Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

                                                                                                                      

 

 

 2022        02         10                                   2022/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Эгийн Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 05 дугаар байрны 21 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Хыг бусадтай хардаж улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь хромон гутлаар цохиж эрүүл мэндэд нь дагз, зулайн хуйх, хоёр нүдний доод зовхи, хацар, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0121 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Бын хамт ажлынх нь шинэ жилд явахаар болоод бид хоёр 18 цаг өнгөрч байх үед Сөүл ресторанд очсон. 23 цагийн үед шинэ жил тараад гэр рүүгээ харих үед Бын ажлын хүн хүргэж өгөхөөр болоод машинд нь суугаад явж байх үед Б “чи миний шинэ жил дээр араар тавихгүй шүү” гэж хэлээд миний толгой руу цохисон. Ажлынх нь залуу “чи битгий эмэгтэй хүн цохиод бай” гэж хэлээд манай нөхөртэй хэрэлдсэн. Бид хоёрыг машинаасаа суулгаад өөрсдөө гэр рүүгээ харь гэж хэлсэн. Би нөхөртэйгөө гэр рүүгээ харих гээд такси барих санаатай гараа өргөөд байж байх үед надтай явахгүй гээд уурлаад машин замын голоор машинд дайруулчих гээд яваад байхаар нь би ганцаараа такси бариад Сөүл ресторан руу буцаж яваад гар утсаа аваад буцаад шөнө дунд 02 цаг болж байх үед гэртээ орох санаатай орц руугаа ороход Б орцонд сууж байхаар нь би гэрээ онгойлгоод гэртээ орсон. Гэртээ ороход Б хаалгаа хаагаад дахиад намайг гараараа цохиод авсан. Би Бтай ноцолдож байж гэрээсээ зугтаж гараад гадаа зогсож байгаад шөнө 04 цагийн үед буцаад гэртээ ороход Б унтаж байсан. Тэгэхээр нь би усанд ороод гараад ирэхэд Б сэрсэн байсан. Тэгтэл намайг “чи бузар биеэ ариутгасан юм уу” гэж хэлээд хромон гутлаараа миний тархи толгой, нүүр ам руу цохисон. Тэгээд би гэрээсээ гарч гүйгээд эгчийнхээ гэрт очоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 607 дугаартай:

“Д.Хын биед дагз, зулайн хуйх, хоёр нүдний доод зовхи, хацар, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15/,

 

Шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... миний хажуу талд үл таних хэдэн залуучууд манай хамтран амьдрагч Хыг 2 давхар руу нь алхаж байх үед нь нэг залуу гараараа заагаад тэр эмэгтэй ариун цэврийн өрөөний хажуу талын хувцас солих өрөөнд нэг залуутай секс хийж байсан гэж ярихад хажууд байсан залуучууд нь тэгвэл тэр эмэгтэйгээ дуудчих гэж яриад байхаар нь би Х дээр очоод гэр рүүгээ явъя гэж хэлээд дагуулаад ажлын 1 залуутайгаа хамт тухайн ресторанаас гараад явсан. Тэгтэл рестораны гадаа ажлын залуугийн эхнэр нь машинтай ирсэн байхаар нь Ургах наран хороолол руу хүргүүлэх санаатай хүргээд өгөөч гэж хэлэхэд Х бид хоёрыг хүргэж өгөхөөр болсон. Тухайн машинд явж байх үед Хын дотуур хувцас руу гараа хийхэд дотуур хувцас нь үрийн шингэн болсон нойтон болчихсон байхаар нь би “чи одоо миний шинэ жил болон намайг арай дэндүү доромжиллоо доо, чи тэр хүнээсээ хэдэн төгрөг авсан юм, аль эсвэл чи тийм донтой юм уу” гэж хэлэхэд “чи одоо юу хуцаад байгаа юм бэ, гөлөг чинь намайг юу гэж бодоод байгаа юм, тийм  зүйл байхгүй” гэж худлаа яриад байхаар нь Хын зүүн талын хацар руу нь гараараа нэг удаа алгадахад Х бид хоёрыг хүргэж өгч байсан ажлын залуу чи эмэгтэй хүнд гар хүрлээ чи машинаас буу гэж хэлэхээр нь би Хыг аваад машинаас буусан. Ажлын залуутай маргалдаад зогсож байх үед Х машинд суугаад яваад өгсөн. Би алхаад гэр рүүгээ харьсан. Намайг  гэртээ ирэхэд хүн байхгүй хаалга цоожтой байхаар нь орцонд сууж байхад шөнийн 02 цагийн үед Х ирээд бид хоёр гэр рүүгээ орсон. Гэрт ороод би хувцсаа тайлаад шууд орон дээр хэвтэж байх үед Х ариун цэврийн өрөө рүү ороод усанд ороод миний хажуугаар хэвтэхээр нь би тамхи татах гээд зөрж босоод ариун цэврийн өрөө рүү ороход Х дотуур хувцсаа угаагаад пааран дээр тавьсан болохоор нь уур хүрээд Х дээр очоод “чи намайг яаж доромжлох гээд байгаа юм” гэж хэлээд орны хажууд байсан хромон гутлаа аваад Хын нүүр болон толгой руу нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 34/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 35/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 36/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 37/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 38-47/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Хын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Хын биед дагз, зулайн хуйх, хоёр нүдний доод зовхи, хацар, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Э.Бад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Эийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ