Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/472

 

2022         03          30                                        2022/ШЦТ/472

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Хулан,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдуулан эрүүгийн 2106 03589 0018 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, Ашид Энх Батмаа ХХК-ий И карт дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 34 дүгээр байрны 45 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж.Б

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хотхон 34 дүгээр байрны 45 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Мэнджаргалыг хөлөөрөө өшиглөж унаган, гарыг хаалганд хавчиж, эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хурууны шарх, зүүн гарын дунд, долоовор хурууны зулгаралт, зүүн гарын долоовор хурууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бгийн өгсөн “2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цаг 40 минутын орчимд миний салсан нөхөр болон түүний хамтран амьдрагч Мэнджаргал нар манай гэр лүү зөвшөөрөлгүйгээр дайрч орж ирсэн. Тэгээд нэлээд маргаан үүссэн. Би салсан нөхөр болох 3 хүүхдийнхээ ааваас хариуцлага нэхсэн. Үүнээс болоод хэрүүл үүссэн. Гэтэл Мэнджаргал гаднаас орж ирээд чамд хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгч чадахгүй, чи нөхрийг маань 2 тортой хувцастай нь хөөж гаргасан шуналтай хөгшин үрчгэр авгай гэсэн. Тэгээд дунд хүүхдийг маань авч зугтаад гарсан. Би өөрөө араас нь хөөж барьж авч чадахааргүй байсан. Тэгээд Мэнджаргал өөрөө гараа хаалганд хавчуулсан. Мэнджаргал надаас том биетэй хүн, дээрээс нь хоёулаа явж байсан. Ганзориг чамайг гэрчлэх хүн байхгүй, бид хоёр бие биенээ гэрчилж чадна гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг маань уйлуулаад булаагаад зугтсан”  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мэнджаргалын өгсөн “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний хамтран амьдрагч Ганзориг 18 цагийн үед хуучин эхнэр болох Болормаа руу яриад бага хүү Тэмүүлэнгийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэе, хүүхдүүдээ очиж авъя гэхэд Болормаа за, би бэлдээд байж байя гэсэн. Шүүгдэгч нь манай нөхрийг гүтгээд 2-3 удаа баривчлуулж байсан учраас би гэрч болоод дагаж явсан. 19 цагийн үед гэрийнх нь гадаа очоод 2 цагийн турш залгахад Болормаа нь утсаа аваагүй. Хүүхдүүдээ гаргасан эсэх нь мэдэгдэхгүй болохоор нөхөр бид 2 хамт орц руу нь орсон. Эхлээд манай нөхөр хаалгыг нь тогшоод орсон. Тэгэхэд Болормаа эгч та нар мөнгө төгрөгөө өгдөггүй, одоо ингэж жаргаж болохгүй гээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгэхээр нь би хаалгыг  тогшсон чинь ашгүй чи ороод ирэв үү, чи дандаа л Ганзоригийг дагаж явдаг биз дээ, ороод ир чи гээд намайг оруулсан. Би ороод хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх гэсэн юм, нэг удаа хэрүүлгүй хүүхдүүдээ өгөөд явуулж болохгүй юу гэхэд морь шиг царайтай хар авгай минь чамд хамаагүй, чи манайхаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би айлд байсан учраас гарах гээд хаалганы бариулыг дарж онгойлгох хооронд араас шуналтай балиар авгай гээд доромжилсон. Тэгэхээр нь би эргэж харахад миний гэдэс рүү өшиглөсөн. Би өшиглүүлээд унахдаа хаалганы хүрээнээс барьж унахад Болормаа эгч хаалгаа тас гэж хавчаад хаасан. Би ёо ёо, миний гар гээд орилоход угзчаад олон дахин хаасан. Тэгэхэд цаанаас нь Тэнүүн, манай нөхөр хоёр гүйж ирээд салгасан. Тэнүүн ээжийгээ та ямар аймар юм бэ, болиоч ээ гээд татсан. Манай хүн Болормаа эгчийг холдуулаад би газар унаад уйлаад гэр лүү нь ороод та яаж миний гарыг ийм болгож чадаж байна вэ гэхэд хохь чинь чи гэж хэлээд гар луу маань цохиод хөл рүү өшиглөсөн ... Хүүхдээ гэртээ буулгачхаад Гэмтлийн эмнэлэг дээр анхан шатны тусламж аваад явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагаас залгасан. Хүүхэд булааж авч явсан гэх дуудлага ирсэн тул яаралтай хүрч ирээд мэдүүлгээ өг гэсэн. Би цагдаа дээр очоод болсон асуудлыг хэлэхэд шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Миний гар одоо сорвитой болсон, сайн атгагдаж чадахгүй байгаа. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, нэг ч төгрөг авахгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ганзоригийн өгсөн “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бага хүүгийн маань төрсөн болоод 7 хоночихсон байсан. Би төрсөн өдрөөр нь байгаагүй учраас хүүгийнхээ төрсөн өдрийг нөхөж тэмдэглэх гээд очсон. Өдөр 15-16 цагийн үед утсаар ярьж тохиролцоод 19 цагийн үед гэрийнх нь гадаа очоод 3 цаг орчим хүлээсэн. Болормаа утсаа авахгүй, хүүхдүүдийг гаргасан үгүй нь мэдэгдэхгүй орой болчихсон байсан. Тэр хавиар машины хөдөлгөөн их байдаг учраас санаа зовоод гэр лүү нь хаалгыг нь тогшоод яваад орсон. Дунд хүү маань хаалга тайлж өгөхөд хүүхдүүд маань коридорт хичээлээ хийж байгаа байдалтай байсан. Ер нь намайг орох болгонд л хүүхдүүд маань тийм дарамтад байдаг. Би хүүхдүүдээ хурдхан хувцсаа өмсчих, аав нь зөндөө удаан хүлээлээ гэж хэлчхээд үүд рүү буцаад гарсан. Тэгээд эхнэртээ эртхэн ороод ирдэг байж, тэгвэл арай хурдан гаргах байж гэж хэлээд үүдэнд нь зогсож байсан. Хүүхдүүд маань аав нь орж ирсэн гээл хувцсаа өмсөөд гүйлдэж байсан. Намайг ороход Болормаа яг л урьдынхаараа намайг залуу хүүхэнтэй суусан, балиар хар авгай дагуулж ирсэн гээд элдэв бусаар доромжилсон. Би тэр байдлыг нь тэвчиж хөлд нь сууж байж л хүүхдүүдээ авдаг. Болормаа намайг байнга гүтгэж баривчлуулдаг. Урьд нь намайг хаалга нүдлээ гэж баривчлуулж байсан. Би гэрээсээ гарчхаад буцаж орж чаддаггүй, өвлийн хүйтэнд гэрээсээ хөөгдөөд гарч байсан. Намайг байнга гүтгэдэг учраас эхнэр маань гэрч болохоор дагаж явсан. Тэгтэл Болормаагийн дуу өндөрсөөд орилоод явахаар нь эхнэр маань санаа зовоод хаалга тогшиход Болормаа эхнэрийг маань ороод ир гээд оруулсан. Тэгээд би цаана нь хүүхдүүдээ хувцаслаад байж байхад эхнэрийг маань элдэв бусаар доромжлоод байсан. Тэгэхэд нь манай эхнэр бид нар хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Ганц удаа хүүхдүүдийг маань хэрүүлгүй өгөөд явуулаач гэж хэлсэн чинь Болормаа морь шиг царайтай хар авгай минь эндээс зайл гэсэн. Би эхнэртээ Болормаагийн аашийг мэдэх юм чинь тэвчээд чимээгүй л байгаарай гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг маань гарах гэж байхад Болормаа давсаг руу нь өшиглөөд, хаалганы хажуу талын хавтаснаас бариад унахад нь хаалгаа тасхийтэл хавчаад байсан. Тэгэхэд манай эхнэрийн гар цус нь урсчихсан хаалганы хавтаснаас барьсан нь харагдаж байсан. Би дунд хүүтэйгээ цаанаас гүйж ирээд болиоч хүний гар хавчаад байна гэж хэлсэн чинь Болормаа инээгээд хаалгаа угзраад татаад байсан. Цус нь гоожоод байхад инээгээд татаад байсан. Би хүүтэйгээ Болормааг татаж холдуулаад хаалга онгойход Мэнджаргал уйлаад ороод ирсэн. Тэгээд Мэнджаргал та миний гарыг яагаад ийм болгож байгаа юм бэ гээд уйлахад Болормаа хохь чинь муу авгай минь гээд гар хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхэд Мэнджаргал цагдаа дуудъя гэхээр нь дуудлага өгөх гээд цагдаа руу залгахад Болормаа хүүхдүүд рүү хараад аав чинь ээжийг нь шоронд хийхээр ирсэн байна. Цагдаа ирээд ээжийг нь гавлаад аваад явна гэсэн. Хүүхдүүд сонин царайтай болохоор нь би утсаа тасалчихсан. Тэгээд би дунд хүүгээ аваад гарсан. Болормаа бага хүүхдийг маань зуураад үлдсэн. Дунд хүү өөрөө гүйж гарч ирсэн. Болормаа надтай амьдарч байхдаа ч ийм балмад байсан. Хэрүүл үүсэхэд шууд л зодоон, цохион хийдэг. Хүүхдүүдээ ч балмадаар зоддог. Намайг зоддог шигээ эмэгтэй хүнийг зодоход дийлэхгүй. Эхнэрийн маань гар нь болохоо байгаад хүүхдээ гэртээ үлдээгээд гэмтэл дээр байж байхад цагдаа залгасан. Эхнэр бид хоёр өөрсдөө цагдаад өгөөгүй. Би хоёр хүүгийнхээ ээжийг шоронд явуулчхаад яаж хүүхдүүдийнхээ нүүрийг харах вэ, гэтэл Болормаа өөрийнхөө зодож нүдсэн, бузар булайг дарахын тулд түрүүлж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа шалгахад нь үнэнээ хэлэхэд гомдлоо гарга гэсэн. Эхнэр бид хоёр Болормааг цагдаад өгөх бодолгүй байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн “Тухайн хохирогчийн биед гэмтэл үүссэн хэсэг газарт хэдэн ч удаа байсан хамаагүй хүч үйлчлэхэд ийм гэмтэл үүсэж болно. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт Б.Мэнджаргалын биед хийсэн үзлэг шинжилгээгээр шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. Тухайн гэмтэл нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин олон удаа хаалга савсан гээд буй асуудлын хувьд гэмтэл хаалганы хэд дэх савалт дээр үүссэнийг би мэдэхгүй. Хэрэв хаалгыг олон савсан тохиолдолд аль савалт хүчтэй үйлчилж хохирогчийн биед гэмтэл учруулсныг мэдэхгүй байна” гэх тайлбар,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мэнджаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд манай нөхөр Б.Ганзориг хуучин эхнэр болох Ж.Б гэх хүн рүү залгаад 2 хүүхдээ авмаар байна гэж ярьсан. Тэгсэн Болормаа хараалын үг хэлээд хүүхдүүддээ мөнгө өгөөч, дандаа ингэж жаргаж явахгүй шүү гэж утсаар манай нөхөртэй ярьж байгаад хүүхдүүдээ өгөхөөр болсон. Нөхөр бид 2 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар хуур хотхоны гадаа очоод 2 цаг гаран хүлээсэн, тэгээд Болормаа руу залгахаар утсаа байхаар байр руу нь манай нөхөр хаалгыг нь тогшоод орсон байгаа, би бол гэрийн хаалганы гадаа нь хүлээгээд зогсож байсан. Тэгсэн Болормаа чанга чанга орилоод хараалын үг хэлээд загнаад байхаар нь би хаалгыг нь тогшиход Болормаа ороод ир гэсэн, тэгээд би гэрт нь ороод та хүүхдүүдээ өгөх болгондоо дандаа удаан хугацаагаар хүлээлгэж байдаг, нэг удаа зүгээр хэрүүлгүй өгч болохгүй юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг хар авгай минь олон юм ярилгүй манайхаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүдэнд зогсож айгаад гарах гэтэл хойноос хэл амаар доромжлоод байхаар нь би эргээд харахад миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн, би газар унахдаа хаалганы хүрээнээс зүүн гараараа барихад хаалгаа хаагаад миний гарыг хавчихаар нь гар хавччихлаа гэж хэлээд орилоход харсаар байгаад 4-5 удаа хаалгаа саваад миний гарыг гэмтээсэн. Тэр үед 2 хүүхэд нь ээжээ та болиоч гээд уйлаад ээжийгээ татахад манай нөхөр Болормааг хаалганаас холдуулсан, тэгээд би гэрт ороод миний гарыг ийм болгочихлоо шүү дээ гэж хэлэхэд Болормаа хэл амаар доромжлоод, миний зүүн хөл рүү өшиглөөд, гар луу бас цохисон. Би бол Болормаагийн өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй ... миний зүүн гарын хуруунууд тухайн үед гэмтсэн. Дээрх гэмтлүүдийг Болормаа төмөр хаалганы рамнаас барьсан байхад хаалга хаах гэж саваад гар гэмтээсэн”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 33 дахь тал/,  

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Мэнджаргалыг морь шиг царайтай хар авгай минь заал гэсэн, тэгээд Мэнджаргал үүдэнд байж байгаад гарах гэсэн чинь гэдэс рүү нь Болормаа хөлөөрөө жийхэд Мэнджаргал хойшоо саваад унахдаа хаалганы гадна талын хүрээнээс барьсан чинь Болормаа гэрийнхээ хаалгыг хаагаад гарыг хаалганд хавчаад хаалгаа татаад байсан. Би Болормааг татаж холдуулсан, тэгээд Мэнджаргал хаалганы гадна уйлаад гаднаас орж ирээд Болормаад та яагаад харсаар байж гарыг хавчаад байгаа юм гэхэд Болормаа хэл амраар доромжлоод гар луу нь цохиод өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9984 дугаартай “Д.Мэнджаргалын биед зүүн гарын ядам хурууны шарх, зүүн гарын дунд, долоовор хурууны зулгаралт, зүүн гарын долоовор хурууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Хохирогч Б.Мэнджаргалаас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Ж.Бгийн зөрчил шалгах ажиллагааны явцад өгсөн “Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед манай салсан нөхөр Ганзориг залгахаар нь аав чинь залгаж байна гээд 2 хүүхдэдээ өгсөн. Тэгээд манай дунд хүү яриад аав ирж авна гэнэ, хувцсаа бэлдээд байж бай гэсэн. Тэгээд би гэрийн даалгаврыг нь өгч явуулах гээд шүлгийг нь дэвтэр дээр бичүүлж байсан чинь хаалга нүдээд орж ирж яасан удаадаг юм бэ гээд уурласан. Би хувцсыг нь гаргаж өгөх гэж байгаад би салсан нөхөр Ганзоригт чи 2 хүүхдийн нэгнийх нь төлбөрийг өг гэж хариуцлага нэхсэн ба хаалгыг чанга нүдэж салсан нөхрийн эхнэр нь орж ирээд янз бүрээр доромжилсон, тэгээд би зөвшөөрөлгүй орж ирлээ гар гэсэн чинь гарахгүй гараараа цээж рүү хэд хэдэн удаа цохисон, би өшиглөх гэсэн хөл хүрэхгүй байхад худлаа унаад байсан, хаалга хаах гэсэн хаалганы завсарт гараа оруулаад авахгүй байсан, хаалгаа хаах үед гараа өөрөө оруулаад байсан. Тэгээд салсан нөхөр дунд хүүг хүчээр хувцас өмсүүлээд аваад явсан болохоор дуудлага өгсөн. Надад ямар нэг гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаагаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мэнджаргалын гар гэмтсэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9984 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаартай “Түр асран хамгаалагч тогтоох тухай” захирамж /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Шүүгдэгч Ж.Бгаас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 644 дугаартай шийтгэвэр 6 хуудас, 

Шүүгдэгч Ж.Бгийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, Иргэний шүүхийн шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 60-64 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүх хуралдаанд оролцвол зохих хохирогч, гэрч, шинжээч нарыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэж, түүний өмгөөлөгчөөс хэргийг цагаатгах байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийг хуульчилсан ба шүүгдэгч энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хохирогч, гэрч нараас удаа дараа хууль сануулан авсан мэдүүлгүүд  тогтвортой, зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой зааж чадсан, давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэмтэлтэй тохирсон, харин шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжтой боловч энэ нь дангаараа нотлох баримт болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, гэрч нараас авсан мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүх шийдвэрийн үндэслэл болгосон, иймд хэргийг цагаатгах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хотхон 34 дүгээр байрны 45 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Мэнджаргалыг хөлөөрөө өшиглөж унаган, гарыг хаалганд хавчиж, эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хурууны шарх, зүүн гарын дунд, долоовор хурууны зулгаралт, зүүн гарын долоовор хурууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Мэнджаргал, гэрч Б.Ганзориг нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн тайлбар, гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл,

- Шүүгдэгч Ж.Б, гэрч Б.Ганзориг нар урьд гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа 3 хүүхэдтэй,

- Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2019 онд иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ба шүүхийн шийдвэрт Б.Ганзоригийн хүүхэд хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахгүй, дээрх эрхэд саад учруулахгүй байхаар тусгасан,

- Гэрлэлт цуцалснаас хойш 2020 онд гэрч Б.Ганзориг, хохирогч Б.Мэнджаргал нар гэр бүлийн харилцаатай болсон, энэ талаар Ж.Б мэддэг, хүүхдүүдээ өгч авах харилцаатай байсан,

- 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрч Б.Ганзориг хүүхдээ түр авч төрсөн өдрийг нь нөхөж тэмдэглэх талаар Ж.Бгийн утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж тохирсон, энэ талаар Ж.Б мэдсэн, хүлээн зөвшөөрсөн  байсан.

- 19 цагийн орчим гэрч Б.Ганзориг, хохирогч Б.Мэнджаргал нар хамтдаа Ж.Бгийн гэрийн гадна очиж Ж.Бгийн утас руу удаа дараа залгасан боловч аваагүй, улмаар 21 цагийн орчим Б.Ганзориг хүүхдээ авах зорилгоор Ж.Бгийн гэрт орсон, 

- Нэг талаас хүүхэд өгөхгүй удаалаа, гадуур өмсөх хувцсыг угааж, даалгавар хийлгэх нэрээр зориуд хясан боогдууллаа гэж, нөгөө талаас хүүхдээ асарч тэтгэсэнгүй, хүүхдийн хувцас таарахгүй багадсан гэх асуудлаас болж шүүгдэгч Ж.Б, гэрч Б.Ганзориг нар маргалдсан, энэ үед гаднаас хохирогч Б.Мэнджаргал хаалгыг тогшиж орж, үүд хэсэгт зогссон,

- Улмаар маргаан даамжирч шүүгдэгч Ж.Б, хохирогч Б.Мэнджаргал нарын хооронд үргэлжилсэн, Ж.Б Б.Мэнджаргалыг гэрээсээ гар гэж хөөсөн,

- Хохирогч Б.Мэнджаргал гэрээс гарах үед эргээд харахад Ж.Б түүний гэдсэн тус газарт өшиглөсөн, хохирогч Б.Мэнджаргал унахгүйн тулд хаалганы хүрээнээс зүүн гараараа барьж авсан,

- Гадагшаа нээгддэг хаалганы гадна талд хохирогчийн их бие гарсан байдалтай, зүүн гар хаалганы хүрээнээс барьсан байдалтай байсан талаар гэрч шүүхийн хэлэлцүүлэгт сэргээн дүрсэлж мэдүүлсэн, 

- Энэ үед шүүгдэгч Ж.Б хаалгыг хаасан, гар хавчуулагдсан талаар хэлсээр байхад мэдсээр байж хаалгыг нээхгүйгээр дахин татах үйлдэл хийсэн, Б.Ганзориг ирж салгасан,

- Шинжээчээс хохирогч Б.Мэнджаргалын биед учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, гарыг хавчиж татсан үйлдлүүдийн аль хүчтэй үйлчилсэн үйлчлэлээс учрах боломжтой талаар тайлбарласан, 

- Шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Мэнджаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Бгийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Мэнджаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Б.Мэнджаргал нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон, удаа дараагийн мэдүүлэг тогтвортой, мэдүүлэгт авагдсан Ж.Бгийн үйлдэл  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ж.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд гэр бүл салалттай холбоотойгоор нэг талаас хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэнгүй, нөгөө талаас хүүхэдтэй уулзах, харилцах эрхийг хясан боогдуулсан гэх хувийн таарамжгүй харилцаа, бие биедээ хүлээцгүй, хүндэтгэлгүй хандсан хандлага нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Б.Мэнджаргалаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт цаашид хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч З.Гансүх нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч Ж.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, сургуулийн насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирол, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэх хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Бгийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Б нь  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Ж.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мэнджаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ