Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 113

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Ш.Баярбилэг, 

Шүүгдэгч Ц.Түвшин, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Ц.Түвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000119 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх эгч дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Дархан Чойдов овогт Цагаанхүүгийн Түвшин /РД: УХ92121616/

2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 11 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод 20-89 УБЦ улсын дугаартай Toyota Duet маркын автомашин дотор хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  Шүүгдэгч Ц.Түвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгнө гээд.  2016 оны 06 дугаар сарын 05 өдөр 10 цагийн үед ээжтэй хамт машинаар Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу явж байгаад замд олс гэдэг ургамал байсан болохоор мөн үү биш үү гэж бодоод сонирхож үзээд хэсгийг түүсэн. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 09 өдөр найз нартайгаа нөгөө түүсэн ургамлыг хэрэглэж үзэх гэж байгаад цагдаад баригдсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт,

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ц.Түвшин нь Мансууруулах сэтгэцэд
нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5218 дугаартай дүгнэлт,

-Шинжилгээнд ирүүлсэн Цагаанхүү овогтой Түвшингийн биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинол /ТНС/ агууламж илэрсэн байна.

-Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5223 дугаартай дүгнэлт,

Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын  сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 587 дугаартай дүгнэлт,

-...Ц.Түвшин нь мөрдөн байцаалт шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна Ц.Түвшин нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Түвшин нь мансуурах донтой мансуурууах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна..

Э.Гэрч Л.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх Хар уул нэртэй хайрханг 2008 онд бөөгийн сахиус хүлээж авсан цагаасаа шүтэж тахиж ирсэн. Уг хайрханыг хавар болгон очиж тахидаг бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүүгийн хамт очиж хайрханаа тахичихаад өдөртөө гэртээ ирсэн...уг автомашин нь манай том охин Даваасүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Охин маань Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод гаалийн байцаагч хийдэг юм. Тэр болгон хотод ирээд байдаггүй болохоор машиныг нь Түвшин голдуу унадаг... гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Ц.Түвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ээж Л.Алтантуяагийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хар уул гэдэг хайрханд өргөл өргөхөөр Улаанбаатар хотоос 10 цагийн үед хөдөлсөн. 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж Хар уул хайрханы орчим очоод ээж бид хоёр өргөлөө өргөчихөөд буцсан. Мандал сумаас буцаад Улаанбаатар хот руу явж байгаад замдаа зогсоод бие засаж байхад замын хажуу талын жалганд Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургасан байхаар нь бага зэргийг түүж аваад өмднийхээ халаасанд хийчихсэн юм. Тухайн үед ээж надтай хамт явсан болохоор ээжээс айгаад бага зэргийг л авсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ ирээд ээжийг гэртээ орсон хойгуур нь өмдний халаасанд байсан өвсөө гялгар уутанд хийгээд машины урд хайрцаг дотор хийгээд мартчихсан юм. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр машинаа цэвэрлэж байгаад түүсэн өвс олсон. ... гэсэн мэдүүлэг,  

Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсээс ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10/5-835 дугаартай ... Дээрх аймгуудаас 2013-2015 онд Хууль зүйн яам, орон нутгийн цагдаагийн газартай хамтран Төв, Дархан -Уул, Сэлэнгэ, Орхон амгийн тархац, арви ихтэй ургасан нутаг дэвсгэрт хэсэгчлэн хогийн олсын ургамал /каннабис/-ыг устгах ажлын зохион байгуулсан .. гэх албан бичиг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татан шалгагдсан Т.Энхчулуун, Д.Дүүрэнжаргал, Б.Пүрэвдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Түвшин нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 11 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод 20-89 УБЦ улсын дугаартай Toyota Duet маркын автомашин дотор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5218 дугаартай дүгнэлт,

-Шинжилгээнд ирүүлсэн Цагаанхүү овогтой Түвшингийн биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинол /ТНС/ агууламж илэрсэн байна.

-Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх, 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5223 дугаартай дүгнэлт,

-Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

-Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын  сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 587 дугаартай дүгнэлт,

-...Ц.Түвшин нь мөрдөн байцаалт шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна Ц.Түвшин нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Түвшин нь мансуурах донтой мансуурууах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна..гэх,

Э.Гэрч Л.Алтантуяагийн ... уг автомашин нь манай том охин Даваасүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Охин маань Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод гаалийн байцаагч хийдэг юм. Тэр болгон хотод ирээд байдаггүй болохоор машиныг нь Түвшин голдуу унадаг... гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Ц.Түвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мандал сумаас буцаад Улаанбаатар хот руу явж байгаад замдаа зогсоод бие засаж байхад замын хажуу талын жалганд Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургасан байхаар нь бага зэргийг түүж аваад өмднийхээ халаасанд хийчихсэн юм. Тухайн үед ээж надтай хамт явсан болохоор ээжээс айгаад бага зэргийг л авсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ ирээд ээжийг гэртээ орсон хойгуур нь өмдний халаасанд байсан өвсөө гялгар уутанд хийгээд машины урд хайрцаг дотор хийгээд мартчихсан юм ... гэх мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байх тул 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан ял оноох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Дархан Чойдов овогт Цагаанхүүгийн Түвшинг 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Ц.Түвшинд 1 жилийн хорих ял оногдуулсугай. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшингийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8,3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 500 граммын багтаамжтай , тунгалаг өнгийн амсараасаа доош 10 см-ийн зайд 0,5 см-ийн радиустай түлж цоолсон байдалтай, уг цоолсон хэсгээс 3 см зайд 0,5 см радиустай мөн түлж цоолон, Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгон хийсэн, хуванцар сав зэргийг устгасугай.

 

7. Данаагийн Даваасүрэнгийн эзэмшлийн 20-89 УБЦ улсын дугаартай, бор өнгийн Тоёота Duet маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ё.ЦОГТЗАНДАН