Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

2022         03          21                                 2022/ШЦТ/414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00260 0364 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймаг Алтай суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоот 75 дугаар гудамжны 1033 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Амгалан хотхон 519 дүгээр байрны 96 тоотод үл ялих зүйлээр шалтаглан төрсөн дүү Б.Отгонхандын толгойн тус газарт гар утас утас болон гараараа цохих, хөлөн тус газарт өшиглөх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь духанд шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв,

Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “0.5 литрийн экс нэртэй архи 1 шил, 2.5 литрийн пиво авч Отгонханд, Балжмаа бид гурав жижиг өрөөнд суугаад 0.5 литрийн архийг би ганцаараа ууж манай хоёр дүү 2.5 литрийн пиво хувааж уусан тэгээд сууж байтал дүү Отгонханд ... хэл амаар доромжлоод байсан тул гартаа барьж байсан хар өнгийн Самсунг ноте 8 маркийн гар утсаа толгой орчимд нь шидсэн, толгой хэсгээс нь цус гарсан ба Отгонханд уурлаад миний толгой, нүүр орчимд гутлаараа хэд хэдэн удаа цохисон тэгээд би өөрийгөө хамгаалах зорилгоор Отгонхандыг гараараа цохисон гэхдээ биеийн аль хэсэгт нь цохисноо мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дугаар тал/,

Хохирогч Б.Отгонхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эгч Балжмаагийн гэрт жижиг өрөөнд бид гурав орж суугаад Балжмаа, ******* хоёр 0.5 литрийн 1 шил архийг хувааж уусан би архи уугаагүй, 2.5 литрийн 1 пиво уусан. Тэгээд сууж байгаад 00:00 цагийн орчимд ******* бид хоёр дэлгүүр гарч архи, согтууруулах ундаа авах гэсэн боловч дэлгүүр хаалттай байсан тул буцаж гэрт ороод жижиг өрөөндөө сууж байтал дахиад архи авъя гэхэд нь одоо унтаж амаръя гэж хэлэхэд эгч надад хандаж би чиний мөнгөөр архи авч уух гэж байгаа биш дээ гэж хэлээд миний толгой орчимд 2-3 удаа  цохисон тэгээд миний толгой хагарч цус гарсан тул өрөөнөөс гараад өрөөний үүдэнд гутлаа өмсөх гээд сууж байтал миний хөл орчим өшиглөхөд нь би *******ыг цааш нь түлхсэн, тэгээд бид 2 зууралдаж байгаад цаашаа яв гэж хэлэхэд зочны өрөөнд унтаж байсан манай 4 хүүхдийн хөнжлийг хуулаад бос, зайлцгаа, алуурчны хүүхэд гэх зэргээр хэл амаар доромжлоод намайг цээж, хөл рүү цохиж өшиглөөд байсан тул цагдаад дуудлага өгсөн. Би *******ын биед халдсан, зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 887 дугаартай “Б.Отгонхандын биед духанд шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Даваасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Амгалан хотхон 519 дүгээр байрны 96 тоотод үл ялих зүйлээр шалтаглан төрсөн дүү Б.Отгонхандын толгойн тус газарт гар утас утас болон гараараа цохих, хөлөн тус газарт өшиглөх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь духанд шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Б.Отгонханд, яллагдагч Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Отгонханд нар гэр бүлийн ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Б нь дүү Б.Отгонхандын нүүрэн тус газарт гар болон гараараа цохих, хөлөн тус газарт өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсан, Б.Отгонханд нь Б.Быг түлхэж унагасан, харилцан зууралдсан, шинжээчийн дүгнэлтээр Б.Отгонхандын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Б.Отгонханд нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан Б.Бын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд эгч дүүсийн харилцаатай хүмүүс ахуйн хүрээнд шөнийн цагаар архидан согтуурч, согтууруулан ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас үл ялих зүйлээс болж маргалдан биенээ үг хэлээр доромжилсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Б.Отгонханд нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэж, Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Б.Б нь торгуулийн ял оногдуулж өгөхийг хүссэнийг тус тус дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн гэх хохирол, хор уршгийн шинж чанар, эгч дүүсийн харилцаатай хүмүүс ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж үл ялих зүйлээр маргалдан нэгнийхээ биед хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ