Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 12

 

 

 

                                          109/ШШ2020/0012

    

       Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, 

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох

А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хэргийн оролцогч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймгийн Ө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр А аймгийн Ө сумын Дойт баг, Мухар цагаан гэх газар үр тарианы зориулалттай 80 га газрыг Ч.Д надад 15 жилийн хугацаатайгаар олгосон.

Уг газар дээрээ 2015-2017 онуудад иргэн С.А, С.Л, З.С, З.Б нартай хамтран малын ногоон тэжээл тариалдаг байсан. 2018 онд тариалангийн газраа өнжөөсөн, 2019 онд тариалах бэлтгэлээ хийж байтал уг газрыг маань хүчингүй болгосон талаар дам сураг сонссон. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр сумын Засаг даргатай уулзахад газар эзэмших эрхийг өмнөх Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байсныг мэдсэн.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо надад мэдэгдээгүй, захирамжийн хувийг гардуулж өгөөгүй нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсан. Би газрын тухай хуулийн дагуу дээд шатны Засаг даргад 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өргөдлөө гаргаж, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Мөн би уг асуудлаар аймгийн Засаг даргад дахин хандаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 01/226 дугаар албан бичгээр А/40 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийснийг нотлох баримт байхгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй талаар тогтоосон байна.

Иймд А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А аймгийн Ө сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Зэгстэй багийн иргэн Ч.Д-гийн гаргасан гомдолтой танилцлаа. Ө сумын Дойт багт Мухар цагаан гэх газар газар тариалангийн зориулалттай 80 га газрыг эзэмшиж байсан. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн сумын Засаг даргын А/40 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захирамж гаргахдаа тус иргэнд албан ёсоор мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг зөрчин шийдвэр гаргасан байна. Мөн тус иргэн нь 2015, 2016, 2017 онуудад хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж Дойт багийн Мухар цагаанд газар тариалангийн үйл ажиллагааг эрхэлж байсан. Иймд тус газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:  Иргэн Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч тал: 2016-2020 оны газрын төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, 2020 онд багтаан газраа зориулалтын дагуу ашиглах, хариуцагч тал: А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн иргэн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Ч.Д-гээс А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-4, 18-19/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу анх А аймгийн Ө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжийн хавсралтын 3 дугаарт иргэн Ч.Д-д А аймгийн Ө сумын Дойт баг, Мухар цагаан толгой гэх газар үр тарианы зориулалттай 80 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. /х.х-н 15/

            Улмаар иргэн Ч.Д нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Ө сумын газрын даамалтай №31 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, 2013, 2014, 2015 онуудад газрыг төлбөрийг тухай бүр төлсөн байна. /х.х-н 42-43, 58-59/

            Гэтэл А аймгийн Ө сумын Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор иргэн Ч.Д-гийн эзэмших эрх бүхий 80 га газар багтжээ. /х.х-н 14/

Нэхэмжлэгч Ч.Д-гээс маргаан бүхий А/40 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ч.Д-гээс 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Н-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан эрхийг зааж, итгэмжлэл олгосон, хариуцагч А аймгийн Ө сумын Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр албан бичгээр эрх зүйч С.М-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг зааж, итгэмжлэл олгожээ. /х.х-н 6, 72/

Дээрх итгэмжлэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.”, 27.2. дахь хэсэгт “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.”, 27.7. дахь хэсэгт “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А аймгийн Ө сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаар албан бичгээр тайлбар гаргаж, иргэн Ч.Д-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Тодруулбал, А аймгийн Ө сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаар албан бичгээр “ ... А/40 дүгээр захирамжийг гаргахдаа тус иргэнд албан ёсоор мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг зөрчин шийдвэр гаргасан байна. Мөн тус иргэн нь 2015, 2016, 2017 онуудад хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж Дойт багийн Мухар цагаанд газар тариалангийн үйл ажиллагааг эрхэлж байсан. Иймд тус газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэх тайлбар ирүүлсэн;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:  Иргэн Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч тал: 2016-2020 оны газрын төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, 2020 онд багтаан газраа зориулалтын дагуу ашиглах, хариуцагч тал: А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн иргэн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тохиролцжээ. /х.х-н 73,75/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч А аймгийн Ө сумын Засаг дарга нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй талаар тайлбар ирүүлсэн, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон эвлэрсэн бөгөөд уг эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус баримтлан “Нэхэмжлэгч тал: 2016-2020 оны газрын төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, 2020 онд багтаан газраа зориулалтын дагуу ашиглах, хариуцагч тал: А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн иргэн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нөхцөлөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, иргэн Ч.Дгийн нэхэмжлэлтэй, Ааймгийн Ө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА