Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар   2022/ШЦТ/670

 

 

2022        05        09                                  2022/ШЦТ/670

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1152 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Тарагт 3 дугаар баг Хүрэмт өлзийт 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ............................

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офецир таун байрны гадаа 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Гтай тухайн үед үүссэн үл ялиг зүйлээс болон маргалдаж нүүрэн тус газарт гараараа хоёр удаа санаатай цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Г.Гт хохиролд 4.521.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Д.Бийн “Би Грын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиод нүүр лүү нь цохисон. Тэгтэл манай хамт явсан найзууд намайг аваад машинд суулгасан. Тэгтэл Ганбаяр ирээд намайг машинаас чирээд буулгахаар нь би нүүр хэсэг рүү нь дахиад цохисон. Бид хоёр барьцалдаж аваад газар унаад цементэн дээр дээр доороо гараад хөрвөөлцсөн. Бид хоёрыг манай найзууд болон Ганбаярын ажлын газрын хоёр эмэгтэй салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Хохирогч Г.Гын “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Дэлгэрбатын гэрт байрны найранд оролцож байгаад 22 цагийн орчимд явахаар болоод өөрийн гутлаа өмсөх гэсэн боловч гутлаа олохгүй байсан ба миний гутлыг өөр нэг залуу өмссөн байхаар нь би тэр залууд чи миний гутлыг өмсчихсөн байна гээд авах гэсэн өө хачин юм өмсчхөж миний гутал шинэ гэх мэт зүйл ярьсан. Гадаа гараад ирэхэд намхан шар залуу нь миний нүүр лүү цохиход би ухаан балартсан байсан. Тэр намайг цохисон гэх залуу нь Дэлгэрбадам гэх хүний найз гэсэн. Би тэр хүнийг харсан тохиолдолд танина. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, уруул сэтэрсэн, хүзүүнд маажсан хамар өвдөлттэй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч П.Дэлгэрбадамын “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би шинэ байранд ороод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Офицер таун хотхоны 906 тоотод байрны найраа хийсэн. Манай сургуулийн багш Ганбаяр 16 цагт буюу 1 цаг хоцорч ирсэн. 17 цагийн орчимд манай сургуулийн ажилчид манайхаар гарсан ба Ганбаяр, Норжинлхам, Саранчимэг нар үлдсэн. 17 цагт би ковид буюу цар тахлын үед хамтарч ажилладаг байсан ажилчдаа урьсан. 20 цагийн орчимд Ганбаяр, Норжинлхам, Саранчимэг, Баасандорж ах, Б, Төмөргомбо, Довжий, Хашхүү гээд хүмүүс бөөндөө явцгаахаар болсон. Ингээд хувцасаа өмсөөд гарах гээд явж байтал Ганбаярын гутлыг Баасанхүү андуураад өмссөн байсан. Ингээд гутлыг нь тайлаад сольж өмсөхдөө Баасанхүү тоглоод энэ үнэтэй гутал гэсэн ш дээ гэтэл Ганбаяр миний хямдхан юм уу гээд маргаан үүссэн. Тэгтэл Баасандорж ах Ганбаяр хоёр барьцалдаад зодолдоод байхаар нь би салгасан. Би Ганбаярыг салгаад хүргээд өгье гэтэд би зодуулсан байж яаж явах юм гээд над руу агсараад байсан. Тэгээд нэг хартал Ганбаяр, Баасандорж хоёр барьцалдаад зодолдож байгаад салцгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Гэрч Д.Бн “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Офецир таун хотхоны 906 тоот байранд ирсэн. Бид нарыг ирэхэд Дэлгэрбадамын сургуулийн ажлын газрын хүн гэж 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн ирсэн. Тэгээд бөөнөөрөө найрлаж байгаад 20 цагийн орчимд явцгаахаар болсон. Тухайн өдөр би шинэ гутал авсан байсан учир Ганбаяр гэх хүний гуталтай өөрийн гутлыг андуураад өмсчихсөн байсан. Буцаагаад тайлж өгөөч уучлалт гуйсан. Тэгээд Дэлгэрбадам бид хоёр Довжийсанжийг аваад шатаар буусан. Бусад хүмүүс нь бид нарын өмнө гараад лифтээр буусан. Би тухайн үед нэлээд согтуу байсан ба болсон явдлын талаар сайн санахгүй байна. Хүмүүс маргалдаад хоорондоо зодолдоод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4293 дугаартай “Г.Гын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд цус хуралт, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Г-тай тухайн үед үүссэн үл ялиг зүйлээс болон маргалдаж нүүрэн тус газарт гараараа хоёр удаа санаатай цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Д.Б /хх-ийн 60-61 дүгээр тал/, хохирогч Г.Гын /хх-ийн 17 дугаар тал/, гэрч П.Дэлгэрбадам /хх-ийн 25 дугаар тал/, Д.Б /хавтаст хэргийн 28 дугаар тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Д.Бийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Д.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Г.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 75 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Д.Бид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ