| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0127/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/490 |
| Огноо | 2022-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/490
2022 04 01 2022/ШЦТ/490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Д.Хорлоо,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А, Ж.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0006 дугаартай 1 хавтас бүхий хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймаг Хотонт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Сэлбэ 25 дугаар гудамжны 635 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 115 дугаар байрны 57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.А
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг Халзан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 9 дүгээр баг Далангийн 6-9 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Ж.А
Холбогдсон хэргийн талаар:
А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 1001 тоотод байсан хохирогч Ц.Батцэцэгтэй нөхрийнх нь фейсбүүк хаягаар цагдаагийн ажилтан мэтээр холбогдон харьцаж торгуулийн мөнгө өгөхгүй бол нөхрийг чинь эрүүлжүүлэх байр руу авч явна гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.А, Ж.А нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Free зочид буудлын 16 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн хохирогч С.Зоригтсайханы эзэмшлийн Samsung А51 загварын гар утас, цамц, машины түлхүүр, бичиг баримт, хохирогч Ц.Билгүүнсайханы эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, куртка, өмд, машины түлхүүр, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.107.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт А.А, Ж.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч А.Ан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Зоригтсайханы “Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр таван найзын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Free зочид буудалд хоногоор 2 өрөө аваад орцгоосон. Би тухайн буудалд 2 хоносон. Өнөө өглөө үүрээр 04 цагийн үед би найз Ц.Билгүүнсайханы хамт 1 өрөөнд, нөгөө 4 хажуу талын өрөөнд унтацгаасан. Гэтэл 8 цагийн үед манай найз Ц.Билгүүнсайхан сэрээд хартал өрөөнд байсан Самсунг А-51, Самсунг А-7 загварын гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, өвлийн куртка, халаасанд нь байсан машины түлхүүр, Төрийн, Хаан банкны виза карт, ажлын үнэмлэх, малгайтай цамц, жинсэн өмд, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс алга болсон байсан ... Би Самсунг А-51 маркийн гар утас, ажлын, жолооны үнэмлэх, төрийн банкны картны хохирлоо бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 16 дугаар тал/,
Хохирогч Ц.Билгүүнсайханы “... Алга болсон зүйлсээс Самсунг А-7 гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, өвлийн куртка, жинсэн өмд, Тоётото Приус-30 загварын тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүр, Хаан банкны карт, жолооны үнэмлэх зэрэг нь минийх байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, унтаж байсан ... өмд, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт, тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүр зэрэг эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авах хүсэлтэй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дугаар тал/,
Гэрч М.Бэгзсүрэнгийн “Анхаагийн ахынд очиход хүмүүс байсан болохоор бид 3 буудалд орсон. Буудлын мөнгийг Анхбаяр утсаа ломбардад тавиад өгсөн. Өөрийнх нь гар утас юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
Иргэн нэхэмжлэгч Ч.Амарболдын “2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө цайны газрын харалдаа зам дээр машинтайгаа таксинд явах гээд зогсож байсан чинь үл таних 25 орчим насны залуу ирээд ахаа надад мөнгө хэрэг гараад байна, Төв аймаг явах гэж байгаа юм танд өөрийнхөө мөнгөн гинжийг үлдээчихье, та надад 50,000 төгрөг өгчхөөч би тантай холбогдож байгаад 60.000 төгрөг болгоод өгье гэж хэлэхээр нь би гинжийг үзтэл яах ч аргагүй мөнгө, бүдүүн гинж байхаар нь би утасны дугаараа өгөөд гинжийг нь аваад бэлэн 50.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй байж байтал өнөөдөр цагдаагийн байгууллагаас наадах гинж чинь гэмт хэргийн замаар олдсон эд зүйл байна та авчирч өгөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
Мөрдөгчийн эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 17, 23, 24, 45 дугаар тал/,
Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БЗД2-21-1529 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.107.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 52-54 дугаар тал/,
Яллагдагч Ж.Аын “Би дахиад дэлгүүрээс өөрийнхөө мөнгөөр 0.5 литрийн Соёрхол архи, ундаа, идэх юм аваад өрөөндөө орж ирээд сууж байсан чинь гаднаас Алтаншагай ганцаараа орж ирээд бид хоёр миний авсан архийг хувааж ууж дуусгасан чинь А.А нь ганцаараа орж ирээд бид хоёр миний авсан архийг хувааж ууж дуусгасан чинь А.А нь дахиад нэг шил архи олж ууя, гэхдээ мөнгө байхгүй, хулгай хийчихье гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй, дэмий яах юм вэ гэж хэлсэн чинь А.А нь өрөөнөөс гараад явахаар би ардаас нь гарсан чинь хажуу талын өрөө рүү А.А нь өрөөнөөс гараад явахаар нь би ардаас нь гарсан чинь хажуу талын өрөө рүү А.А орчихсон байхаар нь би хаалгыг бага зэрэг онгойлгож байгаад завсраар харж байсан чинь А.А нь үүдний хэсгээс саарал куртик өмсөөд гар утас, гинжнүүд аваад гараад ирсэн юм. Тэгээд бид хоёр өрөө рүү орсон чинь А.А нь Самсунг А7 маркийн гар утас, нарийнхан мөнгөн клонотой гинж өгсөн юм. Тэгсэн чинь А.А нь буудлаас гарч явах үед нь би ардаас гараад энэ авсан эд зүйлийг буцаагаад өгье сүүлд нь гай болно шүү дээ гэж хэлсэн чинь А.А нь над руу уурлаж, дайрч байгаад өөрөөсөө түлхээд ганцаараа гараад явсан юм. ...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сансарын тэнд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт 170.000 төгрөгөөр барьцаалсан, харин надад өөрт маань миний авсан мөнгөн гинж байгаа юм. Би гар утас барьцаасан мөнгөөр нь буудал авч архи ууж байгаад маргааш нь цагдаагийн ажилтанд баригдсан. Би А.Аг тухайн эд зүйлсийг хулгайлж авсан талаар мэдэж байгаа, хаалганы гаднаас хараад зогсож байсан юм. Би тухайн өрөө рүү бол огт ороогүй юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар тал/,
Яллагдагч А.Ан “Би Анхбаярт дахиад 1 шил архи авч ууя, харин мөнгө байхгүй, хоёулаа хажуу талын өрөөнөөс хулгай хийгээд эд зүйлийг зараад дахиад архи авч ууя гэсэн санаа, зорилгыг би гаргасан чинь Ж.А нь ер нь бол зөвшөөрөхгүй юм. Тэгэхээр нь би өрөөнөөсөө гараад хажуу талын өрөө рүү орсон чинь 2 үл таних ах унтаж байхаар нь цонхны тавцан дээр 2 ширхэг гар утас, 2 ширхэг гар утас байхаар нь аваад мөн үүдэнд нь өлгөөтэй саарал өнгийн куртикийг өмсөж гараад Ж.Аын хамт буцаад өрөөндөө ороод нэг ширхэг гинж, нэг ширхэг гар утсыг нь Ж.Ат өгчхөөд буудлын үүдэн дээр ирээд гарах гэтэл Ж.А миний ардаас ирээд хоёулаа болъё, чи авсан юм аа, би ч авсан юм аа буцаагаад өгье гэж хэлэхээр нь би хуцаад бай гэж хэлээд түлхчхээд яваад өгсөн юм. Би маргааш нь гар утсыг нь Тэди гар утас худалдааны төвийн гадна талд зогсож байсан үл таних ахад 220.000 төгрөгөөр ахын маань гар утас байгаа юм гэж хэлээд зарсан юм. Харин гинжийг нь таксинд сууж явж байгаад барьцаанд үлдээчихсэн юм. Саарал өнгийн куртикэнд байсан бугуйн цагийг үл таних хүнд 15.000 төгрөгөөр зарсан юм. Харин саарал өнгийн куртикийг нь Халдварт руу явах замд байх цайны газарт 11.500 төгрөгөөр хоол идээд барьцаанд нь үлдээчихсэн, бичиг баримтууд нь куртикний хамт үлдээсэн юм. Тэгээд л орой нь цагдаагийн байгууллагын ажилтанд баригдсан юм. Би архи ууж байхдаа дахиж архи авч уух гээд хулгай хийсэн юм. Тэрнээс өөр сэдэл зорилго бол байхгүй, би энэ үйлдэлдээ гэмшиж байна. Би тухайн өрөө рүү ганцаараа орж эд зүйлсийг нь авсан, харин Ж.А нь буудлын коридорт намайг хараад зогсож байсан юм, тэрнээс өрөө рүү орсон зүйл бол байхгүй, харин намайг нууцаар эд зүйл авч байхыг маань харсан юм. Тэгээд би өрөөндөө ороод Ж.Ат Самбунг А7 маркийн гар утас, 1 ширхэг мөнгөн гинж өгсөн юм. Ж.Аын тухайн эд зүйлийг яасан талаар бол мэдэхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээсэн бол үнэн, гэхдээ болсон асуудлын талаар бүрэн санаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 86-93 дугаар тал/,
“Free” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-84 дүгээр тал/,
Хохирогч Ц.Батцэцэгийн “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн үед би гэртээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар байрны 1001 тоотод байхад миний фейсбүүк цахим хаяг руу Zorigt Choihor гэсэн нэртэй нөхрийн фейсбүүк хаягаар цагдаа байна нөхөр чинь Есүй гэх нэртэй бааранд байна, би утсыг нь авсан байна 100.000 төгрөгийн торгууль төлөөд нөхрөө ав гэхээр нь би чадахгүй, ажилтай байна гэтэл тэгвэл нөхрийг чинь эрүүлжүүлэх рүү ачаад 300.000 төгрөгөөр торгож, 30 хоног баривчилгаанд явуулна гэхээр нь би тэг тэг гээд утсаа тасалсан.. Би нөхөр лүү залгаад юу болсныг нь асуугаад өгөөч гэж гуйсан. Удалгүй найз нь 5075363153 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлж овог нэрээ утган дээр нь бич гэж хэлсэн. Тэр найз нь хэлэхдээ танай нөхөр чинь хүмүүстэй маргалдаад баарны тооцоог хийхгүй гэсэн юм шиг байна. Тэгээд цагдаа ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр 12 цагийн үед гэрт ороод ирсэн. Маргааш нь сэрээд 97121112 дугаартай утсанд залгахад би оюутан шавь нь байна, та өчигдөр 70.000 төгрөг шилжүүлсэн, одоо 50.000 төгрөг шилжүүлчих утсыг чинь аваачаад өгье гэж хэлсэн. Би тэгэхлээр нь юу яриад байгаа юм, өчигдөр 100.000 төгрөг авсан, өнөөдөр бас 50.000 төгрөг нэхэж байна, би цагдаад мэдэгдэнэ гэтэл тэг тэг гэж хариулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дугаар тал/,
Гэрч Ч.Зоригтын “2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Арслантай гүүрний хажуу талд байдаг Есүй нэртэй пабд ганцаараа архи уугаад сууж байгаад согтоод ширээгээ дэрлээд унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд харахад миний Самсунг Эс 7 маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд гэртээ харихад манай эхнэр чиний утаснаас нэг хүн залгаад танай нөхрийг чинь цагдаа дээр аваад ирсэн
байна 100.000 төгрөг өгвөл явуулъя гэж хэлэхэд нь манай эхнэр явуулчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164 дүгээр тал/,
Zorigt Choinkhor гэсэн нэртэй фейсбүүк хаягаас бичсэн чатын хуулбар /хавтаст хэргийн 151-152 дугаар тал/,
Хохирогч Ц.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 157 дугаар тал/,
Яллагдагч А.Ан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186 дугаар тал/,
Шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Б.Байгалмаагаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл баримт бичиг, бусад баримт хүлээлгэн өгсөн “Мөнгө мэт цагаан саарал өнгөтэй цоожлогч хэсэгтээ 925 гэсэн бичиглэлтэй 60 см урттай, 0.8 см өргөнтэй гинж 1 ширхэг, Мөнгө мэт цагаан саарал өнгөтэй цоожлогддог хэсэгтээ 769 гэсэн бичиглэлтэй, 65см урттай, 0.1 см өргөнтэй гинж зэргийг хохирогч Ц.Билгүүнсайханд хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” тогтоол /хавтаст хэргийн 100 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ЦХШЗ/01/я “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамж /хавтаст хэргийн 111-113 дугаар тал/,
Сэжигтэн А.Ан “Би тухайн эд зүйлсээс Самсунг А7 загварын гар утас, 1 ширхэг хүзүүний мөнгөн гинж зэргийг Анхбаярт өгөөд бусдыг нь өөрөө аваад тухайн буудлаас гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дугаар тал/,
Сэжигтэн Ж.Аын “Би тухайн эд зүйлсээс Самсунг А7 загварын гар утас, 1 ширхэг хүзүүний мөнгөн гинж зэргийг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/,
“Free” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-84 дүгээр тал/ эд мөрийн баримт болох бичлэг бүхий CD 1 ширхэг,
Шүүгдэгч А.Ан өмгөөлөгч У.Сайнбилэгээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхгийг хохирогч С.Зоригтсайханд хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгө мэт цагаан саарал өнгөтэй цоожлогч хэсэгтээ 925 гэсэн бичиглэлтэй 60 см урттай, 0.8 см өргөнтэй гинж 1 ширхэг, Мөнгө мэт цагаан саарал өнгөтэй цоожлогддог хэсэгтээ 769 гэсэн бичиглэлтэй, 65см урттай, 0.1 см өргөнтэй гинж зэргийг хохирогч Ц.Билгүүнсайханд хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Саарал өнгийн куртик 1 ширхгийг хохирогч Ц.Билгүүнсайханд хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Шүүгдэгч Ж.А, А.А нарын хувийн байдалтай холбоотой баримтууд
А.А, Ж.А нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 72, 80 дугаар тал/,А.А, Ж.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62, 64 дүгээр тал/,
Ж.Ат холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 74-79 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ж.Аын зүгээс үйлдэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Б.Байгалмаагаас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.А, Ж.А нар зочид буудалд өрөө авч найзуудын хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар дахин нэмж уухыг хүссэн, А.А нь шөнийн цагаар тус буудлын бусад өрөөнд үйлчлүүлж байсан иргэдийн эд хөрөнгийн авч архины мөнгө болгох санал санаачилга гаргасныг Ж.А хүлээн зөвшөөрөөгүй, А.А шууд буудлын өрөө рүү орж унтаж буй хүмүүсийн гар утас 2 ширхэг, гинж 2 ширхэг, куртик, цамц, өмд, хувцасны халаасанд байсан эд зүйлсийг авч гарч ирсэн, энэ үед Ж.А өрөөний гадна талд А.Аг хараад зогсож байсан, А.А авсан эд зүйлээсээ гар утас 1 ширхэг, шинж 1 ширхэг зэргийг Ж.Ат өгсөн, энэ үед Ж.А бусдын эд хөрөнгийг буцааж өгье гэж А.Ад хэлсэн боловч тоогоогүй, улмаар хулгайлсан эд хөрөнгийг өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.
Ж.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй боловч уг мэдүүлэг нь яллагдагч А.Ан мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтаар давхар нотлогдсон, өөрөөр хэлбэл тус буудлын өрөө рүү Ж.А ороогүй, хулгай хийх талаар урьдчилан үүрэг оролцоо хуваарилсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Ж.Аын хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан, харж байсан, уг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч ашигласан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 1001 тоотод байсан хохирогч Ц.Батцэцэгтэй нөхрийнх нь фейсбүүк хаягаар цагдаагийн ажилтан мэтээр холбогдон харьцаж торгуулийн мөнгө өгөхгүй бол нөхрийг чинь эрүүлжүүлэх байр руу авч явна гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Free зочид буудлын 16 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн хохирогч С.Зоригтсайханы эзэмшлийн Samsung А51 загварын гар утас, цамц, машины түлхүүр, бичиг баримт, хохирогч Ц.Билгүүнсайханы эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, куртка, өмд, машины түлхүүр, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Free зочид буудлын 16 тоот өрөөнөөс бусдын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч С.Зоригтсайхан, Ц.Билгүүнсайхан, Ц.Батцэцэг, гэрч М.Бэгзсүрэн, Ч.Зоригт, иргэний нэхэмжлэгч Ч.Амарболд, яллагдагч А.А, Ж.А нарын мэдүүлэг, фейсбүүк чатын хуулбар, дансаар мөнгө шилжүүлсэн баримт, мэдүүлгийн газарт дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон эд мөрийн баримт буюу дүрс бичлэг бүхий СD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш бодит хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг,
Бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учирсан байх залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ.
Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын үйлчлүүлж байсан зочид буудлын өрөөнд зөвшөөрөлгүй орсон үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж хүндрүүлэн авч үзсэн нь зөв зүйтэй байна.
Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаас эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бөгөөд уг үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Ат холбогдох мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр зориуд авсан, ашигласан байх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг авсан, эзэмшсэн, ашигласан, эд хөрөнгийг өөрчилсөн, шилжүүлсэн, нуун далдалсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А, Ж.А нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ж.Ат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
А.Аг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлсан, Ж.Аыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, ямар нэг аргаар согтууруулах ундааны зүйл дахин хэрэглэх гэсэн санаа сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох зорилго, мөн зочид буудлын зүгээс шөнийн цагаар бусдын өрөөнд орох, гарах, сэлгүүцэх нөхцөл байдалд хяналт тавьж чадаагүй, хараа хяналт сул, хариуцлагагүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Прокуророос хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа учруулсан хохирлын хэмжээг 1.250.000 төгрөг гэж бичсэн нь эд зүйлийн үнэлгээний тайлангаар тогтоосон 1.107.000 төгрөгийн үнийн дүнгээс зөрсөн боловч шүүх шилжих ирсэн хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, нөхөн төлүүлэх хохирлын тооцоог тодорхойлж тогтоолоо.
Шүүгдэгч Ж.Аын хувьд гэмт хэрэг үйлдэж авсан болохыг мэдсээр байж авсан гэх хохирогч Ц.Билгүүнсайханы эзэмшлийн мөнгөн гинж, гар утас зэргийг буцаан өгөх байдлаар төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ан хувьд хохирогч С.Зоригтсайханы эзэмшлийн машины түлхүүр, цамц зэргийг, хохирогч Ц.Билгүүнсайханы эзэмшлийн мөнгөн гинж, куртка зэргийг буцаан өгөх байдлаар төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Зоригтсайханд учирсан Samsung А51 загварын гар утас 500.000 төгрөг, ажлын үнэмлэх 3000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг, Төрийн банкны виза карт 5000 төгрөг, нийт 520.500 төгрөгийн, хохирогч Ц.Билгүүнсайханд учирсан өмд 21.000 төгрөг, машины түлхүүр 100.000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг, Хаан банкны виза карт 5000 төгрөг, нийт 117.500 төгрөгийн, хохирогч Ц.Батцэцэгт учирсан 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Амарболдод учирсан 50.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Агаас нийт 921.500 төгрөг гаргуулж, хохирогч С.Зоригтсайханд 520.500 төгрөг, хохирогч Ц.Билгүүнсайханд 117.500 төгрөг, хохирогч Ц.Батцэцэгт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Амарболдод 50.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ц.Батцэцэгийн нөхөр Ч.Зоригтын эзэмшлийн гар утсыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн боловч Ч.Зоригт нь согтуугаар гар утсаа яаж алдсанаа мэдэхгүй, хулгайд алдсан байх гэж мэдүүлдэг бөгөөд Ч.Зоригтын эзэмшлийн гар утас 120.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь хохирлын бага хэмжээнд хүрэхгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх асуудал гэж үзлээ.
Шүүгдэгч А.А, Ж.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, шүүгдэгч Ж.Ат 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч А.Ад хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах саналыг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зураан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зураан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон.
Шүүгдэгч А.Ан хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Ж.Аын хувьд “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.А, А.А нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс А.Ан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгэлгүй гэх хувийн байдал, согтуугаар, амар хялбар аргаар мөнгө олж согтууруулах ундааны зүйл авах, хэрэглэх зорилгоор бусдын өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан,
А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор дүйцүүлэн 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ан хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан 2 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс Ж.Аын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа, хандлага, сонсголын хувьд бэрхшээлтэй, орчинтой харилцах харилцаа муу байдал, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан боловч согтууруулах ундааны зүйл дахин авах, хэрэглэхийн тулд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авсан, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол эд зүйлийг буцаан өгөх байдлаар төлөгдсөн, хор уршиг учраагүй гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан,
Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялыг эдлэх бүсийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
Ж.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.А, А.А нар энэ хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс нийт 101 хоног цагдан хоригдсон ба энэ хугацааг эдлэх ялаас хасаж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий компакт диск CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А, Ж.А нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ж.Ат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн”,
Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ял дүйцүүлэн, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ат оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А, Ж.Аын цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг эдэлсэн ялд тооцож, эдлэх ялаас хассугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Агаас нийт 921.500 төгрөг гаргуулж, хохирогч С.Зоригтсайханд 520.500 төгрөг, хохирогч Ц.Билгүүнсайханд 117.500 төгрөг, хохирогч Ц.Батцэцэгт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Амарболдод 50.000 төгрөг тус тус олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ