Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

2022        03         11                                  2022/ШЦТ/360

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Ж.Лхамрагчаа

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Massage chair ХХК-ий захирал ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Olimp village хотхон 201 дүгээр байрны 208 тоотод суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Э.Х .

Холбогдсон хэргийн талаар:

Э.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 28 тоотод хохирогч Ж.Лхамрагчаагаас 100 кг зөгийн балыг зээлээр авч, мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хгийн өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Лхамрагчаагийн “Хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Э.Хгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2018 оноос хойг Мишээл экспо худалдааны төв дээр хувиараа зөгийн бал зардаг байсан ... Би Ж.Лхамрагчаагийн гэрт очиж зөгийн бал авч байсан нь бол үнэн, хэдэн кг зөгийн бал авч байснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

            Хохирогч Ж.Лхамрагчаагийн “Би 2008 оноос хойш Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зөгийн балын аж ахуйн ажил эрхэлж байна. Манай эхнэр М.Уянга нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед надад хандаж зөгийн бал нийлүүлж болохоор Сагаг гэх нэртэй газар байна манайхыг хамтран ажиллах уу гэж байна чи нэг очиж уулзаач гэхээр нь би хэд хоног харж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр сургуулийн урд байх 4 дүгээр байрны 4 дүгээр орцны подвалд Сагаг нэртэй газрын ажлын түрээсийн байранд нь очиж Эрхэмбаярын Хулан гэдэг эмэгтэйтэй уулзсан. Уг эмэгтэйтэй уулзахад уг эмэгтэй нь надад өөрийнхөө үйл ажиллагааг тайлбарлаад тэгээд манай цехийн үйл ажиллагаа энд явагддаг юм. Одоо бид нар БНХАУ руу зөгийн балынхаа шил савандаа явах гэж байгаа, бид нар зөгийн бал нийлүүлэгчдээс 1 кг зөгийн 12.000 төгрөгөөр авдаг, би таныг байнга хамтаар ажиллана гэж бодоод 1 кг зөгийн балыг 15.000 төгрөгөөр бодож авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд би уг эмэгтэйтэй гэрээгээ хэрхэн хийх талаар ярилцахад Э.Х нь одоогийн байдлаар ямар ч мөнгөгүй байгаа та надад 400 кг зөгийн бал өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй эхлээд 100 кг зөгийн бал өгөхөөр болсон. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Э.Х нь өөрийн нөхөр Даваа-Очир гэх залууг дагуулж ирээд манай гэрээс 100 кг цэвэр зөгийн бал явсан ба тэр өдрөөс хойш 100 кг зөгийн балын мөнгө болох 1.500.000 төгрөгийг өгөлгүй алга болсон.  Би Э.Хд 100кг зөгийн бал өгсөн. Э.Х нь тус 100 кг зөгийн балыг манай гэрээс ирж авч явахдаа сав тус бүрээр нь жинлэж авсан. Тэр үед Э.Хд өгч явуулсан зөгийн бал болон савны зургийг дарсан байгаа. Мөн би тэр үед зөгийн бал өгч явуулж байхдаа өөрөө тэмдэглэл үйлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Гэрч М.Уянгын “Уг зүйл нь 2018 онд болсон юм, намайг фейсбүүк үзэж байхад фейсбүүк-д “Сагаг Зөгийн бал” гэх нэртэй фейж хуудсанд их хэмжээгээр яаралтай зөгийн бал авна гэсэн зар байршуулсан байсан. Тэгээд би тэр зарын дор коммент хэсэгт нь байна гэх сэтгэгдэл бичихэд тухайн фейжээс над руу чатаар та дугаараа явуулаач гэж бичсэн байсан. Тэгээд би утасны дугаараа үлдээхэд удалгүй над руу залгасан. Тэгээд би гар утсаа авахад эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй надаас танд хэдэн кг зөгийн бал байгаа талаар асуусан. Тэгээд би тэр хүнд надад их хэмжээгээр зөгийн бал байгаа талаар асуусан. Тэгээд би тэр хүнд надад их хэмжээгээр зөгийн бал байгаа чи харин хэдэн кг ийг авч чадах юм гэж асуухад. Би БНХАУ руу гэрээтэй зөгийн бал байнга гаргадаг надад 500 кг зөгийн бал эхний ээлжид хэрэгтэй байна гэж хэлээд надад байгаа зөгийн балыг үзэх санал тавьсан. Тэгээд би уг саналыг өөрийн нөхөр болох Ж.Лхамрагчаад хэлэхэд манай нөхөр Э.Хгийн зөгийн балын объектыг очиж үзсэн. Тэр үед би төрчихсөн нялх биетэй байсан учир манай нөхөр ганцаараа очиж үзсэн. Тэгээд манай нөхөр очиж үзээд зөгийн бал нийлүүлэх талаар ярилцаад 2018 оны 09 сарын 05-ны өдөр Э.Х нь манай гэрт ирээд 100 кг зөгийн бал жинлээд аваад явсан. Манай гэрт орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Харин зөгийн бал гэрээс авч гарахдаа гаднаас нэг залуу дуудаад зөгийн балаа өргүүлээд аваад гарсан. Би тэр үед цонхоороо харахад улаан өнгийн приүс 20 маркийн автомашинд манай гэрээс авч явсан зөгийн балаа хийгээд аваад явсан. Уг зөгийн балын төлбөр тооцоог Э.Х нь долоо хоногийн дараа таны данс руу мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэр үед зөгийн балын кг бүрийг 15.000 төгрөгөөр бодож өгсөн Э.Х нь зөгийн балын мөнгө гэж нийт 1.500.000 төгрөгийг өгөх байсан боловч мөнгө хийгээгүй тэрнээс хойш алга болсон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дугаар тал/,

Гэрч Я.Цэрэндуламын “2018 онд миний ажилладаг сөх болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 4 дүгээр орцны подвалын нэг өрөөг түрээсэлдэг байсан. Э.Х нь тус подвалд “Зөгийн балын үйлдвэр ажиллуулна гэж түрээсэлж байсан. Тус подвалд Э.Х нь бэлэн шилтэй хар хайрцагтай зөгийн бал подвалоос зөөгөөд машиндаа хийгээд явдаг байсан. Тэгээд 2018 онд тус подвалыг түрээсийн мөнгийг өгөлгүй ор сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Эд зүйл баримт бичгийг хүлээн авч, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн БЗД2-21-407 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.000.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхэд гаргаж өгсөн хохирогч Ж.Лхамрагчаад хохирлын мөнгө төлсөн тухай баримт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Э.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

Э.Хгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

Э.Хгийн хүүхдүүд болон дүү нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 160, 162-163/,

Э.Хгийн эхийн нас барсан гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/,

Э.Хгийн жирэмсэн, бие давхар талаарх баримт /хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 28 тоотод хохирогч Ж.Лхамрагчаагаас 100 кг зөгийн балыг зээлээр авч, мөнгийг дараа өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Ж.Лхамрагчаа, гэрч М.Уянга нарын мэдүүлэг, 100 кг зөгийн бал өгсөн талаарх баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ж.Лхамрагчаа, эхнэр М.Уянгын хамт хувиараа зөгийн балны аж ахуй эрхэлдэг байсан, М.Уянга нь цахим хэрэгсэл ашиглан зөгийн балны бизнес эрхэлдэг гэх Э.Хтай холбогдсон, Ж.Лхамрагчаа нь Э.Хгийн түрээслэн ажиллуулдаг цехэд очиж уулзсан, зөгийн бал нийлүүлж байхаар харилцан тохиролцсон, Э.Х нь Ж.Лхамрагчаагийн гэрээс 100 кг зөгийн балыг жинлэн авч явсан, мөнгийг дараа өгнө гэж хэлээд сураггүй алга болсон, хэрэгт Э.Х нь зөгийн балны мөнгийг өгсөн эсхүл санахгүй байна гэсэн байдалтай мэдүүлж оролцсон гэх үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр 1 кг зөгийн балыг 15.000 төгрөгөөр бодож 100 кг зөгийн бал өгсөн буюу 1.500.000 төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлсэн байхад эд зүйлийн үнэлгээ 2.000.000 төгрөг гэж бодит байдлаас зөрүүтэй гарсан байна.

Шүүгдэгч Э.Хгийн зүгээс шүүх хуралдаанаас өмнө сайн дураараа гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөгийг хохирогч М.Лхамрагчаад төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, учирсан хохирлын хэмжээ, төлсөн төлөгдсөн хохирлын хэмжээн дээр огт маргахгүй байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Э.Хгийн  үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

Залилах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан 1.500.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа тодорхой түрээслэн ажиллуулдаг газар үзүүлж, байнга их хэмжээгээр нийлүүлэлт хийж хамтран ажиллана, дараа нь мөнгийг өгнө гэж итгүүлэн үнэмшүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхтэй үг, үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан бөгөөд үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, нотлох баримтаар хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Э.Хг “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Лхамрагчаад учирсан хохирол шүүхийн шатанд төлөгдсөн тул Э.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           4. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Х нь  эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Хд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Хг гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаар солих зарчмаар хэрэглэхээр зохицуулсан байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан заавал хорих ял сонгон оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шаардлагагүй, нөгөөтээгүүр жирэмсэн эмэгтэйд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ялыг сонгон хэрэглэх нь тохиромжтой гэж үзэв.

Шүүгдэгч Э.Хгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Э.Хгийн жирэмсэн бие давхар байдал, бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажил орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бага, хор уршгийн шинж чанар байхгүй, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э.Х-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Э.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ