Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 13

 

                                                                                                                                        109/ШШ2020/0013

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.О-тэй нэг гэр бүл болж дундаасаа 5 хүүхдийн эцэг эх болсон. Нөхөр О 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан. Би 1966 онд төрсөн одоо 54 настай, мал маллаж амьдардаг. Малчин нөхцөлөөр тэтгэвэрт орох гэтэл нөхөр маань Ц.О, Ш.Т гэсэн 2 нэртэй болоод малын “А” данс хүүхдүүдийн эцгийн овог нэр гээд бүх зүйл зөрөөтэй, ойлгомжгүй байдал үүсээд яах ч учраа олохгүй байдалд хүрээд байна. Уг асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч Ш.Т, Ц.О нар нь нэг хүн гэдгийг нотлох баримт тус хэлтсийн архивт байхгүй байгаа тул шүүхээр дээрх хоёр нэрийг нэг хүний нэр юм гэдгийг тогтоолгоод ирвэл бусад дагалдах бүх бичиг баримтуудыг зөвтгөөд өгч болно гэсэн. Тухайн үеийн бүртгэлийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа, миний бичиг үсэг огт мэдэхгүй байдлаас болоод баримт бичгээ будилсныг ч мэдэхгүй өдий хүрсэн. Ш.Т нь хий бүртгэгдэж явдаг. Харин Ц.О нь регистртэй.

Иймээс Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь Ц.О-тэй хамт амьдарч байсан. Т.Б-ын нөхөр Ц.О нь нас барчихсан. Ц.О--г Ш.Т гэж дууддаг байсан. Албан ёсны нэр нь Ц.О. Т.Б нь өндөр насны тэтгэвэрт орох гэхээр нөхөр нь Ш.Т, Ц.О гэсэн хоёр өөр овог хоёр өөр нэртэй болсон байна. Мөн Т.Б-ын хүүхдүүдийнх нь хоёр нь Ш.Т гэж дуудагддаг нэрээр нь овоглогдсон. Хоёр албан ёсны нэр буюу Ц.О гэдэг нэрээр овоглогдсон. Овог нэрийн зөрүүтэй асуудлаас болоод одоог хүртэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа. Иймд Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн мэдээллийн санд Ш.Т-аар ямар нэг бүртгэл байхгүй. Ц.О гэсэн регистрийн дугаараар Ч сумын 1-р баг Өлзийт голын хаягаар 2001 оны 10 дугаар сарын 26-нд хуучин иргэний үнэмлэх олгосон, 2012 оны 09 дүгээр сарын 14-нд иргэний цахим үнэмлэх олгосон, 2012 оны 10 дугаар сарын 24-нд нас барсны 23-р бүртгэлд тус тус бүртгэгдсэн байна. Мэдээллийн санд О-н О, О-н Б, О-н М нар тус тус Ц.О-р овоглосон байна гэв.

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б-аас А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Уг хэргийн маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгчээс “ ... миний бие малчин нөхцөлөөр тэтгэвэрт орох гэтэл нөхөр маань Ц.О, Ш.Т гэсэн 2 нэртэй болоод малын “А” данс хүүхдүүдийн эцгийн овог нэр бүх зүйл зөрөөтэй, ойлгомжгүй байдал үүсээд байна ... энэ нь тухайн үеийн бүртгэлийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон ... иймд Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах үндэслэлтэй ...” гэж

Хариуцагчаас “ ... Ш.Т, Ц.О нар нь нэг хүн гэдгийг нотлох баримт тус хэлтсийн иргэний баримтын архивт байгүй ... иймд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай ...” гэж тус тус маргасан байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулсан болно.

 Тухайлбал, 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн паспорт авах өргөдөл /№1/-д “Ц.О, эрэгтэй, 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б аймаг, Г сум, Б, халх ...” гэж /х.х-н 46/

1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БНМАУ-н хүн амын регистрийн карт №105 дугаарт “ Ц овогт О, паспорт сери АХ, №450592, төрсөн Б аймаг, Г сум, 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, эрэгтэй, халх, байнга оршин суудаг Өлзийт гол ...” гэж; /х.х-н 48/

2001 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21/Б/-д “Нэрс овогт Ц.О, 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Г суманд төрсөн ...” гэж; /х.х-н 40/

2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21(Б)/-д “Н овогт Ц.О, 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн ...” гэж; /х.х-н 44/

2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон иргэний /цэнхэр/ үнэмлэхэд “АР246350, овог Н, эцгийн нэр Ц, нэр О, төрсөн он, сар, өдөр 1961 оны 9 дүгээр сарын 08, эрэгтэй, төрсөн А аймаг, Ч сум” гэж; /х.х-н 12/

2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл /ИУБ-31/Б/-д “Н овогт Ц.О, эрэгтэй, халх, Б аймгийн Г суманд төрсөн ...” гэж; /х.х-н 42/

2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6552000023 дугаар Нас барсны бүртгэл /ИУБ-18(Б)/-д “ 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, Н овогт Ц.О, эрэгтэй, 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Ч сум, гэртээ нас барсан, цусны даралт ихсэх өвчин ...” гэж; /х.х-н 50/

Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151/000697 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн регистрийн дугаартай Н овогтой Ц.О 2012 оны 9 дүгээр сарын 08-нд нас барсныг А аймгийн Ч сумын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6552000023 дугаарт бүртгэсэн гэж тус тус тэмдэглэжээ. /х.х-н 6, 61-62/

Мөн Үндэсний төв архивын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/2453 дугаар лавлагаанд А аймгийн Ч сумын Өлзийт гол багт оршин суух тэргүүлэгч Ц.О 1961 оны 7 дугаар сард төрсөн 38 настай, эхнэр Т.Б 1966 оны 6 дугаар сард төрсөн 33 настай, охин О Ц 1985 оны 6 дугаар сард төрсөн 14 настай, хүү О А 1988 оны 1 дүгээр сард төрсөн 12 настай, охин О.О  1990 оны 2 дугаар сард төрсөн 9 настай, хүү О.Б 1996 оны 9 дүгээр сард төрсөн 3 настай гэж бүртгэгджээ. /х.х-н 140/

Түүнчлэн А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын 2002 оны Өлзийт гол багийн мал тооллогын баримтад “... Ц.О ... адуу 7, үхэр 13 ...” гэж, 2003 оны Өлзийт гол багийн мал тооллогын баримтад “ ... Ц.О ... адуу 1, үхэр 2 ...” гэж, 2005 оны Өлзийт гол багийн мал тооллогын баримтад Ц.О-н нэр дээр мал тоологдоогүй байна. /х.х-н 76-81/

А аймгийн Ч сумын Өлзийт гол багийн 1998 оны хүн амын бүртгэлд “ ... тэргүүн Ц О, эхнэр Т Б, Т.Ц, О.О, Т.А, О.Б ...” гэж, 2000 оны хүн амын бүртгэлд “ ... нөхөр Ц О, эхнэр Т Б, хүүхэд О Ц, О А, О О, О Б ...” гэж,  2001 оны хүн амын бүртгэлд “ ... нөхөр Ц О, эхнэр Т Б ...” гэж, 2009 оны  хүн амын бүртгэлд “ ... Н, Ц.О, Х, Т Б, О.О, О.Б, О.М ...” гэж, 2010 оны хүн амын бүртгэлд “ ... Н, Ц О, Х, Т Б, О.О, О.Б, О.М ...” гэж, 2007 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт “ ... Ц.О, Т  Б, О А, О О, О Б, О М ...” гэж, 2012 оны хүн амын бүртгэлд “ ... Х, Т Б, О.Б, О.М, О.О ...” гэж тус тус бүртгэжээ. /х.х-н 82-89/

Нэхэмжлэгч Т.Б-ын тухайд, 2012 оны А аймгийн Ч сумын Өлзийт гол багийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн судалгаанд “ ... 32.Х, Т, Б ...” гэж бүртгэгдсэн, улмаар А аймгийн Ч сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг Өлзийт гол баг Т.Б-д 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх олгохоор шийдвэрлэжээ. /х.х-н 90-106/

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Б-аас “Талийгаач Ц.О нь 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ш.Т нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, 79122 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг А аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ц.О нь хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. /х.х.-н 100/

Мөн Т.Б-аас “А аймгийн Ч сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг болон Д Б-ны 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг А аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 488 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар А  аймгийн Ч сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг болон Д-н Б-ны 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х овогт Т.Б мөн болохыг тогтоож шийдвэрлэжээ. /х.х-н 101/

/Ц.О/ нь Ш.Т нэрээр бүртгэгдэж байсан тухайд,

Мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 151/000692 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд Ш Т, Т Б нарын 1984 оны 10 дугаар сарын 11-нд гэр бүл болсныг А аймгийн Ч сумын 4-рт 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн гэж; /х.х-н 7, 63-64/

А аймгийн Ч сумын 1985-1986 оны хүүхэд төрснийг бүртгэх дэвтрийн 63 дугаарт эцэг Ш Т, эх Т Б, хүүхдийн овог нэр Т Ц, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн ... “ гэж, 1987-1988 оны хүүхэд төрснийг бүртгэх дэвтрийн 11 дугаарт эцэг Ш Т, эх Т Б, хүүхдийн овог нэр Т А, 1988 оны 1 дүгээр  сарын 29-ний өдөр төрсөн ...” гэж, 1996-1997 оны хүүхэд төрснийг бүртгэх дэвтрийн 79 дугаарт эцэг Ц О, эх Т Б, хүүхдийн овог нар О Батсүх, 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн ...” гэж, 2000-2002 оны хүүхэд төрснийг бүртгэх дэвтрийн 115 дугаарт “ эцэг Ц.О, эх Т Б, хүүхдийн овог, нэр О М, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...” гэж бүртгэсэн байна. /х.х-н 51-60/

Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 151/002441 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд Ш Т, Т Б нарын гэр бүлд 1988 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлэгт Т-ын А-г 1988 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1419 дүгээрт бүртгэсэн гэж;  2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 151/002440 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд Ш Т, Т Б нарын гэр бүлд 1985 оны 6 дугаар сарын 12-нд Ч төрөхөд төрүүлсэн Т-ын Ц-г 1985 оны 6 дугаар  сарын 17-ны өдөр А аймаг Ч сумын 63 дугаарт бүртгэсэн гэж;  2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр олгосон иргэний /цэнхэр/ үнэмлэхэд “Х, эцгийн нэр Т, нэр Б, төрсөн он, сар, өдөр 1966 оны 6 дугаар сарын 15, эмэгтэй, төрсөн А аймаг, Ч сум” гэж тус тус тэмдэглэжээ. /х.х-н 8-11/

БНМАУ-н ардын боловсролын яам, А аймгийн Ч сумын сургуулийн 2а ангийн журналд “ ... 19.Т, 18. Ш.Т, эр, нас 10, халх ... улирсан ...” гэж бүртгэжээ. /х.х-н 67-73/

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Т.Б-ын нөхөр /Ц.О/ Ш.Т нэрээр гэрлэлтийн бүртгэл, хүүхдийн төрсний бүртгэл болон  суурь боловсролд сурч байсан бөгөөд Ш.Т-ыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.12, 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэний төрсний бүртгэл бүртгээгүй, үнэмлэх үнэмлэхийн бүртгэлийн бичиг баримт олгож байгаагүй, иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Т.Б-ын нөхөр Ц.О болох нь холбогдох нотлох баримтуудаар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Маргаан бүхий дээрх асуудлаар гэрч Т.Б- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... Т.Б нь манай төрсөн эгч ... Ц.О, Ш.Т нар нь нэг хүн мөн. Ц.О нь миний хүргэн ах, Ц.О, Т.Б нар дундаасаа 5 хүүхэдтэй, ... бид нар хүүхэд байхдаа хүргэн ахыгаа Т гэж дууддаг байсан. Т ахын  төрсөн аав нь Ц гэж хүн байсан, төрсөн аав нь нас барсны дараа ээж нь Ш гэдэг хүнтэй сууж Ш.Т гэж дуудаж, бүртгэгдэж байсан ...” гэж;

Гэрч Ц.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Ц гэдэг хүн нь Б аймгаас Ч суманд шилжин ирж байсан. Ц гэдэг хүн нас бараад О-ийн ээж нь Ш гэдэг хүнтэй гэр бүл болсон. О нь Ш.Т-аар овоглож байсан. Энэ хүн нь О гэдэг хүн юм. Т.Б нь Ц.О-тэй гэр бүл болсон ...” гэж тус тус тайлбарласан. /х.х-н 109-115/

 

Мөн А аймгийн Ч сумын Өлзийт гол багийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр албан бичигт “Ц.О Ш.Т нь нэг хүн юм. 1966 оноос 2012 он хүртэл Өлзийт гол багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэж, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаар албан бичигт “Ц.О-н эхнэр Т.Б, Т Б нь нэг хүн юм. Энэ гэр бүл 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо Т.Б нь ам бүл 3, хүүхдүүдийн хамт тус багт амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт гаргасан болно. /х.х-н 107-108/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Т.Б-ын нөхөр Ц.О мөн бөгөөд 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б аймаг, Г сумын Б гэх газар төржээ.

Улмаар О-н төрсөн эцэг Ц- нь нас барж, эх Б.Д нь Ш гэх хүнтэй суусан, ийнхүү Ц.О-г Ш.Т гэх нэрээр дууддаг байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц .. хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн /түүний нөхөр Ц.О/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байх тул түүний эрхийг сэргээх нь зүйтэй.

Иргэн Ц.О нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.1.-т “төрсний”, 6.1.7.-д “овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний”, 6.1.9.-д “иргэний үнэмлэхийн” гэж, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна.” 22 дугаар зүйлийн 22.2., дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар авсан, хуульд заасан журмын дагуу иргэний үнэмлэхийг тухай бүр олгож, Монгол Улсын иргэнээр бүртгэгдсэн нь хууль ёсны байна.

Иймд регистрийн дугаартай Ц.О нь 1961 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Гсуманд төрсөн, нэхэмжлэгч Т.Б-ын нөхөр мөн гэж үзнэ. 

Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12., 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ: 12.1.1.-д “өргөдөл”, 12.1.2.-т “төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.”, 12.2. дахь хэсэг  “Энэ хуулийн 12.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана: ...”, 12.1.2.-т “төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.”, 12.6. дахь хэсэгт “Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б-ын нөхөр Ц.О-н овог нэрийг Ш.Т гэж өөрчилсөн талаар албан ёсны бүртгэл хийгдээгүй, улсын бүртгэлийн байгууллагын хайхрамжгүй ажиллагааны улмаас тухайн Монгол Улсын иргэнийг хоёр өөр нэрээр бүртгэсэн нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

            Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, ... үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг Ааймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7., 22 дугаар зүйлийн 22.2., Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12., 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Т-ыг регистрийн дугаартай Ц.О болохыг тогтоож, иргэний бүртгэлийн бичиг баримтыг Ц.О-р бүртгэхийг Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч төлбөргүй чадваргүй болох нь тогтоогдсон тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА