Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/437

 

  2022         03          24                                 2022/ШЦТ/437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ч.Батзориг /томилолт/,

хохирогч Ц.Түмэнбаяр,

шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0133 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Гүүд Экспресс транс ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 7 дугаар баг 52 дугаар байрны 9 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 26 дугар хороо Их монгол хотхон 903 дугаар байрны 164 тоотод оршин суух,

урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, З.Г

Холбогдсон хэргийн талаар:

З.Г нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их монгол хорооллын 904 дүгээр байрны орчим тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Ц.Түмэнбаяртай маргалдан нүүр, цээжин тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 3 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамарт шарх, цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр 1 настай, 4 настай болон сар гаруйтай хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлэхээр гарах гэж байсан. Би гэрээсээ түрүүлж гараад машинаа халаах гэж байтал 5 машиныг хаагаад ганцхан машин зогсчихсон байсан. Тэгээд 10 цагийн үед тэр машины хучлагыг сөхөөд дугаарыг нь хараад залгахад 1 дүгээр хороолол дээр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь зогсох ёстой газраа зогсож байсан урд талын машиныг холдуулбал миний машин гарах боломжтой байхаар нь залгах гэтэл дугаар нь байгаагүй. Дахиад тухайн хааж тавьсан машины эзэн буюу Түмэнбаяр луу залгахад Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү залгаад үз гэж хэлсэн учраас тийшээ залгасан. Гэтэл тухайн газраас машин эзэмшигчийн дугаарыг өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Би машинаа халааж дуусаад 3 хүүхдээ авч ирээд Түмэнбаяр луу хар үүрээр хүмүүсийн машин таглаж тавьчхаад 1 дүгээр хороололд явж байхдаа яадаг юм бэ, хурдал гэж хэлээд хүүхдүүдээ буцаж оруулсан. Тэгээд аавтайгаа хамт эргэн тойронд машинаа гаргах арга юу байна гэж харж байх хооронд эхнэр хүүхдүүдээ аваад гараад ирсэн. Гэтэл Түмэнбаяр эхнэр нялх хүүхэдтэй хүн байна, гарахгүй бол болохгүй гэж байна гээд 40-50 минутын дараа гарч ирсэн. Би Түмэнбаярт чи ямар хаашаа хүн бэ, хотын соёлд суралц гэсэн. Тэгэхэд Түмэнбаяр машинаа угаасаа ингэж тавьдаг, 10 жил ингэж тавьж байна гэсэн. Тэгэхээр нь би өөр шиг нь хүнийг 40-50 минут хүлээлгэдэг хүн байхгүй, хэрвээ хүүхдүүд байхгүй байсан бол гарч ирэхгүй байсан юм уу гээд өндөр дуугаар хэлсэн. Тэгээд байж байтал Түмэнбаяр аав бид хоёр луу салаавч гаргасан. Тэгэхээр нь би уурлаад Түмэнбаярыг заамдаад түлхсэн. Түлхсэний дараа Түмэнбаяр тоосго замаас авах үйлдэл хийсэн. Машин ч юм уу намайг цохих байх гэж бодоод араас нь барьж авахад аав маань тоосгыг нь тавиулсан. Тэр тоосго миний машины ард байгаа, тухайн үед цагдаа нар ч тэр тоосгыг харсан. Аав маань Түмэнбаяр бид хоёрыг салгаад, би машин дээрээ очоод Түмэнбаярыг машинаа хурдан холдуул гэхэд ахиад салаавч гаргаад өнөөдөр эндээс гарахыг чинь харна гэсэн. Тэгэхэд Түмэнбаярын куртикнээс нь татахад урагдчихсан. Тэгсэн ямар овоо юм бэ зайнд гараад үзье гэсэн. Тэгэхээр нь машинаас жоохон холдоод зогстол Түмэнбаяр над руу гүйгээд ирсэн. Тэр үед нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон” гэв,

Хохирогч Ц.Түмэнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнБи тухайн өдрийн шөнө 02 цагийн үед машинаа тавьсан. Шүүгдэгч над руу 11 цаг 24 минутад залгасан. Дүү маань урьд орой нь ирж хоноод гарахдаа куртикийг маань өмсөөд гараад явсан байсан. Куртикний халаасанд машины түлхүүр маань байсан. Тэгээд урд талын машин руугаа залгаад гараарай, түлхүүр маань байхгүй байна гээд хэлсэн. Эхнэр маань цонхоор хараад 3 хүүхэдтэй юм байна, яана вэ гэхээр нь запаас түлхүүрээ хайж олоод гарсан. Би 14 минут л болсон байсан. Утсан дээр маань ярьсан цаг байгаа. Тэгээд би юу ч ярилгүй машиныхаа бүтээлгийг авах гэтэл чи ямар уддаг юм бэ гээд хараал хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би запаас түлхүүрээ олоод гараад ирлээ гэхэд маргалдаад намайг шууд зодсон. Аавынхаа хажууд намайг зодож байгаа хүнийг юу гэж хэлэх вэ дээ. Хамар луу маань цохиход би саваад унасан. Бичлэг дээр ч байгаа. Хамрын хагалгаа 3.500.000 төгрөг болно гэсэн. Би 600.000 гаруй төгрөгийг өөрөөсөө гаргасан. Шүүгдэгч хагалгааны хохирлыг гаргахгүй, зөвхөн эмчилгээний мөнгийг л өгнө гэсэн. Би хагалгааны зардал болон эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Ц.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 45 минутын үед 904 дүгээр байрны гадаа машинаа байрлуулсан. Тэгээд өглөө 91112905 гэсэн дугаараас машин гарна гэж залгасан ба би машины түлхүүрээ аваад 1 дүгээр хороололд байгаа, та урд талын машин руугаа залгаад гарчих гэсэн. Тэгээд цонхоороо харсан чинь хүүхэд тэвэрсэн залуу байсан. Тэгээд хүүхэдтэй хүн явж байгаа юм байна гээд машины запаас түлхүүр хайгаад гарах хооронд 15-20 минут болсон. Тэгээд гараад очиход түлхүүртэй байж, худлаа ярьсан гээд дайраад байсан. Толгой, нүүр, хамар, цээж хэсэг рүү цохисон. Тухайн залуу намайг зодохдоо миний өмсөж явсан куртикнээс татаад баруун энгэр хэсгийг урж өмсөхөөргүй болгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч С.Зоригтхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай хүү уурлаад маргалдаад тухайн залуу ийшээ гараад үзэх үү гэж хэлсэн. Манай хүү тухайн залуу барьцалдаад харилцан түлхэлцээд тухайн залуу явган замын тоосго аваад манай хүүхэд рүү гүйхээр нь би тухайн залууг барьж аваад би тоосгыг нь гараас нь булааж авч хаясан манай хүү тухайн залуутай заамдалцаад манай хүү тухайн залуугийн хамар хэсэгт нь нэг удаа цохиод тухайн залуугийн хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 647 дугаартай “Ц.Түмэнбаярын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамарт шарх, цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаартай “647 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Түмэнбаярын биед тухайн үед зүүн 3 хавирганы зөрүүгүй хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, цээж, хамар, баруун шуу, зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирсан байжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс зүүн 3 хавирганы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

Хохирогч Ц.Түмэнбаяраас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

 Шүүгдэгч З.Гийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаара тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-68, 74-78 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч З.Г нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их монгол хорооллын 904 дүгээр байрны орчим тээврийн хэрэгслээ холдуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Ц.Түмэнбаяртай маргалдан нүүр, цээжин тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 3 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамарт шарх, цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Ц.Түмэнбаяр, яллагдагч З.Г, гэрч С.Зоригтхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Түмэнбаяр нь З.Г рүү машинаа холдуулах талаар утсаар шаардахад тэр даруй гарч ирэлгүй, элдэв шалтаг тоочсоор тодорхой хугацааны дараа гарч ирсэн, З.Г уур бухимдлаа үгээр илэрхийлсэн, улмаар харилцан маргалдаж, заамдалцаж зууралдсан, З.Г нь Ц.Түмэнбаярын нүүр, цээж хэсэг рүү гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, зууралдах явцдаа хохирогчийн өмсөж явсан куртикийг урсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч З.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Гийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Ц.Түмэнбаяр нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан З.Гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул З.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд орон сууцны гаднах зогсоолд машинаа зохисгүй байрлуулж бусдад болон амьдарч буй орчиндоо хүндэтгэлгүй хандсан байдал, машин холдуулах талаар бусдын тавьсан шаардлагыг үл тоосон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

             Хохирогч Ц.Түмэнбаяраас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 831.400 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч З.Г төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Хохирогч Ц.Түмэнбаяр нь цаашид хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай болохоо илэрхийлсэн тул эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу З.Гээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Г нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч З.Г нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч З.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”, 1.5 дахь заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн гэх хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн буруутай ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан З.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тусгав. 

Энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. З.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Гэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Ц.Түмэнбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар З.Гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ