Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/01190/и |
Дугаар | 2088 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2088
У.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 244 164 475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байр, 227 тоот хаягт байршилтай 88,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж нэг жилийн хугацаатай 70 000 ам.долларыг нэг сарын 2,5 хувийн хүүтэйгээр У.Батсууриас зээлсэн. Зээлдэгч М.Б нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн үндсэн зээлийн төлбөр болох 70 000 ам.доллараас 60 000 ам.долларыг эргүүлэн төлөөгүй, мөн өнөөдрийг хүртэл 24 188 275 төгрөгийн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч М.Б нь төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд иргэн М.Б-с зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60 000 ам.доллар буюу 147 531 000 төгрөг, хүүгийн төлбөр 24 188 275 төгрөг, алданги 72 445 200 төгрөг, нийт 244 164 475 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч У.Б-с 70 000 ам.долларын зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байр, 227 тоот 88,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 1 жилийн хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Тухайн зээлийн гэрээ байгуулах өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр У.Б-с 70 000 ам.долларыг бэлнээр хүлээн аваагүй.
Анх 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр У.Батсууриас 35 000 ам.долларыг 3 сарын 2,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 35 000 ам.долларыг бэлнээр хүлээн авсан. /тухайн үеийн Монголбанкны долларын ханш болох 1 773.96 төгрөгөөр тооцвол 62 088 600 төгрөгийг хүлээн авсан./ Зээлийн гэрээний 3 сарын хүү болох 2 625 ам.доллар буюу 3 081 645 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болох 35 000 ам.долларыг төлж чадаагүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч У.Б-с 25 000 ам.долларыг зээлж өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 35 000 ам.долларыг нэгтгэж 60 000 ам.долларыг тухайн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн мэтээр сарын 2,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Тухайн өдөр миний бие У.Б-с 60 000 ам.долларыг бэлнээр хүлээн аваагүй бөгөөд 25 000 ам.доллар /тухайн үеийн Монголбанкны ханш болох 1 824.65 төгрөгөөр тооцвол 45 616 250 төгрөг/-г л хүлээн авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд сар болгон 1 500 ам.долларыг төлдөг байсан бөгөөд 6 сарын хугацаанд 9 000 ам.доллар буюу 16 421 850 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 25 000 ам.долларын 2,5 хувийн хүү болох сарын 625 ам.доллар буюу 1 140 406 төгрөг, 6 сарын хугацаанд 6 842 437 төгрөг нь 25 000 ам.долларын зээлийн гэрээний 6 сарын хүүд төлсөн. Үлдэгдэл 9 579 412 төгрөгийг үндсэн зээлд төлсөн.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70 000 ам.долларыг тухайн өдөр бэлнээр хүлээн авч зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай сарын 2,5 хувийн зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр 70 000 ам.долларыг хүлээж аваагүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 35 000 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 25 000 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буюу 6 сарын хүү болох 10 000 ам.долларуудыг нэмж нэгтгэн 70 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч М.Б нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч доллар хүлээн аваагүй. Зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сар хүртэл 15 750 ам.доллар буюу 30 134 790 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн. Үүнээс хойш дансаар төлдөг болсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны данснаас У.Б-н эхнэр болох н.Баярчимэгийн 107400083735 дугаарын дансанд 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр У.Б-н Хаан банкны дансанд 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 000 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 950.3 төгрөгөөр тооцвол 19 503 400 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг, 10 000 ам.долларыг төлсөн. М.Б нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн У.Б-д 90 006 895 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.доллар авсан эсэх талаар нотлохоор шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч анх 35 000 ам.доллар, нэмж 25 000 ам.доллар, төлөөгүй хүүг 10 000 ам.доллар гэж тооцоод 70 000 ам.доллар болсон ба гэрээг нөхөн байгуулсан гэж зөвшөөрснөөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс харахад шинэ гэрээ биш өмнөх гэрээ гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Б-с зээлийн гэрээний үүрэгт 171 719 275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч У.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор судлалгүй, нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдlыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг бүрэн гүйцэд хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглээгүйн улмаас шүүгчийн гаргасан шийдвэр буюу захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 60 000 ам.доллар буюу 147 531 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 24 188 275 төгрөг, үндсэн зээлийн алдангийн төлбөр 30 000 ам.доллар буюу 72 445 200 төгрөг, нийт 244 164 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан боловч шүүгчийн захирамжаар зөвхөн 171 719 275 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн гүйцэд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж "талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Зээлдэгч нь зээлдүүлэгчээс 70 000 ам.долларыг авч түүнийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлсээр байгаа тохиолдолд талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр хуульчилсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар зээлдүүлэгч У.Б нь зээлдэгч М.Б-д анх 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 35 000 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 25 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 05-нд 10 000 ам.доллар тус тус шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Улмаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрийг төлж чадаагүй тул талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгасаар хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай сунгасан.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч "2015 оны 6 дугаар сарын 18-ны гэрээ байгуулагдсанаараа иргэн М.Б-д ямар эрх, үүрэг үүсч байгаа вэ?" гэж хариуцагчийн төлөөлөгчөөс асуухад "Энэ гэрээ өмнөх зээлийн гэрээнүүдийн сунгалт гэж ойлгосон" гэж хариулснаар хариуцагч тал нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний харилцааны сунгалт гэдгийг бүрэн хүлээн зөвшөөөрсөн.
Мөн даргалагчаас "Ямар гэрээний үүргийг энэ нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа вэ? гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч "Гурван гэрээний асуудал яригдаж байгаа, энэ бол өмнөх гэрээнүүдийн үргэлжлэл, гэхдээ эцсийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр байгаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж байна" гэж хариулсан байдаг. Гэхдээ шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний хэлсэн, мэдүүлсэн зүйлийг бүрэн бүтнээр нь тусгалгүй зөвхөн "2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж байна" гэсэн мэтээр "Гурван гэрээний асуудал яригдаж байгаа, энэ бол өмнөх гэрээнүүдийн үргэлжлэл, гэхдээ эцсийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр байгаа" гэж хэлсэн хэсгийг хассан байгаа нь мөн л талуудын хоорондын зээлийн гэрээний харилцааг зөвхөн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний хүрээнд ойлгон хэргийг шийдвэрлэхийг зорисон болохыг нотлон харуулж байгаа юм.
...Хариуцагч зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үндсэн төлбөрөөс 10 000 ам.долларыг төлсөн, мөн уг зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөрийг төлж байсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэхэд М.Б үндсэн зээлийн төлбөрөөс 60 000 ам.долларын үлдэгдэлтэй, хүүгийн төлбөрөөс 20 500 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн зэргээс үзвэл талууд хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болохыг зээлдэгч М.Б хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлтэй юм. Мөн талууд харилцан тохиролцож, хэн нэгний дарамт шахалтад авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр зээлийн гэрээг байгуулж түүнийгээ бодит үйлдлээрээ биелүүлж хэрэгжүүлсэн, гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг хариуцагчийн төлөөлөгч болон анхан шатны шүүхийн шүүгч ямар ч баримт нотолгооны үндэслэлгүй үгүйсгэж байгаа нь шударга ёсны зарчим болон иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс шууд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж үзэж байна. Учир нь дээр дурдсанчлан талуудын мэдүүлснээр 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан, талуудын хүсэл зоргийн илэрхийлэл буюу гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага нь өмнөх зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх байсан. Гэтэл шүүгч уг хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлан шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй болсон. Зээлдэгч М.Б нь зээлийн гэрээний 2,7 дахь заалтын дагуу 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хоног тутамд зээлдүүлэгч талд 60 000 ам.долларын 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүрэгтэй бөгөөд үүний дагуу нийт 331 хоногийн алдангийн төлбөр 99 300 ам.доллар төлөх байсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул зээлдэгчийн эргүүлэн төлөөгүй 60 000 ам.долларын 50 хувьтай тэнцэх буюу 30 000 ам.доллартай тэнцэх хэмжээний алдангийн төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн.
Шүүх тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар "шийдвэр" гаргах журамтай атал "захирамж" гаргаж байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, иргэн М.Б-с зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60 000 ам.доллар буюу 147 531 000 төгрөг, хүүгийн төлбөрт 24 188 275 төгрөг, алдангийн төлбөрт 72 445 200 төгрөг, нийт 244 164 475 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч У.Б хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 244 164 475 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 35 000 ам.долларын, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 60 000 ам долларын, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 70 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 000 ам.доллар хүлээлцсэн тухай баримт авагдсан байна. /хх-5-6, 17-18, 20 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.долларыг, орон сууцаа барьцаалж, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн гэж тодорхойлсон, хариуцагч татгалзлаа нэхэмжлэгчээс 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 35 000 ам.доллар зээлсэн, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 25 000 ам.доллар зээлсэн, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 6 сарын хүү 10 000 ам.долларуудыг нэмж нэгтгэн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 70 000 ам.долларыг аваагүй, нэхэмжлэгчид бэлэн болон бэлэн бусаар 90 006 895 төгрөг төлсөн гэж тайлбар гарган мэтгэлцжээ. /хх-15-16 дугаар тал/
Зохигчид эхний 2 зээлийн гэрээний дагуу /35 000+25 000/ 60 000 ам.доллар зээлдүүлсэн талаар маргахгүй, харин сүүлийн зээлийн гэрээний дагуу 70 000 ам.доллар шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар маргаж байна. Хэргийн 35 дугаар талд мөнгө хүлээлцсэн тухай баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр У.Б, М.Б-д 10 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхдээ уг 10 000 ам.долларыг хүлээлгэн өгсөн тухай талууд баримт үйлдсэн бөгөөд уг баримтыг үгүйсгэж няцаасан баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.
Түүнчлэн, хэргийн 36-37 дугаар талд зээлдүүлсэн 70 000 ам.долларыг удаа дараа сунгаж байсан сунгалтын баримтууд, хэргийн 8 дугаар талд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн тухай акт авагдсан байх бөгөөд уг актаар талууд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 60 000 ам.доллар, зээлийн хүү 20 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг хооронд харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчээс хариуцагч нь 3 удаа зээлийн гэрээ байгуулж 70 000 ам.долларыг бэлнээр хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд дээрх зээлийн гэрээгээр зохигчид зээлийн хүү болон алдангийн талаар тохиролцож байсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүх буруу дүгнэлт хийснийг залруулах боломжтой.
Талууд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд өмнөх 3 зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 70 000 ам.доллар дээр энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг тохиролцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл болон зээлийн хүүг шаардах эрхтэй.
Зохигчдын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнөх 3 зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 70 000 ам.долларыг нэгтгэж байгуулсан байх тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Хэргийн 8 дугаар талд авагдсан талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн баримтад М.Б, У.Б-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар зээлийн үлдэгдэл 60 000 ам.доллар, зээлийн хүү 20 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн байна. Энэхүү баримтыг няцаасан баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй болно.
Зохигчид удаа дараа зээлийн гэрээ байгуулахдаа хүү тооцох нөхцлөө өөрчилж, үндсэн зээлийн төлбөр хэд болох, хүү хэд байх талаар тооцоо нийлсэн байх тул зээл, зээлийн хүү 168 310 000 төгрөгийн төлбөрөөс илүү алданги шаардах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрх тооцоо нийлсэн баримтыг үндэслэж зээлийн үлдэгдэл 60 000 ам.доллар буюу 147 531 000 төгрөг, зээлийн хүү 20 500 000 төгрөг, нийт 168 031 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулж олгох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 133 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Түүнчлэн, талуудын хооронд зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205055269 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж 6 дугаар байр 227 тоот хаягт байрлах 3 өрөө, 88.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь бэлнээр ам.долларыг хүлээн авсан өдрийн ханшаар тооцно гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гадаад валютаар илэрхийлж гаргасан тул тухайн өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсоор ханшаар тооцох учиртай.
Анхан шатны шүүх шийдвэрийг шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудас дээр хэвлэж гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Энэ нь техникийн шинжтэй алдаа болохыг дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-с 168 031 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 76 133 475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж дугаарлан,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205055269 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж 6 дугаар байр 227 тоот хаягт байрлах 3 өрөө, 88.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “төлүүлсүгэй” гэснийг “төлүүлж, хариуцагч М.Б-с 998 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч У.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 086 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ