Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00861

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Их мянган овогт Мянганы Даваанямд холбогдох,

74.965 төгрөг гаргуулах тухай,нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00810/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Давааням нь Жи Мобайл ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98380405 дугаарын хэрэглэгч болсон.

М.Давааням нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 09 дүгээр сарын ярианы төлбөр 18,142 төгрөг, 2014 оны 10 дугаар 33,234 сарын ярианы төлбөр, 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 14,300 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 14,300 төгрөг, нийт 79,976 төгрөгний хэрэглээний өртэй байна.

Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.

Иймд М.Даваанямын ярианы төлбөр 79,976 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 30,000 төгрөгийг хасч тооцон 49,976 төгрөг, алданги 24,988 төгрөг, нийт 74.965 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.Даваанямаас ярианы төлбөр 74.965 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч М.Давааням нь нэхэмжлэлийн шаардлага болох 74.965 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М.Даваанямд холбогдуулан ярианы төлбөр 74.965 /далан дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Давааням нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр 74.965 /далан дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Даваанямаас 2.275 төгрөгийг, улсын орлогоос 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн ярианы төлбөр 74.965 /далан дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Давааням биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Даваанямаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН