Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/496

 

2022        04         01                                  2022/ШЦТ/496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А,

шүүгдэгч Ш.Билгүүнтөгөлдөр, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Ш.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2038 00437 0076 дугаартай 2 хавтас бүхий хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймаг Тонхил суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, Модун ХХК-нд найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хороолол 6 дугаар байрны 88 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш.Б

Холбогдсон хэргийн талаар:

          Ш.Бнь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Гранд Марк-2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Бэрххэмш” гэх газар буюу Мөрөн сумаас 82 километрийн зайд Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд зорчин явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2 дахь хэсэгт “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, мөн дүрмийн 11.11 дэх хэсэгт “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохилдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээрийн осол гаргаж Б.Издагийн амь насыг хохироож, А.Агийн эрүүл мэндэд хүнд, Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б өгсөн “Хотоос гарахдаа тайван явъя гэдэг үгийг би өөрөө хэлсэн. Хоёрдугаарт машин жолоодож явахад удирдлага алдагдсан. Өөрийнхөө урсгал руу орох гэхэд удирдлага алдагдаад замын хашлага руу унасан. Тухайн үед техникийн гэмтлээс болоод осол гарсан. Энэ нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч тогтоож өгөөгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Агийн өгсөн “2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Болд-Эрдэнэтэй хамт Хатгалын онцгой байдлын амралтын газар амарсан. Буцаж явсан тул тайван явъя гээд бид нар тайван явсан. Зам хавантай байсан. Ямартай ч явж байсан юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд  л эмнэлэгт сэрсэн. 60 км/ц хурдтай явж байсан. Гомдол, санал байхгүй. Дүгнэлтүүдийг харахад хэн нэгнийг буруутгах дүгнэлт байна гэж харахгүй байна” гэх мэдүүлэг,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 26-30 дугаар тал/,

Хохирогч А.Агийн “Хатгал сумаас Жанхай амралтын газарт нэг хоноод 10 цаг өнгөрч байхад хот руу нөхөр хүүхдүүдийн хамт хөдөлсөн ... нөхөр маань Тоёота Гранд Марк-2 машиныг бариад, би бага охин Хераг өвөр дээрээ суулгаад машины урд талд суусан. Харин манай 2 охин Индра, Изида нар машины хойд талын суудал дээр суугаад хөдөлсөн. Хатгалаас хөдлөөд явж байх үедээ нөхөртөө гэр бүлээрээ явж байгаа учир тайван явж байгаад орно шүү гэж хэлж байсан. Нэлээн урд талд нэг машин явж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Хатгал сумын эмнэлэг дээр ухаан ороод, тэндээ 4 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Гэрч П.Цэрэндолгорын “Осол гарсан газар очиход замын баруун тал руу машин онхолдсон байдалтай, гурван хүүхэд газар хэвтсэн, ээж нь газар суусан. Аав нь босоод гүйсэн байдалтай байсан. Тэд нар дотроос нас барсан хүүхэд л их хүнд байсан. Том охин болон нас барсан охин, ээжид нь өвчин намдаах тариа хийсэн. Нас барсан охины хугарсан гарт нь боолт хийгээд эмнэлэг рүү хурдан авч оръё гээд машиндаа суулгаж аваад эмнэлэгт авчирсан. Аав нь машин дээрээ үлдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Ж.Болдбаатарын “2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Билгүүнтөгөлдөр гэнэт хот руу явах хэрэг гарчихлаа, яаралтай дуудаад байна гээд өмнөх өдөр нь юу ч яриагүй байснаа гэнэт явах болчихоор нь би хамт буцсан нь дээр, нэгэнт энд ирчхээд яарч яваад хэрэггүй гэж хэлж байсан. Билгүүнтөгөлдөр машинаа бариад, эхнэр нь хажууд нь суугаад, ар талд нь хүүхдүүд нь суугаад Хөвсгөлөөс хөдөлсөн ... Хатгалаас Хөвсгөл орох замууд мөн адил энэ тэндээ эвдрэлтэй байсан. Зарим хэсгээр дээшээ, зарим газраа доошоо, мэдэхгүй хүн бол явахад их хэцүү зам гэж би бодсон. Тэр үед хөдөлгөөн ихтэй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-87 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаартай “Амь хохирогч Б.Изадагийн цогцост цээж, хэвлийд хавсарсан битүү гэмтэл, баруун атгаалж чөмөг, зүүн эгэмд хугарал, зулайн хуйханд няцралт, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, ууц, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Б.Изида нь авто ослын улмаас цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл авч цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 95-98 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 393 дугаартай “А.Агийн биед зүүн талын 2-4 дүгээр хавирганд хугарал, цээжний хөндийд цусан хураа, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. А.Агийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн 391 дугаартай “Б.Херагийн биед духанд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Б.Херагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 102 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2889 дугаартай “Б.Индрагийн биед 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины няцрал, тархи доргилт, зүүн хацар, духны зүүн талд зулгарсан шарх гэмтэл учирчээ. Зүүн талын олон хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 106-108 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3504 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Тoyota mark II grande маркийн, GX 110-6082868 тоот арлын дугаартай, 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Баруун урд дугуй, жолооны механизм ослын өмнө, бусад эд ангиуд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Ослын үед эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлөхгүй. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул дугуй, жолооны механизм осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Тоормос шингэн дамжуулгатай, АВS системтэй. Тоормосны урд хоёр хавчигч ажиллана. Зориулалтын багажгүй тул хүчний үзүүлэлтийг тогтоох боломжгүй. Битүүмж алдсан тул арын хавчигчуудын ажиллагааг шалгах боломжгүй. 15-86 УБЗ улсын дугаараар smart.car.mn сайтад хайлт хийхэд 2020 оны 07 дугаар сарын 09-ний техникийн хяналтын үзлэгт ороод тэнцээгүй байна. Уг автомашины зай хураагуур, 1, 2 дугаар цилиндрийн катушка, хий хуваарилах механизмын VVTI, стартер зэрэг эд ангиудыг тайлж авсан байна” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 29-62 дугаар тал/,

  Шинжээч Г.Цэндсүрэнгийн “Баруун урд дугуйны хээний гүн нь газар тулах хэсгээрээ 1.5 мл хэмжээтэй байгаа нь MNS 4598-2000 стандартын шаардлага хангахгүй. Энэ дугуйнд илэгдсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүсдэг тул ослын өмнө шаардлага хангахгүй байсан байна. Харин жолооны механизм нь гидерийн шингэн хоосон боловч зураг 33-т үзүүлсэн жолооны хүчлүүрийн насосны даралтын гуурс нь гадна талаараа тос мэт зүйлээр бохирлогдож хөлөрсөн. Зураг 52-54т үзүүлсэн жолооны аппарат, жолооны хөндлөн баруун зүүн татуурганы хамгаалах резинүүд нь бүрэн ил харагдах гэмтэлгүй ямар нэг тосоор бохирлогдоогүй байгаа учир энэ ашиглалтын явцад, жолооны өндөр даралтын насосын гуурсаар битүүмж алдагдсан байж болно. Ийм гэмтэл нь ашиглалтын явцад үүсдэг. Жолооны шингэнгүй болсон учир жолооны механизмын ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүндрэл үүсдэг. Ажиллагааг шалгах гэтэл хөдөлгүүр асахгүй, жолооны хүрд цоожтой учир ажиллагааг шалгах боломжгүй байсан. Шингэнгүй болох эвдрэл нь ашиглалтын явцад үүсдэг учир ослын өмнө жолооны механизмийн ажиллагаа бүрэн бус байсан байна.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 66 дугаар тал/,

 “Цагаан шонхор жигүүр” НҮТББ-ийн шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/01 дугаартай “Тоyota grand mark II маркийн 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Бнь Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”,  мөн дүрмийн 11.11 дэх хэсэг “энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиодолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хоригдоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино гэж заасан бөгөөд Toyota grand mark II маркийн 15-86 УБЗ улсын удгаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Бнь мөн дүрмийн холбогдох заалт буюу энэхүү дүгнэлтийн 1.1 дэх заалтад тусгасан заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол үлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна. Уг осолд тээврийн хэрэгслээс шалтгаалах нөхцөл байдлыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3504 дүгээр дүгнэлтийн 1, 2 дугаар заалтаар хариулсан байх бөгөөд замын нөхцөл байдал уг осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй. Хариун зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр жолоочийн зүгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад жолооны хүрдийг баруун гар тийш огцом эргүүлэх /эсхүл өөр хэн нэгэн жолооны хүрдийг татах, түлхэх зэргээр гадны нөлөө үзүүлэх/-д үүсдэг мөр зам дээр үлдсэн байгаа нь тухайн жолооч осол болохын өмнө зүүрмэглэх буюу бусад байдлаар анхаарал сарниснаас шалтгаалан эсрэг урсгалд орох зэргээр аюултай нөхцөл тулгарсныг мэдмэгц гаргадаг тосон хариулах үйлдлийн илрэл. Хэргийн оролцогч нараас тавьсан асуултад энэхүү дүгнэлтийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт хариулсан. 1.5 Шинжилгээний явцад уг хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдоогүй. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал, тэмдэг тэмдэглэл, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар жолоочийн жолоодох чадварыг тодорхойлох боломжгүй байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3504 дүгээр дүгнэлтийн 1, 2 дугаар заалтаар хариулсан байнагэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Агаас тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Ш.Б өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх  хавтаст хэргийн 10 дугаар тал/,

 Осол, хэрэг гарсан газар дээр нөхөн хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал/,

 Хохирогч А.Агийн “... Нөхөр бид 2 согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Зам орчин халтиргаа гулгаа байхгүй, тэнгэр цэлмэг, үзэгдэх орчин хэвийн, шулуун замтай байсан. Хэвийн хурдтай буюу 60-70 км цагийн хурдтай явж байсан. Манай нөхөр бид 2 суудлын бүс зүүсэн байсан. Харин ард суусан хүүхдүүдийг суудлын бүс зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй. Манай нөхөр машин бариад бага охин Хераг өвөр дээрээ суулгаад, ард манай 2 охин сууж явсан. Нөхөр бид 2 суудлын бүсээ зүүсэн байсан. Харин ар талд суусан хүүхдүүд зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Ш.Б гэрчээр өгсөн “Тэгээд замын цагдаагийн пост өнгөрөөд хэсэг явж байгаад гүвээ давтал манай эхнэр хэдүүлээ бие засчихаад хөдөлөх үү гэсэн. Тухайн үед Хатгалд бороо шиврэх маягтай байсан учир бид хэд замдаа бие засчихаад хөдөлсөн. Тэгээд Хатгалаас гараад нээх их холгүй 10 гаран минут явж байтал миний урд талд нэлээн хол зайтай нэг машин явж байсан. Харин хойноос болон эсрэг талд ямар нэгэн машин явж байгаагүй. Замдаа бид хэд юм ярилцаад инээлдээд явж байхад гэнэт үрүүл хүндрээд явчихаар нь тоормос гишгээд машинаа тэнцвэржүүлэх гэтэл замын хажуу тал руу гэнэт яваад орчихсон. Би тухайн үед яагаад замын хажуу тал руу орсон, тухайн үед яг юу болсоныг бол санахгүй байна. Замын хажуу тал руу онхолдчихоод машин дотор байж байх үедээ хүүхдүүд болон эхнэрээ харсан. Тэгтэл манай том охин ааваа би зүүдлээгүй биз дээ гэж хэлсэн. Тэр үед ухаан ороод эхнэр, хүүхдүүдээ машинаас гаргаад тэнд самгардсан байдалтай байсан. Замаар явж байсан хүмүүс түргэн дуудсан байж магадгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвд тээврийн хэрэгслийн оношилгоо, техникийн дүгнэлт гаргуулах шинжээч томилсон тогтоол хүргүүлсэн талаарх албан тоот /1 дэх хавтаст хэргийн 112 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай “15-86 УБЗ улсын дугаартай тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг ирүүлсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тул шинжээчийн дүгнэлтийг гаргах боломжгүйг мэдэгдье” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 115 дугаар  тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай мөрдөгчийн “Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай мөрдөгчийн “Toyota grand маркийн 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар тал/.

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас “Зам тээврийн осолд орсон гэх Toyota Mark II загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үзлэг, оношилгоонд оруулж тэнцсэн” гэсэн дүгнэлт /1 дэх  хавтаст хэргийн 133 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3504 дугаартай дүгнэлт, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /2 дахь хавтаст хэргийн 29-62 дугаар тал/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /2 дахь хавтаст хэргийн 66 дугаар тал/,

Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10 дугаартай “Техникийн шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн Гранд марк 2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Бнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн үеийн уг авто машины хурдыг тодорхойлоход шаардлагатай өгөгдөл хавтаст хэрэгт авагдаагүй тул уг ослын шалтгааныг тээврийн хэрэгслийн хурдтай холбон тайлбарлах боломжгүй байна. Гранд марк 2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүчлүүрийн шингэн байхгүй болсон байгаа боловч уг шингэн нь ослын үед, ослын дараа эсвэл ослын өмнө хоосон болсныг тогтоох боломжгүй. Замын нөхцөл уг осол болоход нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

Шинжээч Д.Бадрахын өгсөн “Хавтаст хэргийн авагдсан материалд үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг ослоос өмнөх болон осолд орох үед ямар гэмтэлтэй байсан эсэх, мөн дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох баримт байхгүй учир уг жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх боломжгүй байна. Энэ хэрэгт осол, хэрэг гарсан нь үнэн байна. Харин уг жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооход нотлох баримт хангалтгүй учир дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

         Шинжээч Ж.Мягмаржарын өгсөн “Энэ зам тээврийн осол нь стандартын шаардлага хангасан зам дээр гарсан. Жолоочийн замын хөдөлгөөнийг зөрчсөн гэх ямар нэгэн үндэслэл хавтаст хэрэгт байхгүй. Техникийн хувьд жолооны хүчлүүрийн шингэн байхгүй гэж байгаа боловч ослын үзлэг хийсэн хүмүүс тухайн үед энэ шингэн дундарсан, байхгүй болсон талаар тэмдэглэл хийгээгүй байна. Иймд техникээс, замаас, жолоочоос шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ийм учраас жолооч ямар нэгэн дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Жолооч эсрэг урсгалд орсон нь Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил мөн. Гэвч тухайн ослыг үүсгэх шалтгаан нөхцөл бол биш. Харин замаас хальж гарч далан руу унаж онхолдсон нь жинхэнэ шалтгааныг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байгаа. Иймд ослыг үүсгэсэн шалтгаан нөхцөлийг шинжээчид тогтоож чадахгүй байна. Тэгэхдээ энэ осол нь зам тээврийн осол, хэрэг мөн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Шинжээч С.Цэцэгжаргалын “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах буюу 21 жил хэрэг бүртгэгчээр ажилласан. Би замын цагдаад ажиллаж байхдаа ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, энэ чиглэлээр дүгнэлт гаргасан байсан. Цагаан шонхорын жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагад гишүүнээр ажилладаг. Манай байгууллага нь цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ахмад ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргах, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажил үйлчилгээ явуулдаг” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 85 дугаар тал/,

Шинжээч Б.Цэндзэсэмийн “Би эрхзүйч, инженер мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 29 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байхдаа дүгнэлт гаргаж байсан, гаргасан дүгнэлттэй холбогдуулж шүүх хуралдаанд тогтмол оролцдог байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87 дугаар тал/,

Шинжээч Б.Галсанжамцын “Цагдаагийн байгууллагад 21 жил, үүнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 15 жил ажилласан Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжийг боловсруулахад оролцсон, сургагч багш” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр тал/,

“Цагаан шонхор жигүүр” НҮТББ-ийн шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/01 дугаартай дүгнэлт, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /2 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой

Гэрч С.Мөнхбаатарын “Билгүүнтөгөлдөрийг 1995 оноос эхлэн мэддэг болоод найзалж эхэлсэн. Би тухайн үед МУИС-ийн нийгэм судлалын ангид, манай найз КУДС-ийн найруулагчийн ангид сурч байсан. Ш.Бнь ямар нэгэн гаж буруу зангүй өөрийн мэргэжилдээ дуртай хүн. Манай найз гэр бүл болон үр хүүхдэдээ хайр халамжтай айлын сайн эцэг хүн. Уран бүтээлийн ажил их хийдэг өөрийн гэсэн студитэй, кино зохиол бичдэг, дуучдын клип, кино зэрэг зүйлс хийдэг” гэх мэдүүлэг /1 дах хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Гэрч Н.Анхбаярын “Ш.Бнь даруу төлөв зантай, хүнтэй нийтэч, бусдад тусархуу, мэддэг зүйлээ өөр хэн хэнд хэлж өгөх дуртай ном их уншдаг нэг үгээр тодорхойлох юм бол зөн хүн байгаа юм. Манай найз хүн чанартай ажилдаа дуртай шинэ залуу найруулагч нарт харамжгүй мэдлэг чадвараасаа хуваалцдаг хүн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Ш.Б Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 139 дугаар тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 93 дугаар тал/, Иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 135 дугаар тал/, Жолоодох эрхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Ш.Билгүүнтөгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах байр суурь, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоогоогүй үндэслэлээр маргаж, Ш.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Ш.Б холбогдох хэрэгт зам тээврийн ослын шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөгчийн магадалгаа, Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээчдийн  дүгнэлт, Цагаан шонхор жигүүр” холбооны шинжээчдийн дүгнэлт тус тус гаргуулсан боловч харилцан эрс зөрүүтэй байдлаар дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл тээврийн цагдаагийн албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар Ш.Билгүүнтөгөлдөрийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж, Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10 дугаартай дүгнэлтээр Ш.Билгүүнтөгөлдөрийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж, Цагаан шонхор жигүүр НҮТББ-ийн шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/01 дугаартай дүгнэлтээр Ш.Билгүүнтөгөлдөрийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж тус тус дүгнэсэн, эрс зөрүүтэй гарсан 2 дүгнэлтийг хагалж 3 дахь дүгнэлт гарчээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун урд дугуй, жолооны механизм ослын өмнө, бусад эд ангиуд ослын үед үүссэн эвдрэл гэмтэл болохыг тогтоож, Ослын үед үүссэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй, ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шинжээч Д.Бадрахын “Хавтаст хэргийн авагдсан материалд үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг ослоос өмнөх болон осолд орох үед ямар гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох баримт байхгүй учир Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн гэж үзэх боломжгүй” гэх мэдүүлгээс үзэхэд Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлтийг ашиглаагүй, харгалзаагүй, дээрх дүгнэлттэй танилцаагүй байхдаа дүгнэлт гаргажээ.

Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээч нарт холбогдох баримтыг дутуу хүргүүлсэн, уг баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй гэдэг байдлаар дүгнэлтийн үндэслэлээр тайлбарлаж мэдүүлэг өгсөн байгааг анхаарах нь зүйтэй.

Эрс зөрүүтэй гарсан гэх Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн шинжээчдийн дүгнэлт нь эргэлзээтэй, шинжээч дүгнэлтээ үндэслэл бүхий тайбарлаж, хамгаалж чадаагүй, уг дүгнэлтийг үгүйсгэсэн мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд хэрэгт цугларсан тул шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзэж, өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах байр суурийг няцааж байна.

            Шүүгдэгч Ш.Бнь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Гранд Марк-2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Бэрхэмш гэх газарт Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд зорчин явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.2 дахь хэсэгт “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, 11.11 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээрийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан охин Б.Издагийн амь нас хохирч, эхнэр А.Агийн эрүүл мэндэд хүнд, охин Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, охин Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 10-14 дүгээр тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 26-30 дугаар тал/, хохирогч А.Агийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, Хөвсгөл аймаг дах Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 95-98, 100, 102 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн  шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 106-108 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 116 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 29-62 дугаар тал/, шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 66 дугаар тал/, “Цагаан шонхор жигүүр” холбооны шинжээчдийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар тал/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ш.Бнь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Гранд Марк-2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулсан, тэнцсэн талаар дүгнэлт гарсан, 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамт амрах, аялах зорилгоор хотоос гарч хөдөө явсан, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу буцахаар Хөвсгөл аймгийн Хатгал сумаас Мөрөн сумын чиглэлд өдрийн цагаар, асфальтан хучилттай, хуурай тэгш гадаргуутай, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг чигийн хөдөлгөөнтэй, хашлагагүй замд тээврийн хэрэгсэл жолоодон явсан, жолооч явж байсан чиглэлээсээ гарч, эсрэг урсгал руу орж замын хажуу руу унаж онхолдсон зам тээврийн осол гарсан, тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт сууж явсан 1 хүүхдийн амь нас хохирч, бусдынх нь биед хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учирсан, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан талаар шинжээч дүгнэсэн гэх үйл баримт тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Шүүгдэгч Ш.Бнь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус утас учруулж,  1 хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Ш.Б үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй  хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 3 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан ба аль хүнд хохирол, хор уршигт багтаан хэргийг зүйлчилсэн нь зөв зүйтэй болжээ.

Тээврийн прокурорын газраас Ш.Билгүүнтөгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Ш.Б “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 1 хүний амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

             Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Агаас гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон амь нас хохирсон хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй, цаашид гомдол саналгүй, хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялаас 2 жилийг хасаж, 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол

Шүүгдэгч Ш.Б өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

              Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Ш.Б хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Ш.Б урьд ял шийтгэлгүй, осолд өртсөн гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч гашуудаж байгаа хувийн байдал, ослын улмаас гэр бүлийн гишүүд талийгаач, хохирогч, шүүгдэгч болсон, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хор уршиг нөхөгдөхгүй арилахгүй шинж чанар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарахаар хуульчилжээ.

Ш.Б үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд дээрх хуулийн үйлчлэлд ялаас өршөөн хасах байдлаар хамаарах бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... Авто тээврийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтанд шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу Ш.Б шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн 352003 дугаартай Ш.Б жолоочийн түр зөвшөөрлийг эрх хасах нэмэгдэл ялыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ш.Б шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, ял эдэлсэнд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн 352003 дугаартай Ш.Б жолоочийн түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  нэхэмжлэх зүйлгүй, цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ