Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0048

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ..... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэглт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч эхэлсэн билээ. Манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн Х20150406991 дугаарт, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн Х201504061017 дугаарт тус тус бүртгэгдсэн юм. Улмаар өргөдөлд хавсаргах ёстой баримт бүрдүүлэн өгөх гэсэн боловч өргөдөл хүлээн авах мэргэжилтэн “Өргөдлийн талбай нь 104-р солбицлоос зүүн тийш байх тул буцаав” гэсэн тайлбар бичсэн 7 болон 10 дугаартай А5 формат хуудас бүхий тодорхойлолт өгөөд өргөдлийг буцаасан болно. Бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-д хандан дараах үндэслэл, утга бүхий гомдол гаргасан болно. Үүнд: Манай компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар танай байгууллагын үйлчилгээний дагуу тусгай төхөөрөмжийг худалдан авч бүртгүүлэн улмаар цахим дугаар авч 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сонгогдсон хуваарийн дагуу өргөдлөө бусад бичиг баримтын бүрэн гүйцэт материалын дагуу өгсөн ч 104 дүгээр солбицлоос зүүн тийш байх тул уг өргөдлийг буцаасан юм. Цахим өргөдлийн дугаар Х20150406991 болно.

Мөн манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн Х201504061017 тоот цахим дугаартай өргөдлийн материалыг ч дээрхийн мөн адил заагдсан хугацаанд нь хүлээлгэн өгөх гэсэн боловч буцаах тодорхойлолт өгөн хүлээн авч шийдвэрлээгүй юм. Өргөдөл гомдол гаргах эрхээ эдэлж чадахгүй байгаа болохоор энэхүү гомдол бүхий мэдэгдлийг илгээж байна. “104 дүгээр солбицлоос зүүн тийш өргөдөл өгч болохгүй” гэсэн хуулийн заалтыг Ашигт малтмалын хуулиас олж хараагүй тул хуулийн үндэслэлгүйгээр манай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна. Иймд манай дээр дурдсан хоёр өргөдлийн материалыг тус тус хүлээн авч зохих хуулийн үндэслэлтэйгээр яаралтай шийдвэрлэж өгнө үү.

Хариу мэдэгдлийг албан тоотоор авахыг хүсэж байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагч нь хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нийтлэг үүрэгтэй байна. Гэтэл хуулийг биелүүлэхгүй хууль бус шалтгаанаар манай өргөдлийг шаардлагатай баримт бичиг бүрэн байхад хүлээж авахгүй байгаа нь хууль биелүүлэх нийтлэг үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Гэтэл Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-н гарын үсэг, тамгатай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/2925 тоот албан бичгээр манай гомдолд дурдагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн байна.

Уг хариунд “Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан эмх цэгцтэй олгох үүднээс Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг уг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан болно. Олон нийтэд зарлан мэдээлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт юм. Дээрх шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн хагас буюу 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд өргөдөл хүлээн аваагүй болно. Иймд танай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн байна.

Манай компанийн зүгээс дараах үндэслэлээр бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүхий л хүмүүст адил тэгш үйлчлэх ёстой. Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагт 2015 оны 01 дүгээр сарын 26-аас ... оны ...-р сарын ... өдөр хүртэл зүүн хагас буюу 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд ... оны ... сарын ... өдрөөс ... оны ... сарын ... өдөр хүртэл үйлчилнэ гэсэн ямар ч хууль байхгүй байх. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага нь хуулийг өөрсдөө тайлбарлаж /хууль тайлбарлах эрх байхгүй/, Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийг цаг, хугацаа, бүсчлэлээр ялгаж үйлчлэхээр тайлбарлаж байгаа нь хуулийг завхруулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, хянан шийдвэрлэх зохицуулалт нь гагцхүү ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг билээ. Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурлаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах шийдвэр захиргааны актыг танилцуулаагүй юм. Хэрвээ уг хэвлэлийн бага хурлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-т заасан захиргааны актын талаар мэдээлэл өгсөн бол Төрийн ямар байгууллагын ямар эрх бүхий албан тушаалтны огноо, шийдвэрийн дугаарыг тодорхой танилцуулах байсан байх.

Гэтэл ийм акт байхгүй байхад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/2958 тоот албан бичигт уг хэвлэлийн бага хурлаар олон нийтэд зарлан мэдээлсэн нь захиргааны акт гэж үзэж байгаа нь ямар ч ойлгомжгүй байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийг 18 дугаар зүйл, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Манай компанийн зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдлийн бүртгэлийн Х201504066991 дугаарт, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн Х201504061017 дугаарт тус тус бүртгэгдсэн өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм” гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Цахим өргөдлийн бүртгэлийн Х20050406991 дугаарт 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж цахим өргөдлийн бүртгэлийн Х200504061017 дугаарт тус тус бүртгэгдсэн. Өргөдөлд хавсрагдах баримтуудыг гаргаж өгсөн боловч Ашигт малтмалын газраас 104 дүгээр өргөргөөс зүүн тийш гэсэн ямар нэг тушаал шийдвэр, захирамжилсан акт, журам болон шийдвэр гараагүй байдаг. Мөн тухайн өдөр программ руу орох эрх нь нээлттэй байсан. Бидний зүгээс зохих журмын дагуу өргөдлийг программд бүртгүүлж, программ өргөдлийг хүлээн авсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн3.1.4 “... захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна...” гэж заасан захиргааны акт болно. Иймд “Х” ХХК-иас гаргасан Х20150406991, Х201504061017 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кадастрын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа. Энэ 104 дүгээр өргөргийн зүүн хэсэгт хамааралгүй байсан. Энэ талаар Монгол Улсын дэд бүтэц ногоон хөгжил үзэл баримтлал хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох байдлаар нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг асуудлыг боловсруулан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэгт танилцуулан холбогдох чиглэлийг авч Ашиг малтмалын газар ажилласан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс нотлогдож байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар захиргааны акт гэдэг нь нийтийн захиргаа албан тушаалтны зүгээс амаар болон бичгээр бусад хэлбэрээр илэрхийлэгдсэн байна. Улсын дээд шүүхийн тайлбарт захиргааны эрх зүйн үр дагавар бий болгох захирамжилсан акт нөгөө талдаа эс үйлдэхүй гэсэн байдаг. Тухайн актын шинж чанарыг дурдахад захирамжилсан шийдвэр нэг удаагийн буюу бусад акт гэж байна. Гаргах субъект нь захиргааны байгууллага болон албан тушаалтан байна. Засгийн газрын хуралдаанаас өгсөн Уул уурхайн яамны танилцуулгаас захиргааны хэм хэмжээ тогтоосон захирамжилсан шийдвэр амаар, захирамжилсан шийдвэр нь захиргааны акт юм. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал зарлан 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт тусгай зөвшөөрлийг олгохоор нийтэд зарлан мэдээлсэн. Энэ мэдээллээр тодорхой хэмжээний сургалтыг зохион байгуулсан. Ашигт малтмалын газрын даргын 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 тоот тусгай заавар батлагдсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар зохицуулах гарын авлага, өргөдлийн цахимаар олгох зааварчилгааг аж ахуйн нэгжүүдэд сургалтыг 2 долоо хоног хийсэн. Олон нийтийн хэрэгслээр нээлттэй зарласан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт юм. “Х” ХХК-ийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 991 болон 1017 дугаарт гаргасан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй. Энэ нь хууль бус болохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ашигт малтмалын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Агентлаг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Төрийн үйлчилгээний үндсэн зарчим, төрийн үйл ажиллагаа жигд шуурхай, хүртээмжтэй мэргэшсэн хууль ёсыг сахих, үйл ажиллагаандаа тусгай зөвшөөрөл болон цахимаар өргөдлийг хүлээн авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хүртээмжтэй хийж гүйцэтгэсэн. Уул уурхайн компаниуд нийтээр баруун талын талбайд тусгай зөвшөөрлийг олгож байхад “Х” ХХК нь зүүн талбайд өргөдлийг өгсөн байдаг. Энэ нь бусад компаниудын эрх ашгийг хөндөж байна. Манай байгууллагаас үүнийг тооцоолоогүй байсан. Холбогдох дүрэм журмын зааварт заасан хариуг өгсөн байдаг.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х” ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Х20150406991, Х201504061017 дугаарын өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “... манай 2 өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмалын гзарын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодорхойлон, үндэслэлдээ “Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид хайгуулын тусгай зөвшөөрлийг бүсчилж олгох ... тухай зохицуулалт байхгүй.” гэж тайлбарлажээ.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солилцлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солилцлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн яамны сайдад үүрэг болгосон.

Уул уурхайн сайд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийг биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын дээрх 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжид нутаг дэвсгэрийн баруун талд буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлын зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар нотлогдож байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Агентлаг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Уул уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөх хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Уул уурхайн яамны сайд, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нар нь энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн, уг мэдээллийг олон нийт хүлээн авч, нутаг дэвсгэрийн баруун хагаст өргөдлөө гаргаж шийдвэрлүүлж байгаа болох нь хэрэгт хавсаргасан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийсэн телевизийн мэдээлэл, хэвлэлийн зардал, уг мэдээллийг өөрийн Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байршуулж мэдээлсэн зэргээс нотлогдож байна.

Энэхүү олон нийтэд мэдээлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан захиргааны акт болно.

... Баруун хагаст Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг шийдвэрлэх нийт хугацаанд 3000 гаруй өргөдөл ирсэн, харин зүүн хагаст зарлаагүй байхад нэхэмжлэгчтэй адил 21 компани л өргөдөл өгсөн.

Өргөдөл хүлээн авах мэргэжилтэн “Х” ХХК-ийн өргөдлийг хүлээн авахгүй буцаахдаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэл бүхий хариуг өгсөн мөн дээд шатны албан тушаалтан “... зүүн хэсгийн талбайд өргөдөл хүлээж аваагүй байгаа болно. ... өргөдлийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчиж, захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх ба уг өргөдлийг дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа үүсэхгүй юм.

Иймд,  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “Х” ХХК-аас шүүхэд хандаж “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Х20150406991, Х201504061017 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Ашигт малтмалын газар манай компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх ёстой байсан” гэх үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана” гэж заасныг зөрчиж, захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид өргөдлийг бүртгэж, хуульд заасны дагуу ажиллагаа хийх үүрэг үүсэхгүй бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 7 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй тухай тодорхойлолт”-уудыг нэхэмжлэгчид өргөдлийн хамт өгч, буцаасан нь хуульд нийцсэн байна.

            Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь хуульд заасан өргөдлийг хүлээн авах, бүртгэх журмыг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хүлээн авч, бүртгэхийг даалгасан нь үндэслэлгүй, тодруулбал нэхэмжлэгч нь нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хариуцагч бусад иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар түрүүлж ирсэн өргөдөл гэж үзэж бүртгэж, шийдвэрлэх боломжгүй юм.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгожээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаалаар Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцохыг нийтэд мэдээлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэн, Засгийн газрын тогтоолоор тогтоосон солбицол бүхий талбайд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн ил тод хариуцлагатай ажиллах болон сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах бэлтгэлийг нэн яаралтай хангахыг Ашигт малтмалын газарт даалгасан байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Агентлаг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Уул уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хэсэгт эхний ээлжид, дараа нь зүүн хэсэгт олгохоор зохион байгуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эмх цэгцтэй явуулах зорилгоор эхний ээлжид нутаг дэвсгэрийн баруун хэсэгт, дараа нь зүүн хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээр зохион байгуулж, энэ талаар өөрийн цахим хуудас болох www.mram.gov.mn –д 2015 оны 01 дүгээр сарын 14, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус байршуулж, нийтэд мэдээлсэн нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцож, нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлмэгц өргөдлөө өгч, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

            Иймд, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэн авч шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ