Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

 2022         01         10                                  2022/ШЦТ/181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,   

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Гын Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2320 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж явсан хууль сахиулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Цагдаагийн албаны 01-14 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шилийг гараараа цохиж хагалан 869.687 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2320 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Г нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 09 дугаар сарын 27-ны өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэхдээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны баруун талд зам дагуу цагдаагийн ахлах ахлагч Э.Алтанцөгц, дэд ахлагч Г.Чинбаатар нарын хамт хяналт шалгалтаар ажиллаж байсан. Шөнө 02 цагийн үед хар өнгийн 17-17 УБЧ улсын дугаартай Лексус arx 450 маркийн тээврийн хэрэгслийг би зогсоож Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, химийн хорт бодист хордсоны улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүний нэр, хаягийг тогтоох зорилгоор машин жолоодож явсан эмэгтэй Энхлэнг машинаас буулгаж цагдаагийн дэд ахлагч Г.Чинбаатар согтуурлын зэрэг шалгагч багажаар үлээлгэхэд 0.37 хувийн согтолттой гарсан тул албаны машин дотор сууж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Алтанцөгц жолоочийг машиндаа суулгаж материалжуулж дууссан. Тэгээд би тэр жолооч Энхлэн гэх эмэгтэйд хандаж машинаас эд зүйлээ ав, таны машиныг түр саатуулна гэхэд машин руугаа явсан. Тэгтэл хойно сууж явсан согтуу залуу бууж ирээд би явмаар байна гэж хэлэхээр нь та явж болно гэхэд чи явуулдаггүй хэн бэ гэж хэл амаар доромжилж хараагаад байхаар нь боль гэсэн чинь болихгүй өөдөөс дайрч давшлаад байхаар нь машинд хамт явсан эрэгтэй найз нь салгаж холдуулсан чинь уг Г миний араас гар утсаа шидэхэд албаны машин оноод газарт унасан. Тэгээд араас шууд барьж аваад эргэж хараад заамдалцахад миний камер газар унасан. Тэгээд би Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн”, 49.2.1-д цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон гэх заалтыг зөрчсөн тул гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоож тэвэрч аваад газар хэвтүүлж дарж, хоёр гарыг нь ард нь барьж машинд суулгасан. Тэгтэл Г согтуу гар утсаа нэхээд байхаар нь надад байхгүй гэхэд албаны машины баруун талын хойд талын салхины шилийг гараараа цохиж хагалсан. Түүний гар утсыг хамт явсан найз нь авсан байх. Ингээд тэр хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэхэд эрүүлжүүлэхээр авч явах үед машин дотор “намайг талхны мөнгө олох гэж ажилладаг биз дээ, намайг хараарай, мөнгөтэй хүн чадахгүй” гэх зэргийн зүйл ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн:

“... үзлэгийг цааш үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийн гадна талд хийхэд урд, хойд салхины шил, урд, хойд гупер, 2 ширхэг толь, урд, хойд их гэрэл 4 дугуй бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талын бариул байхгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талын бариул байхгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Тээврийн хэрэгслийн жолоочийн талын хойд хаалганы салхины шил хагарч шилгүй байх ба хагарсан цонхны шилний хагархай үйрмэг хэсэг хойд талын суудлын доор шалан дээр болон шалавчин дээр унаж цацагдсан байдалтай байв. Жолооч талын хойд хаалганы хагарсан цонхны хэмжээ урт 55 см, өндөр 33 см хэмжээтэй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05/,

 

Гэрч А.Алтанцөгцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... хар өнгийн 17-17 УБЧ улсын дугаартай Лексус arx 450 маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн ахлах ахлагч Б.Ба зогсоож шалгахдаа жолооч эмэгтэйг буулгаж дэд ахлагч Г.Чинбаатар согтуурлын зэргийг шалгагч багаж үлээлгэхэд уг эмэгтэй 0.37 хувийн согтолттой байсан. Ингээд тус машинд хамт явсан 2 эрэгтэй хүн байсан бөгөөд жолоочийн хажууд сууж явсан залуу уг эмэгтэйг хятад эм уусан гэж хэлсэн. Ингээд шалгаж байхад машины хойно сууж байсан согтуу эрэгтэй хүн бууж ирээд цагдаагийн ахлах ахлагч Б.Батай маргалдаж байхад хамт явсан жолооч эмэгтэй залуу хоёр түүнийг машиндаа суучих, боль гэж удаа дараа хэлсэн боловч цагдаа руу дайрч орилоод байсан. Тэгээд цагдаагийн ахлах ахлагч Б.Батай үүнийг түлхэж холдуулж замаас гаргаж маргалдаж байхыг харсан. Энэ үед нь би машин дотор өөр хүний бланк бөглөж байсан тул Б.Быг заамдсаныг анзаарч хараагүй. Ингээд машин дотор сууж байхад миний сууж байсан машины хаалга руу тас гээд юм шидэхээр нь харахад нөгөө согтуу залуу машин руу гар утсаа шидсэн байсан тул Ба түүнийг холдуулахад тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж дийлдэхгүй агсам согтуу тавиад байхаар нь түлхэж байгаад машинд суулгахад гар утсаа нэхэж орилж байгаад албаны машины зүүн талын хойд хаалганы салхины шилийг гараараа цохиж хагалсан. Ингээд Б.Ба хажууд нь шахаж суугаад хэлтэс дээр эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

Гэрч Г.Чинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

“... шөнийн 03 цагийн үед ахлах ахлагч Б.Ба 17-17 УБЧ дугаартай хар өнгийн машин зогсоож жолоочийг шалгахад эмэгтэй хүн бууж ирсэн. Би уг эмэгтэй хүний бичиг баримтыг шалгахад Б.Энхлэн гэдэг хүн байсан бөгөөд согтуурлын зэрэг шалгах багаж үлээлгэхэд 0.37 хувийн согтолттой байсан тул ахлах ахлагч А.Алтанцөгц миний дотор метариалжуулсан. Энэ үед Г гэх согтуу хүн бууж ирээд намайг явуул, яагаад саатуулаад байгаа юм бэ гэхээр нь би та явж болно гэж хэлэхэд машинтай явна гэж хэлсэн. Машин явах боломжгүй, түр саатуулна гэж хэлээд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэж заасны дагуу замын голоос гарах шаардлага тавьж гаргасан чинь буцаж ирээд ахлах ахлагч Б.Бад хандаж би том хүн, утсаар ярь, би том хүний хүүхэд гэх зэргээр согтуурхаж байсан тул түүний аюулгүй байдлыг хангаж ахлах ахлагч Б.Ба дахиж замаас гаргасан чинь эргэж хараад албаны машин руу гар утсаа шидэж Б.Ба руу дайрч энгэрээс нь заамдаж нүүр, цээж рүү цохисны улмаас нэг талын мөрдөс нь унаж, түүний энгэрийн камер газар унасан. Г.Г нь шаардлага эсэргүүцэж биед нь халдсан тул Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх заалтыг зөрчсөн тул Б.Ба бид хоёр түүний хоёр талаас барьж хоёр гарыг хойно нь гавлаж албаны машинд суулгасан. Г.Г нь миний гар утсыг аваад ир гэж орилж байгаад албаны тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг гараараа цохиж хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

Гэрч Б.Дөлгөөндалайгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тэр үед Энхлэн машин барьж явсан тул нэг цагдаад нь шалгуулж багаж үлээхэд согтуурлын зэрэг гарсан тул анкет, асуулга бөглөж машиныг ачуулна гэсэн тул гэрийнхээ түлхүүрийг цагдаагаас авахаар машиных нь хажууд зогсож байх үед Г машинаас бууж ирээд яагаад удаад байна гэж яриад байхаар нь буцаж машинд суулгахад удалгүй буцаж гарч ирээд том биетэй цагдаатай маргалдаад байсан тул цагдаагаас салгаж машинд суу гэхэд миний үгэнд орохгүй, машинд суухгүй байсан. Г цагдаатай маргалдаж байгаад гар утсаа шидэхээр нь би газраас авсан. Би буцаж цагдаагийн машин дээр асуулга өгч байсан Энхлэнтэй уулзаад байж байх хойно Г орилоод байхаар нь эргээд харахад цагдаа Гг газарт унагааж дээрээс нь дарсан байж байгаад цагдаагийн машинд суулгасан. Г гармаар байна гэж машины цонхыг цохиж байгаад хагалсан. Ингээд гар утсаа авмаар байна гээд байхаар нь цагдаад өгөх гэхэд өөртөө байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд хоёр цагдаа нь Гг суулгаж аваад явсан. Нэг цагдаа нь  бид хоёртой үлдэж машинаа ачуулаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч Б.Энхлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Г нь гэртээ харих боломжгүй байсан тул хүргэж өгөхөөр явсан. Гг гэрт нь хүргэж өгөхөөр Хом плазагийн зүүн талд явж байх үед замын цагдаа зогсоож шалгаж багажаар үлээлгэхэд согтуурлын зэрэг гарсан тул асуулга бөглөж, гарын үсэг зурж машиныг журмын хашаанд хийсэн. Энэ үед Г машинд сууж байсан боловч нэг харсан чинь бууж ирсэн цагдаатай яриад зогсож байсан. Би гарын үсэг зураад машиндаа орсон. Г орилоод байхаар нь харахад цагдаагийн машинд суулгасан байсан. Тэгээд өөр цагдаагаас түлхүүрээ авахаар яриад зогсож байх үед цагдаагийн арын хаалганы цонх хагарсан дотор нь Г суусан гар утсаа асуугаад байсан. Ингээд цагдаа нар Гг машиндаа суулгаад аваад явсан. Нэг цагдаа нь үлдэж машиныг ачуулж бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №9270 дугаартай:

Б.Бын биед нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25/,

 

Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Бын биед дух, баруун нүдний дээд зовхи гадна булан, баруун хацар, хамарт олон тооны зулгарал гэмтэлтэй байна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,  

 

Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №БЗ1-21-987 дугаартай:

“Зүүн  хойд хаалганы шил 450.000 төгрөг, зүүн хойд хаалганы шилний ком резин 379687 төгрөг, нийт 869.687 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Г.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн:

... би тэндээс нэлээн согтуу гарахад найз Дөлгөөндалай найз охины хамт намайг хүргэж өгөхөөр машинтайгаа явсан. Дөлгөөндалайгийн машиныг хэн барьж явсныг сайн санахгүй байна. Бид гурав явж байх үед цагдаа зогсоож удаад байсан. Тэгээд би юу болоод байгааг мэдэхээр машинаас буухад Дөлгөөндалай намайг машиндаа суу гэж хэлсэн. Цагдаагаас яагаад явуулахгүй байгааг асуусан. Тэгээд нэг мэдсэн нэг цагдаатай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт нэг машинд суусан байж байгаад буулгаач гэж хэлээд цонхыг нь гараараа цохиход хагарсан. Тэгээд эрүүлжүүлэхэд орсон...  гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

 

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 01/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08/,

- эд зүйл хүлээн авсан “Цагдаагийн энгэрийн дүрс бичлэгтэй 2 ширхэг диск баримтыг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 14 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, сиди-н хамт /хх-ийн 09-10/,

- цагдаагийн албан хаагчийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17/,

- хохирол төлсөн тухай цагдаагийн байгууллагын албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч Г.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 59-63/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн бол” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Ба нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчийн ажил эрхэлдэг байх тул түүнийг хууль сахиулагч гэж үзнэ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

           

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч Б.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг тус бүр бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүний энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу 01-14 УАМ улсын дугаартай Hyundai Venue суудлын тээврийн хэрэгсэлд Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн тайлангаар 869.687 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 925.000 төгрөгийг төлж барагдуулсан нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2022.01.10-ны өдрийн 27/33 дугаар албан бичгээр тогтоогдсон, гомдол саналгүй талаараа илэрхийлсэн болно.

Мөн хохирогч Б.Бад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг  тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

   Шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Гын Гг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Гг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 5.850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхгийг хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ