| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 151/2018/00478/И |
| Дугаар | 001/ХТ2020/00260 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2020/00260
Н.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Н.Б-
Хариуцагч: М.А-
Хариуцагч: Г.М-
110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч М.А-гийн төлөөлөгч С.Баясгалан, Г.М-гийн төлөөлөгч Д.Батхуяг, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би М.А-тай 2015-04-30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-уул дүүргийн ...-р хороо, ... байрны .. тоот, өөрийн өмчлөлийн орон сууцыг 110,000,000 төгрөгөөр түүнд худалдахаар тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өмчлөх эрхээ шилжүүлэн өгч, 2015-09-20-ны өдрийн дотор орон сууцыг М.А-д хүлээлгэн өгсөн. Би М.А-гаас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан ч худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд М.А-гаас дээрх гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбараас харахад төлбөрийг Г.М- хамтран хариуцах ёстой гэжээ.
Хариуцагч М.А- тайлбартаа: Би Г.М-гаас авлагатай байсан бөгөөд тэр төлбөртөө Хан-уул дүүргийн, ...-р хороо, ... тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Н.Б-гээс шилжүүлэн авахыг санал болгосон. Би 2015-04-30-ны өдөр Н.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг 110сая төгрөгөөр үнэлсэн. Г.М- нь М.Е-ээс авлагатай байсан тул өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, М.Е- өөрийн эзэмшлийн 3 га газраа М.А-гийн авсан орон сууцны төлбөрт шилжүүлэх, Н.Б- нь орон сууцны төлбөрт шилжүүлэн авахыг тус тус хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн. Улмаар Н.Б-гийн хүсэлтийн дагуу түүний компани болох ... Соурсе ХХК-д газрыг 2015-05-13-ны өдөр шилжүүлэн өгсөн, 2015-05-26-ны өдөр М.А- орон сууцыг шилжүүлэн авсан. Газар болон орон сууцаа хэн аль нь шилжүүлснээр үүргийн харилцаа дуусгавар болж гэрээний үүрэг хангагдсан бөгөөд 2 жилийн дараа 110сая төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М- тайлбартаа: М.А-д өртэй байсан, тэрээр өр төлбөрөө найз М.Е-ийн өмчлөлийн Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах З га газар өгч барагдуулсан. Н.Б- нь өөрийн орон сууцыг М.Е-ийн газраар сольж, уг орон сууцыг Г.М- М.Е-ээс авах ёстой өрөндөө тооцон авч, мөн М.А-д төлөх ёстой өрөндөө шилжүүлж өгсөн. Н.Б- нь өөрийн компанийн нэр дээр газрыг шилжүүлж авъя гэсний дагуу түүний ... Соурсе ХХК-д газрыг 2015-05-13-ны өдөр М.Е-ээс шилжүүлэн өгсөн. Ингээд дээрх өр, авлага барагдуулсан тухай хэлцлийг М.Е- болон М.А- нар бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Н.Б- нь орон сууцаа М.Е-ийн газраар сольж авчихаад 2 жилийн дараа орон сууцныхаа үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүйгээс газар эзэмших эрх хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б-гийн нэхэмжлэлтэй М.А-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.Б- нь Г.М-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШЗ2018/03193 дугаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаар магадлалаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч..” гэсний урд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар..” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрийг бэлнээр төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ А- гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлсээр байтал газраар төлж барагдуулахаар тохиролцсон гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Газраар төлж барагдуулахаар тохиролцсон тухай нэхэмжлэгчээс нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд харин шилжүүлж өгсөн гэх газар нь Н.Б- гэх хувь хүнд хамааралгүй, хэрэв тэгж тохиролцсон бол Н.Б-д шилжүүлэх ёстой байсан гэж тайлбар гаргасан байтал анхан шатны шүүхээс “... М.А-гийн хувьд Н.Б-д гэрээний үүргийн дагуу шилжүүлэн өгөөгүй ...” гэж шаардсан мэтээр дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “... Н.Б- нь ... Соурсе ХХК-ийн захирал гэдэгт маргаагүй. Харин хариуцагч талын дээрх татгалзлын үндэслэлийг эс зөвшөөрч “... М.Е-тэй хамтран ажиллахаар болж түүний эзэмшлийн газрыг ... Соурсе ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан ...” гэх тайлбараа ... хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй баина ...” гэж дүгнэн хэрэгт цугларсан нотлох баримтыг хариуцлагатай үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2015-05-13-ны өдөр байгуулагдсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд ... Соурсе ХХК-д шилжүүлж байгаа газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 1-р зүйлд маш тодорхой бичсэн. Үүнтэй холбоотой нотлох баримт 1-р хавтаст хэргийн 164 талд авагдсан байтал баримтаар нотлоогүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улмаар магадлалд нотлох баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн мөртлөө “... М.Е-ийн эзэмшлийн 3 га газар Н.Б- захиралтай ... Соурсе ХХК-ийн эзэмшилд тус тус шилжжээ ...” гэсэн нь гаргасан дүгнэлтээ нэг өгүүлбэрийн дараа үгүйсгэсэн дүгнэлт гаргасан нь давж заалдах шүүхийн шийдвэр яаж гардаг нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх М.Е-, Г.М-, М.А- нар хоорондоо өр, төлбөртэй байсан, төлбөр төлөх үүргээ М.Е-ийн эзэмшлийн газар, Н.Б-гийн өмчлөлийн орон сууцыг бие биедээ шилжүүлэх замаар төлбөрт тооцож барагдуулахаар тооцсон байна гэж дүгнэн тэдний хооронд хэзээ, хэрхэн хийгдсэн нь мэдэгдэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн байхгүй, ямар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тодорхойгүй, нотариатаар батапгаажуулаагүй баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна (I дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал). Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг оролцуулалгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцоод байгаа гэрээг шүүхээс үнэн зөв бодитой гэж үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба ийм шийдвэр гаргаж байгаа шүүгчийн ур чадвар, мэдлэг боловсролд эргэлзэж байна. Хэрэв хариуцагчийн мэдүүлээд байгаа үнэн бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг оролцуулан энэхүү гэрээгээ байгуулах ёстой байсан. Ийм гэрээ байгуулагдах байсан бол хэзээ ч өөрийн хөрөнгөө эдгээр хүмүүст худалдахгүй байсан болно. Ийм гэрээ байгуулагдан миний хөрөнгийг өр, төлбөртөө өгсөн гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасаныхаа дараа мэдээд маш их гайхаж цочирдсон болно. Улмаар миний хөрөнгийг худалдан авах нэрийдлээр намайг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг ойлгосон ба авлигын гэмт хэргийн асуудал ч байж магадгүй юм. Гэрч М.Е-ээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ өөр олон хүний өр төлбөрийн асуудал байдаг гэсэн байдаг бөгөөд дан ганц М.Е-ийн өр төлбөр биш гэдэг ба дээрхи 3 этгээдийн хооронд хийгдсэн гэрээ бодитой биш гэдэг нь нотлогддог. М.Е-ээс ... Соурсе ХХК-д 3 га эзэмшил газрыг шилжүүлснийг худалдан, худалдан авах гэрээний дагуу Н.Б-д шилжүүлсэн мэтээр ташаа дүгнэсэнд гомдолтой байна. Дахин хэлэхэд М.Е- болон ... Соурсе ХХК-ийн хооронд үүссэн харилцааг Д.А- болон Н.Б- нарын хооронд үүсэн харилцаанд хольж хутган хооронд нь холбох гэж ядсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх М.Е-, Г.М-, М.А- нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдор байна гэж дүгнэсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа энэхүү гэрээнд өмчлөгч талыг оролцуулалгүй хийсэн тухай давж заалдах гомдолдоо хангалттай дурьдсан болно. Шүүхээс нэхэмжлэгчээс зөрүүтэй тайлбар гаргадаг, орон сууцны төлбөрийг газар эзэмшүүлэх эрх шилжүүлж барагдуулсан гэх тайлбарыг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч нэхэмжлэгчээс анхнаасаа гэрээний дагуу төлбөрөө шаарддаг, хариуцагч төлбөрийг нь төлөөгүй, Г.М- мэднэ гэдэг, Г.М- М.Е- мэднэ гэдэг. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу газраа шилжүүлэн өгөөгүй гэсэн шаардлага огт гаргаагүй, шилжүүлсэн гээд байгаа газар нь ... Соурсе ХХК-тай холбоотой, Н.Б-д шилжүүлэн өгсөн зүйлгүй гэж тайлбар гаргадаг байтал гэрээний дагуу газраа Н.Б-д шилжүүлэн өг гэсэн шаардлага гаргасан мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар орон сууцны төлбөрийг төлсөн талаар ямар ч баримт байхгүй байтал төлбөрийг төлж дуусгасан байна, гэрээний үүргээ гүйцэтгэсэн байна, гэрээ дуусгавар болсон байна гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхээс М.Е-ийн гэрчийн мэдүүлэг өгснийг хэтэрхий нэг талд үйлчлэн дүгнэсэнд гомдолтой байна. Хөрөнгө оруулах талаар тохиролцоог үндэслэн газар эзэмших эрх шилжүүлсэн гэж тайлбар гаргасаар байтал бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Б- 2018-04-16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, М.А-, Г.М- нараас 110,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “... 2015-04-30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн орон сууцыг М.А-д худалдсан ч мөнгөө аваагүй...” гэж тайлбарласан байна.
М.А- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Г.М- Н.Б-д газар өгч түүний орон сууцыг надад өгөхөөр тохирсон... М.Е- Г.М-д өртэй байсан бөгөөд өрөндөө өөрийн эзэмшлийн 3 га газрыг Г.М-гийн хэлсэн ёсоор Н.Б-д өгсөн, Н.Б-гийн хүсэлтээр газрыг түүний ... Соурсе ХХК-д шилжүүлснээр орон сууцны үнэ төлөгдсөн...” гэсэн агуулга бүхий үндэслэл зааж, маргажээ.
Г.М- нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...М.Е- надад өр төлбөртөө тооцон З га газрыг Н.Б-д өгч, Н.Б-гээс оронд нь орон сууц авч М.А-д төлбөртөө тооцон өгсөн... газрыг Н.Б- өөрийн компанийн нэр дээр авсан...” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...М.Е- Г.М-д, Г.М- нь М.А-д өр, төлбөртэй байсан... М.Е-ийн эзэмшлийн газрыг Н.Б-гийн өмчлөлийн орон сууцны төлбөрт шилжүүлэх замаар төлбөрт тооцоог дуусгахаар М.Е- Г.М-, М.А- нар тохирсон... орон сууцыг 110 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг М.А-, Н.Б- нар байгуулж М.Е-ийн эзэмшил газрыг нэхэмжлэгчийн ... соурсе ХХК-д, орон сууцыг М.А-д тус тус шилжүүлсэн байх ба үүнийг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдаа гаргасан..” гэсэн үндэслэл заажээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “... А- байрны төлбөр төлөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон... ... Соурсе ХХК-д газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон нь тодорхой байгаа ... гаргасан дүгнэлтээ шүүх үгүйсгэсэн... хэзээ, хэрхэн хийгдсэн нь мэдэгдэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн байхгүй, ямар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тодорхойгүй, нотариатаар баталгаажуулаагүй баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна... үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг оролцуулаагүй... ийм гэрээ байгуулагдах байсан бол хэзээ ч өөрийн хөрөнгөө эдгээр хүмүүст худалдахгүй байсан... М.Е-ээс ... Соурсе ХХК-д 3 га эзэмшил газрыг шилжүүлснийг худалдан, худалдан авах гэрээний дагуу Н.Б-д шилжүүлсэн мэтээр ташаа дүгнэсэнд гомдолтой... харилцааг ...хооронд нь холбох гэж ядсан шийдвэр гаргалаа...М.Е-, Г.М-, М.А- нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэнг зөвшөөрөхгүй... нотлох баримт гаргаагүй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй... ... Соурсе ХХК-тай холбоотой, Н.Б-д шилжүүлэн өгсөн зүйлгүй гэж тайлбар гаргадаг байтал гэрээний дагуу газраа Н.Б-д шилжүүлэн өг гэсэн шаардлага гаргасан мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой... гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлийн талаар
а/. 2015-04-30-ны өдрийн гэрээнд Н.Б- нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны ... байр, .. тоот /цаашид .. тоот орон сууц гэх/ орон сууцыг худалдах, М.А- 110 сая төгрөгөөр худалдан авах талаар заасан байх бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэл болгожээ.
Хоёр шатны шүүх Н.Б-, М.А- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, .. тоот орон сууц нь нэг хүний буюу Н.Б-гийн өмчлөлд байсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн 2013-12-26-ны өдрийн бүртгэл, талуудын тайлбараар тогтоогдсон ба уг эд хөрөнгийг нэхэмжлэгч нь М.А-д 2015-05-26-ны өдөр шилжүүлж өгч, улсын бүртгэл хийгдсэн байна.
.. тоот орон сууц М.А-гийн нэр дээр бүртгэгдсэн тул 2015-04-30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ Н.Б- биелүүлсэн гэж үзнэ.
б/. “...худалдан авагч М.А- 2015-04-30-ны өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 110 сая төгрөгийг төлөөгүй..” гэж Н.Б- маргасан боловч энэ нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан болохыг дээр дурдсан бөгөөд 2015-04-30-ны өдрийн гэрээгээр 110 сая төгрөг төлөх үүрэг гүйцэтгэгч нь М.А-, үүрэг гүйцэтгүүлэгч нь Н.Б- юм.
Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө М.А- нь 110 сая төгрөгийн оронд газар эзэмших эрхийг шилжүүлэн өгч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж марган энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Тодруулбал, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө М.Е-, Г.М-, М.А- нарын хийсэн 2015-04-28-ны өдрийн гэрээг эхээр нь шүүхэд өгчээ. 2015-04-28-ны өдрийн уг гэрээнд “... М.Е-, Г.М-, М.А- нар харилцан тохиролцон энэхүү гэрээг байгуулав...1.энэхүү гэрээгээр талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг зохицуулав...2.М.Е- нь Г.М-д өгөх ёстой өглөг, мөн Г.М- М.А-д өгөх ёстой өглөгийг М.Е-ийн нэр дээрх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 4-р баг Ханан уулын баруун талд байрлах газрын эрхийг Б-гийн нэр дээрх бүртгэлтэй... 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцов...М.Е-ийн нэр дээрх 3 га газар Б-гийн нэр дээр шилжин бүртгэгдсэнээр М- М.Е-ээс авлагаа авсанд тооцох, Б-гийн нэр дээрх 2 өрөө орон сууц А-гийн нэр дээр шилжин бүртгэгдсэнээр Манданнаран нь А-д өглөгөө өгч дуссанаар тооцох..3.гэрээний 2-т заасныг үндэслэн М.Е-ийн нэр дээрх газрын эрхтэй холбоотой асуудал А-д шилжсэн болно...4. Орон сууц болон газрын эрх шилжин бүртгэгдсэнээр гэрээ дуусгавар болно.5. Талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.... М.Е-, Г.М-, М.А- нар...” /хх1-н 167/ гэжээ.
Түүнчлэн, 2015-05-13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-р Төв аймгийн Сэргэлэн сумын Ханан уулын урд 3 га газар /цаашид газар гэх/-г М.Е- нь ...соурсе ХХК-д шилжүүлсэн /хх1-н 164/ бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2015-05-13-ны өдрийн 4/158 тоот шийдвэрийг үндэслэн мөн өдөр нэг талаас газрын даамал, нөгөө талаас Н.Б- нар гэрээ байгуулж газрыг “... зуслан”-н зориулалтаар ...соурсе ХХК-д эзэмшүүлэх /хх1-н 162-163/-р тохирч, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2015-05-13-ны өдөр олгогдсон /хх1-н 165-166/ байх ба үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
М.Е-, Г.М-, М.А- нарын хийсэн тохиролцооны дагуу Н.Б- нь М.А-гаас авах 110 сая төгрөгийн оронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах 3 га газрыг М.Е-ийн эзэмшлээс өөрийн ...Соурсе ХХК-д шилжүүлэн авсан байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.
Иймд 2015-04-30-ны өдрийн гэрээгээр 110 сая төгрөг төлөх худалдан авагч М.А-гийн үүрэг дуусгавар болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчихгүй юм.
2015-04-30-ны өдөр Н.Б-, М.А- нар худалдах-худалдан авах гэрээний 3-т “..төлбөрийг 2015-04-30-ны өдөр төлж дуусгасан тул өмчлөх эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно...” гэж тусгасан нь үндэслэлтэй байна.
в/. Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн газартай холбогдуулан өгсөн гэрч М.Е-ийн мэдүүлэг хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна.
М.Е- нь Г.М-д өр төлбөртэй байгаагүй ба өөрийн газрыг үнэ төлбөргүй нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх зэргээр мэдүүлсэн бөгөөд шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт буй бусад баримттай харьцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Тухайлбал, 2015-04-28-ны өдөр гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй шалтгааныг гэрч М.Е- нь “... энэ асуудал Б-д хамаагүй...” гэж тайлбарласан /хх2-н 98-99/-с үзвэл Г.М-, М.А- нартай хийсэн тохиролцоогоо М.Е- үгүйсгээгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Иймд шүүх М.Е-ийн мэдүүлгийг хэрэгт буй бусад баримттай харьцуулан нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцсэн гэж үзнэ.
2015-04-28-ны өдрийн гэрээний талаар М.Е-, Г.М-, М.А- нар хоорондоо маргаагүй, маргаан үүсгээгүй буюу энэ талаарх баримт хэрэгт байхгүй тул уг бичгийн баримтыг хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчинө.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлийн талаар
Н.Б- нь 2018-08-29-ний өдөр гэрээ байгуулж Д.Доржсүрэнг өмгөөлөгчөөр авч /хх1-н 97/, 2018-09-13-ны өдөр түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлээр /хх1-н 119, хх2-н 90/ Д.Доржсүрэн нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй байна.
Д.Доржсүрэн 2018-11-13-ны өдөр шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.М-г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргажээ. /хх1-н 161, хх2-н 89/
Тодруулбал, Д.Доржсүрэн нь 2018-11-13-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ М.А-, Г.М- нараас 2015-04-30-ны өдрийн гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан, шүүх 2018-11-13-ны өдөр 151/ШЗ2018/03686 дугаартай захирамж гаргаж, Г.М-г хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангасан, Г.М- нэхэмжлэлийн хувийг 2018-12-12-ны өдөр хүлээн авч, 2019-02-13-ны өдөр хариу тайлбар гаргасан байна. /хх1-н 183,179, 184-185,201-202., хх1-н 213, 225, 2-н 88,/
Д.Доржсүрэн нь нэхэмжлэгчийг 2018-09-13-ны өдрөөс нэг жилийн хугацаанд бүрэн төлөөлөх эрхтэй байхдаа 2019-02-14-ний өдрийн шүүх хуралдаан дээр “..Г.М- гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хх2-н 99-100/ тул Г.М-гаас 110 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ Н.Б- татгалзсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч, Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар заагаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М-д холбогдох нэхэмжлэлээсээ Н.Б- татгалзсаныг баталж, Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ