| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01475/и |
| Дугаар | 00875 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00875
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, Далай гүний онход овогт Жаргалсайханы Ариунжаргал /РЛ87030604/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1дүгээр багт оршин суух, Онход овогт Цагаанбаатарын Батпүрэв /РЛ86061216/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2016/01475/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ж.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Батпүрэвтэй 2003 оны намар танилцаж үерхээд 2006 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Том охин Энхриймаа 2006 оны 3 дугаар сард төрсөн, 10 настай, хүү Энхтөр 2008 оны 1 сард төрсөн, 7 настай, бага охин Энэрэл 2010 оны 4 сард төрсөн, 6 настай. Том охиноо өөрийн төрсөн аав Жаргалсайханд 2008 онд үрчлүүлсэн бөгөөд хүү Энхтөр, охин Энэрэл нарын хамт бид 4-үүлээ амьдрах болсон. Хамтын амьдралын эхний хугацаанаас таарамж муутай байсаар 2010 онд салж хамт амьдрахаа больсон. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, зан суртахууны хэвийн, аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болж ирсэн.
2010 оноос хойш бид тус тусдаа амьдарч байгаа бөгөөд бид дахин нийлж амьдрах ямар ч шалтгаангүй болсны дээр дахин амьдрахаар хугацаа өгвөл гэр бүлийн хүчирхийлэл бүхий хүнд нөхцөл байдал угтах юм. Одоо би Энэрэл охиноо өөрийн асрамжид байлгаж асарч байгаа бөгөөд хүү Энхтөрийг маань Ц.Батпүрэв надаас булаан авч эгчийндээ амьдруулж байна. Миний хүүгийн нөхцөл байдал одоо маш хүнд байдаг бөгөөд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхгүй, хайр халамжаар дутаж эрх нь зөрчигдөж байна. Би хүү, охиноо аль алиныг нь өөрийн асрамжинд байлган асарч тэтгэх хүсэлтэй байгаа бөгөөд хүү Энхтөр, охин Энэрэл нарыг 18 нас хүртэл эцэг Ц.Батпүрэвээс тэтгэлэг тогтоолгох гаргуулах хүсэлтэй байна.
Бид хамтын амьдралын явцад 2010 оны мал тооллогоор 4 тэмээ, 12 адуу, 86 хонь, 36 ямаа, өсгөж нийт 250 малтай болсон байсан. Үүнээс би нэг ч толгой мал аваагүй тул одоо гэрлэлт цуцлуулахтай хамтатган хүү, охин хоёртоо болон өөртөө ногдох хэсгээр дараах тооны малыг Ц.Батпүрэвээс гаргуулах хүсэлтэй байна. Үүнд
Иймд Ц.Батпүрэв, Ж.Ариунжаргал бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Энхтөр, охин Б.Энэрэл нарын асран хамгаалагчаар ээж болох Ж.Ариунжаргал намайг тогтоож, Б.Энхтөр, Б.Энэрэл, нарыг 18 нас хүртэл эцэг болох Ц.Батпүрэвээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүү Б.Энхтөр, охин Б.Энэрэл болон Ж.Ариунжаргал надад ногдох хэсэг болох 17.670.000 төгрөгийг үнэ бүхий 188 толгой малыг нөхөр Ц.Батпүрэвээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ариунжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний нөхөр байсан Батпүрэв нь зуурдаар нас барсан, зуурдаар нас барсан, миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул урьд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзлыг маань баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батпүрэв нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ариунжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа . Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч , зарим шаардлагыг зөьшөөрөхгүй байна. Үүнд: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Энхтөр, охин Б.Энэрэл нарыг өөрийнхөө асрамжинд авна. Учир нь Ж.Ариунжаргал 2012 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд 3 жил суралцахаар явсан. Энэ хугацаанд хүү Б.Энхтөр бол миний арсамжинд байсан. Охин Б.Энэрэл болохоор түүний эгч Ариунаагийн асрамжинд байхын зэрэгцээ аав миний асрамжинд бас байсан. 6 нас хүрсэн 1 дүгээр ангид Төмөрбулаг суманд Ариунжаргалын ээж Дугаржав гэдэг хөгшнийд байдаг. Нэгэнт бид хоёр амьдрал өөр өөрийн замаар явж байна. Ж.Ариунжаргал нь одоо 8 сартай хүүхэдтэй, гэр бүлтэй, тусдаа амьдарч байгаа тул би хоёр хүүхдээ хойд эцгийн гарт өгөхийг хүсэхгүй байна. Ж.Ариунжаргал одоо байгаа өөрийнхөө амьдралын талаар үнэн зөв бичээгүй байна. Иймд би хоёр хүүхдээ хооронд нь салгахыг бас хүсэхгүй байгаа юм. Манай хоёр хүүхэд эцэгтэйгээ хамтдаа байсаар өдий хүрсэн. Цаашид ч надтай хамт байна гэдгээ шүүхэд хэлнэ. Нэхэмжилж байгаа малын тоо толгой нь 2010 онд байсан нь үнэн. Түүнээс хойш бүтэн 7 жил болох хугацаанд малаас өөр орлогогүй болохоор түүнийгээ зарж худалдаж, амь залгуулж ирсэн. Зөвхөн Ариунжаргалын өөрийн нь сургалтын төлбөр гэхэд л 1.000.000 төгрөгийг биетээр өгдөг байсан. Дээр нь идэш ууш гээд зөндөө зардал гардаг байсан. Энэ талаар Ариунжаргал нь юу ч бичээгүй байх юм. Тэгээд бид гуравт бас хэрэгцээ хэрэглээ гэж байна. Энэ мэтчилэнгээр бидэнд байсан мал хөрөнгө зохих журмаар зарцуулагдсаар өдий хүрсэн. Одооны байдлаар бидэнд өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй.
Иймд малын толгойн тоогоор мал нэхэмжилж байгаа нь бодит нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тул надаас мал болон мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй шаардлагатай бол нэхэмжлэлд дахин тайлбар гаргана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунжаргал нь Ц.Батпүрэвт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Ариунжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ариунжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Батпүрэвт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН