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х А У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х А У” ХХК-иас Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт гарган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж эрх авсан. Уг газар дээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх акт үйлдсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Эх Монголын байгаль” ХХК-тай Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр гэрээ байгуулан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг батлуулан, нарийвчилсан үнэлгээг хийлгэж дуусгасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2020 оны 02 дугаар улирал батлуулах үүрэг авч ажиллаж байна. “Х А У” ХХК-иас 20 га газар дээр 1800 м төмөр сараалжин хашаа, 1000 м2 албан конторын барилга, автомашины зогсоол, түлш түгээх бага оврын клонк барьж, гэрэлтүүлгийн ажил хийж, хөрөнгө оруулсан.
Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу “Х А У” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д шийдвэрийг хүчингүй болгох ажиллагаа байхад шүүхээс ямар нэгэн шийдвэр хүчингүй болгоогүй, харин Ханбогд сумын Засаг даргын захирамжийн дагуу олгогдоогүй байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “...утга агуулгын илэрхий алдаатай...”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй...” гэх илт хууль бус захиргааны акт гаргасан байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын А/1106 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” захирамж нь зөвхөн эрхийн гэрчилгээг л хүчингүй болгож байгаа. Харин Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дүгээр захирамжийг хүчингүй болгосон гэж үзэхгүй. Манайх гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулж байхад Гаалийн ерөнхий газраас танай газар эзэмших эрхийн гэрчилгээг Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1106 дугаар захирамжаар хүчингүй болгосон гээд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/251 тоот тушаал гарсанаар эрх ашиг хөндөгдсөн. Иймд газар эзэмших гэрээ хийгдээд, гэрчилгээ нь гараагүй учраас энэхүү гараагүй байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт болно.
Мөн уг газар дээр “Х А У” ХХК-иас тодорхой хөрөнгөө оруулж, бүтээн байгуулалт хийсэн, нийтийн эрх зүйн харилцаанд оролцогч “Х А У” ХХК-д эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүй үр дагавар үүссэн байхад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалаагүй.
Иймд Ө а З д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Х А У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/19 дүгээр захирамжаар гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг “Х А У” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон тул 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1106 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.
Ханбогд сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамжаар “Х А У” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “дуудлага худалдаа явуулж, газар олгох журам”-ыг зөрчиж олгосныг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” 4/3 дугаар зөвлөмжөөр “...2018 оноос хойш дуудлага худалдаа зохион байгуулаагүй олгосон болон 2 жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож дуудлага худалдаа зохион байгуулах” чиглэлийг аймгийн Засаг даргад ирүүлсэн.
Төрийн аудитын байгууллагын дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Х А У” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах болсон талаар аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1-2071 дугаартай мэдэгдлийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, тус компаниас 08 дугаар сарын 28-ны өдрийн 29/56 дугаар албан бичгээр санал, тайлбарыг авч, улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан болно.
Аймгийн Засаг даргын 2019 оны А/1106 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад “...эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, байршил, зориулалт, хэмжээг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн бөгөөд зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ бус Ханбогд сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамж гарснаар бий болсон бүхий л үр дагаврыг цуцалсан шийдвэр юм.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу 90 хоногийн дотор холбогдох ажиллагаа хийж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байх нь тухайн хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлж гэрчилгээ аваагүй байснаараа захиргааны актыг илт хууль бус болох шинжийг хангасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон үйлдлийг таслан зогсоох, үүний үр дагаврыг арилгах зорилготой бөгөөд тухайн шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулснаар нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болж захиргааны актын зорилго хангагдсан.
Нэхэмжлэгч “Х А У” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмших эрх олгосон захирамж гарснаас хойш 9 сар болоход газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулаагүй байсан. А/1106 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хавсралтаар хүчингүй болгоно” гээд хавсралтад жагсаагаад биччихсэн байдаг. Энэхүү захиргааны актын үндсэн зорилго нь Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дугаартай захирамжийг хүчингүй болгож байгаа захирамж юм. Газрын тухай хууль зөрчсөн нь “Х А У” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл биш юм. Аймгийн Засаг дарга доод шатны захиргааны байгууллагын хуульд нийцээгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Х А У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Х А У” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Х А У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна[1].
Анх Ханбогд сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/19 дүгээр[2] захирамжаар “Х А У” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчээс “аймгийн Засаг даргын 2019 оны А/1106 дугаар захирамж нь газар эзэмших эрх олгосон Ханбогд сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй. Харин огт олгогдоогүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт” гэж маргаж байна.
Маргаж буй Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1106 дугаар[3] захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримталж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа,... зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 3 хуулийн этгээдийн (“Х А У” ХХК) газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл сумын Газрын даамал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээтэй байхаар хуульчлан зохицуулжээ.
Харин маргаж буй акт гарах үед “Х А У” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй байсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар албан бичиг, гэрч Ж.Наранхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар[4] тогтоогдож байх ба энэ тухайд талууд маргаагүй болно.
Дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд “Х А У” ХХК-ийн “Гаалийн хяналтын талбай байгуулах төсөл”-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр[5] Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж хүргүүлсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан хугацаанд багтааж Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, улмаар эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй буруутай байх боловч энэ нь А/1106 дугаар захирамж гарах үндэслэл, шалтгаан болоогүй байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.
Уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл I) Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ II) бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй” байхаар байна.
Гэтэл маргаж буй захиргааны актад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсанаас үзвэл дээд шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад аймгийн Засаг дарга 2019 оны А/1106 дугаар захирамжаар бодит байдалд огт олгогдоогүй “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт болжээ.
Тодруулбал, Газрын тухай хуульд заасны дагуу дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг буюу Ханбогд сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамжийг хүчингүй болгох ёстой байтал газар эзэмших эрхийн гэрчилгээ (газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээ)-г хүчингүй болгосон нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай (эрх зүйн алдаатай) захиргааны акт гэж үзэхээр байна.
Түүнээс гадна тухайн үед Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулалгүй нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл болно. Мөн бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөл бүрдээгүй байсныг дурьдах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Ханбогд сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамж хууль бус, Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулаагүй “Х А У” ХХК-д газар эзэмшүүлсэн байсан. Үндсэндээ А/19 дүгээр захирамж буюу газар эзэмших эрхийг нийтэд нь цуцалсан” гэж мэтгэлцэн маргаж буй нь үндэслэлгүй байна.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.8-д “Баримт бичгийн тэргүү. Баримт бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн байвал зохино...” 2.3.9-д “Бичвэр. Баримт бичгийн утга санааг бүрэн зөв илэрхийлсэн байх, товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай байх, үг үсгийн болон хэл найруулгын алдаагүй байх...” гэсэн шаардлагууд тавигдсан байна.
Маргаж буй актын гарчиг буюу тэргүү нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэж, мөн бичвэр хэсэгт 1 дэх заалтад “...газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.
Үүнээс үзэхэд 2019 оны А/1106 дугаар захирамжаар шийдвэрлэсэн асуудлын агуулга нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэж тодорхойлогдож байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон гэх утга агуулгыг илэрхийлэхгүй байна. Газрын тухай хуульд газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох, эсхүл эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад А/1106 дугаар захирамжид “газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг” хүчингүй болгох гэж дурьдсан байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1106 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан эрх зүйн алдаатай захиргааны акт байх бөгөөд улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Х А У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасныг баримтлан “Х А У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Х А У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө а З дас 70200 төгрөгийг гаргуулж “Х А У” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
[1] Хавтаст хэргийн 167 дахь хуудас
[2] Хавтаст хэргийн 56-57 дахь хуудас
[3] Хавтаст хэргийн 58-59 дэх хуудас
[4] Хавтаст хэргийн 112, 188-189 дэх хуудас
[5] Хавтаст хэргийн 143-146 дахь хуудас