Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 2022        02          11                                   2022/ШЦТ/201   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

хохирогч М.С,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Эын Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02188 2099 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Нью Таун хотхоны гадна байрлуулсан иргэн М.Сийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн Б.Шинэзориг, Ж.Отгонтөгс нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мая март хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн Д.Уын эзэмшлийн Ай фоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анунгоо хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн А.Сын эзэмшлийн Ай фоне икс эс макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Э.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч М.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 06 дугаар сарын 28-ны 22 цаг 34 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Нью таун хотхоны гадна хүүхдийн тоглоомын талбайн гадна Tourrein euro standart  брэндийн унадаг дугуйгаа орхиод найзтайгаа цааш тоглоомын талбай руу орж бөмбөг тогтох гээд дугуйны түгжээгээ гэртээ орхисон байсан тул түгжилгүй сул орхиж явсан. Тоглоомын талбайд 10 гаруй 10 жилийн хүүхдүүд турник дээр байгаад намайг талбай руу оронгуут талбайгаас зөрөөд гараад явсан. Дугуй байсан газар 40 орчим размерын кетний мөр байсан. Дугуйгаа 2020 оны 06 дугаар сарын 17-нд Нарантуул олон улсын худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо энэ дугуйгаа аваад олон зүйл нэмсэн учир 600.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Гэрч Э.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... унадаг дугуй хулгайлан авч явсан гэх хэргийн хяналтын камерын бичлэг дээрх хүнийг би танина. Бичлэг дээрх хүн бол миний төрсөн дүү Энхтуулын А байна. Бид хоёр хоорондоо төстэй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 06-07/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн:

 “... цагаан өнгийн гялбар уутанд хийсэн 1 ширхэг дээр Philips DVD-R disk 467GB, 120 min, 1-16x speed гэсэн бичигтэй 1 ширхэг CD-ийг өгсөн тул уг 1 CD-ийг хураан авч эд мөрийн баримтаар тооцов” гэх мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгтэй 1 ширхэг сиди /хх-ийн 08-09/,

- эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 48/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн:

“... 1. Дугуйны хулгайч гэсэн нэртэй зураг нь файлыг нээж үзэхэд хар өнгийн халимаг үстэй, цайвар царайтай, 160-170 см өндөртэй, Хар нарын малгайтай, цагаан өнгийн nice логотой, цайвар хантаазтай, хар өнгийн подволкатай, хар өнгийн богино шорттой, зүүн гартай 500гр усны савтай, цэнхэр өнгийн масктай, эрэгтэй үхн байв. 2. Хулгайч гэсэн нэртэй зураг нь файлыг нээж үзэхэд хар өнгийн халимаг үстэй, шаргал өнгийн хантаазтай, хар өнгийн подволкатай, ар талдаа nike гэсэн бичигтэй нарны малгайтай, 18-23 насны эрэгтэй байв. 3. VID_20210702_144054.mp4 нэртэй видео файлыг нээж үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цаг 51 минутад хар өнгийн богино шорттой, эрэгтэй хүн унадаг дугуй унаад явж байгаа зураг видео хэлбэртэй зураг байв” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн БЗ1-21-559 дугаартай:

“Touren euro standart загварын унадаг дугуйг 360.000 төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээний тайлан /хх 21-22/,

 

Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Газарчин дээд сургуулийн хойно байх гэрээсээ гараад автобусны буудал руу алхаад явж байх үед байрны хашаан гадна нэг унадаг дугуйг цоожлолгүй хашаа налуулаад байршуулсан байсан. Тухайн үед цаг орой 20 цаг болж байхаар нь би унадаг дугуйг унаад Цэцэрлэгт хүрээлэн явсан. Тэгээд унадаг дугуйг шөнөжингөө унаж байгаад өглөө нь 11 цагийн үед Нарантуул худалдааны төв рүү ороод тэнд Монгол гэр тавилга зардаг хэсэг дээр очоод танихгүй хөдөөний гэмээр хүнд дугуйг 250.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгийг нь өөрийн хэрэглээндээ зарцуулаад үрээд дуусгасан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

2. Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Му март дэлгүүрийн кассан дээр зогсож байхдаа кассын ар талд байсан ай фоне экс эс маркийн гар утас алдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Шинэзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...би он сар өдрийг сайн санахгүй байна. А, Отгонтөгс хоёртой 12 цагийн үед 16-гийн автобусны буудал дээр уулзаад Баянзүрх захын урдуур яваад 72 дугаар хотхоны голын замаар явж байгаад Му маrt гэх нэртэй дэлгүүр орсон. Тухайн үед бид 3 зайрмаг авах гээд орсон. Зайрмагаа аваад дэлгүүрээс гарахад А ах гар утсыг нь авсан байсан. Бид гурав салж гүйгээд Асет худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр уулзсан. Бид 3 цуг такси бариад Монтел орсон. А ах таксинаас буугаад гар утсаа зараад ирье гэж хэлээд буусан. Тэгээд буцаж орж ирээд явъя гэж хэлээд бид гурав Алтан цайзын буудал орсон. Бид гурав Алтан цайзад байж байгаад орой нь А ахтай 20.000 төгрөгөөс болж маргалдаад Отгонтөгс бид хоёр найз Балжиннямын гэрт очоод гар утсаа цэнэглээд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Отгонтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мy mart хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх гээд ороод юм худалдаж аваад тооцоогоо хийж байх үед А ах араас орж ирээд удалгүй гараад явсан. Тэгээд би гараад А ахтай уулзахад утас хулгайлсан байсан. Хулгайлсан гэх гар утсаа А ах үл таних нэг хүнд Монтел дээр очиж зарсан. Тухайн үед би таксинд суугаад хүлээж байх үед А ах мөнгөтэй ирсэн. А ах надад 20.000 төгрөг өгсөн. Бид гурав цуг явж байгаад 1000 оюутны байрны автобусны буудал дээр байрлах  ПС тоглоомын газарт орж тоглосон. А ахаас салаад Чинзоригийн хамт найз Балжиннямын гэрт очсон. Балжиннямын гэрт байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой гэртээ харих гэж явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ-ын ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 63-65/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн:

“...үзмэн ягаан өнгийн гялгар уутанд хийсэн 1 ширхэг дээр FeiDa CD-R disk 700MB, 80 min, 2x52x speed гэсэн бичигтэй 1 ширхэг CD-ийг эд мөрийн баримтаар тооцов” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 93/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн:

“...видео файлыг нээж үзэхэд 3 хүүхэд гаднаас орж ирж байгаа бичлэг байв. Уг 1 хүүхэд нь цагаан өнгийн малгайтай, шар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн женс өмдтэй, цагаан өнгийн гуталтай, 16-22 насны эрэгтэй хүүхэд байв. Уг хүүхдийн хажууд нь хар шар өнгийн биеийн тамирын хувцастай, хувцас дээр тик ток гэсэн бичигтэй, ногоон өнгийн пүүзтэй 16-18 насны эрэгтэй хүүхэд байв. Уг хүүхдийн хажууд зогсож байгаа шар хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн цүнх үүрсэн, хар бараа өнгийн женс өмдтэй эрэгтэй хүүхэд гар утсыг авч байгаа дүрс бичлэг байв” гэх тэмдэглэл /хх-ийн 94-95/,

 

Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-21-746 дугаартай:

“Ай фоне экс эс маркийн гар утсыг 1.050.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 96-99/,

 

Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн танил дүү болох Отгонтөгс Шинэзориг нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах My mart гэх дэлгүүрт ороод байж байх үед нэг лангууны ард ай фоне экс эс маркийн гар утас байхаар нь аваад гарсан. Тухайн гар утсаа авч гараад монтел ороод явуулын үл таних хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Би утас зарсан мөнгөөрөө  ПС тоглоом тоглоод хоол унд авч ирээд өөрийн хэрэгцээндээ зарцуулж дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 116/,

 

3. Хохирогч О.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анунгоо гэх дэлгүүр дээр байж байх үед цагаан цайвар өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай, темберланд загварын гутал, хар өнгийн өмдтэй 160-165 см орчим өндөртэй цагаан өнгийн масктай, 18-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 100 граммын шампунь байгаа юу гэж асуусан бөгөөд тийм, байхгүй ээ, жижиг л байгаа гээд үзүүлэх гээд лангууны араар ороход надаар заалгаж байгаад зөрөөд гараад явсан. Араас нь дагаад явж байх үед хурдан гараад явахаар нь яасан юм бол доо гээд гар нь хөдлөх шиг болохоор нь гайхаад лангуун дээрх юмаа харахад миний шаргал өнгийн ай фоне экс макс маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163/,

 

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ-ын ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 158-159/,

 

Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗ1-21-1271 дугаартай:

“Ай фоне экс макс маркийн гар утсыг 1.150.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 173-174/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн:

“...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 04 минут 06 секундэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анунгоо хүнсний дэлгүүрт хохирогч О.Сыг байхад нь гаднаас 170 см орчим өндөртэй Хар өнгийн ноосон малгай, гадуураа дээгүүрээ цагаан доогуураа цэнхэр өнгийн куртик, дотуураа хар өнгийн малгайтай цамц, доогуураа хар өнгийн жинсэн өмд, шар өнгийн темберланд гутал, цагаан өнгийн масктай эрэгтэй хүн орж ирээд явж байгаа бичлэг бичигдсэн байх бөгөөд хохирогч О.С араас нь дагаж бараа зааж өгөхөд уг этгээд түрүүлээд үүд хэсэг рүү алхаж явж байгаад үүдний хэсэгт байрлах лангуун дээрээс эд зүйл аваад баруун талын халаасандаа хийгээд гараад явж байгаа бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 177/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн:

“... таньж олуулах ажиллагааг явуулж хохирогч О.С гэх хүнд 1-4 хүртэл дугаарласан эрэгтэй хүмүүсийн цээж зургийг үзүүлэв. 1. Үл таних эрэгтэй, 2. Үл таних эрэгтэй, 3. Үл таних эрэгтэй, 4. Энхтуулын А гэсэн дугаартай зургуудыг үзүүлэхэд хохирогч О.С нь 4 дугаартай зурагт байгаа эрэгтэй нь миний гар утсыг авч явсан эрэгтэй мөн юм шиг байна гэв” гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны зураг /хх-ийн 179-182/,

 

Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн:

“... Энхтуулын А нь 165 см өндөр нуруутай, туранхай биетэй, хар өнгийн 3 см орчим урттай үстэй, хар өнгийн ноосон малгай, доод хэсгээрээ цайвар өнгийн байгалийн дүрстэй зүүн дээд энгэрт The North Face гэсэн бичигтэй цагаан өнгийн хүрэмтэй түүний дотор тал энгэртээ зурагтай хөр өнгийн малгайтай цамц өмссөн, доогуураа хар өнгийн өмд, шар өнгийн тимберланд загварын гутал өмссөн хар өнгийн өмдний дотуур хар өнгийн даавуун өмд өмссөн байдалтай. Үзлэгийн явцад Э.А халаасанд байгаа эд зүйлсийг гаргуулж үзэхэд цагаан өнгийн хүрмийн зүүн талын халааснаас 357260099733429 гэсэн бичигтэй симийн ордог хэсэг байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.

Нүцгэн үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Баруун гарын булчин хэсэгт загалмай мэт хэлбэртэй шивээс, шууны дотор хэсэгт дунд хуруу гаргасан эрэгтэй хүний царайны дүрстэй шивээстэй, зүүн гарын шууны дотор талд цэцэг хэлбэрийн шивээстэй сарвууны ард хэсэгт нар хэлбэрийн шивээс зүүн гарын 5 хурууны эхний үе хэсэгт загалмайн шивээстэй нурууны хойд хэсэгт болон цээжний урд хэсгээр арьсан дээр юм туурсан байдалтай, биед өөр ил харагдах шарх, сорви, шивээсгүй байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 184-189/,

 

Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анунгоо хүний дэлгүүрийн лангуун дээр байсан шар өнгөтэй ай фоне экс макс загварын гар утсыг хулгайлж авсан. Уг хулгайлж авсан Монтел гар утас худалдааны төв дээр очиж зарахаар явж байгаад алга болгосон. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 198-190/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44, 106/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, хувийн байдлын талаарх баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-51/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 53/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 105/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Э.А нь ганцаараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Нью Таун хотхоны гадна байрлуулсан иргэн М.Сийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анунгоо хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн А.Сын эзэмшлийн Ай фоне икс эс макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Шинэзориг, Ж.Отгонтөгс нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Му mart хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн Д.Уын эзэмшлийн Ай фоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Э.Аийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч нарын эд зүйлийг үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээ нь тухайн эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс бага байна. Хохирогч нар нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнээр тухайн эд зүйлсээ дахин худалдан авах боломжгүй учир хөрөнгө үнэлгээний тайланг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Ийм учир хохирогч тус бүрийн мэдүүлгийг үндэслэн хохирлыг тооцож, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Аээс 3.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Одгэрэлд 600.000 төгрөг, хохирогч Д.Уд 500.000 төгрөг, хохирогч А.Сд 2.150.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг тодорхой хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Аийн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Эын Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аэд оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийн цагдан хоригдсон 66 /жаран зургаан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аээс 3.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.С /РД:ук03232275/-д 600.000 төгрөг, хохирогч Д.У /РД: ур86040807/-д 500.000 төгрөг, хохирогч А.С /РД:чг84091405/-д 2.150.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхгийг хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аэд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ