Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/669

 

 

    2022        05        09                                 2022/ШЦТ/669

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч З.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Борлууд овогт Зуунгаравын Ишнямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1419 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо холбоо толгойн 8 дугаар гудамжны 50 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З.И

Холбогдсон хэргийн талаар:

З.И нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 5 дугаар гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бын толгойн тус газарт чулуугаар, баруун болон зүүн гарын тохойн хэсэгт архины шилээр цохиж, биед нь зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсэгт шарх, баруун, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Э.Батжаргалд 60.000 төгрөг хохиролд төлсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч З.Иын “Орой Б-тэй таарахад намайг зөнгөр өвгөн хаашаа явж байгаа юм гэхээр нь уур хүрээд газар байсан архины шилийг аваад Батжаргалын хоёр гар луу цохисон. Тэгтэл Б зөнгөн өвгөн яаж байна гээд байхаар нь би газраас чулуу аваад Батжаргал руу чулуу шидээд ахиад араас нь очоод чулуугаар толгой руу нь 2 удаа цохиход толгойноос нь цус гарсан. Тэгэхлээр нь би Батжаргалд хандаж цагдаа, эмч нарт хандаарай гэж хэлээд гэртээ ороод байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

Хохирогч О.Бын “ Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрийнхээ ойролцоо буюу гудамжиндаа найз Сандагаа, Энхжаргал нарын хамт нэг шил архи хувааж уугаад зогсож байтал манай хажуу айлын Ишням ах гарч ирээд архины шилээ хаялаа гээд загнасан. Тухайн үед бид нарын хажууд хоосон архины шил байсан. Үүнийг хараад Ишням ах архины шилээ хамаагүй хаялаа гээд намайг архины шил болон чулуугаар толгой тус газарт хэд хэдэн удаа цохиход болиоч гээд гуйхад огт болохгүй байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Гэрч С.Сандагийн “Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед гэр лүүгээ харьж явахад Батжаргал, Энхжаргал хоёр гудамжинд 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Би тэр хоёртой уулзаад ууж байсан архинаас нь хоёр аяга уусан. Тэгтэл Ишням ах гэрээсээ гараад иртэл Батжаргал гүйгээд очсон. Тэр хоёр юм ярьж байгаад маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт Батжаргал толгой хагалчихлаа гээд байсан. Батжаргал, Ишням ах хоёр Энхжаргал бид хоёроос зайтай зогсож байсан. Анх Батжаргал ахтай таарахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй. Ишням ахтай маргалдаад буцаж ирэхэд толгойноос нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч Б.Энхжаргалын “Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрийн ойролцоо байдаг Батжаргалтай гудамжинд таараад 1 шил архи хувааж уугаад сууж байхад Сандагаа ирсэн. Бид 3 архиа уугаад сууж байхад манай тэнд байдаг Ишням ах таарсан. Тэгтэл Батжаргал, Ишням ах дээр гүйж очоод яриад байх шиг байсан. Яг юу ярьсныг мэдэхгүй байна.  Удалгүй Батжаргал буцаж ирэхэд нь толгойноос нь цус гарсан байсан. Батжаргал хэлэхдээ Ишням ахад цохиулчихлаа гэж байсан. Би Батжаргалтай анх уулзахад ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5493 дугаартай “О.Бын биед зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсэгт шарх, баруун, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч З.И нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 5 дугаар гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бын толгойн тус газарт чулуугаар, баруун болон зүүн гарын тохойн хэсэгт архины шилээр цохиж, биед нь зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсэгт шарх, баруун, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч З.И /хх-ийн 50 дугаар тал/, хохирогч О.Б /хх-ийн 8-9 дүгээр тал/, гэрч С.Сандаг /хх-ийн 22 дугаар тал/, Б.Энхжаргал /хх-ийн 25 дугаар тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

З.Иын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул З.Иыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч О.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 53 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, З.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Иын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч З.И нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч З.И нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

З.Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд З.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

З.Иын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 З.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс З.Ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ