Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0022

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Э.Г нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 233 дугаар тогтоолын дагуу манай компани “Алтай-Улиастай” эрчим хүчний компанийн охин компани хэлбэрээр байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолын дагуу манай компани өмчийн 51 хувийг хуучнаар Дэд бүтцийн яам буюу одоогийн Эрчим хүчний яам, үлдсэн 49 хувийг Төрийн өмчийн хороо Засгийн газрын шийдвэрээр эзэмшин ажилладаг төрийн өмчит компани. Компанийн гүйцэтгэх удирдлага миний бие хууль тогтоомжид олгогдсон эрхийн дагуу компанийн өдөр тутмын ажлыг зохион байгуулж компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагааг итгэмжлэлгүй явуулдаг. Анх байгуулагдсан нөхцөл нь Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн сан, “АБУ ДА БИ” сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Говь-Алтай, Завхан аймгийн ард, иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор байгуулагдсан. Дэд бүтцийн суурь шийдэл бүхий компани. Одоогийн байдлаар санхүүгийн чиглэлээр 42.8 тэрбум төгрөгийн өртэй. Энэ өрөө эргүүлэн төлөх зээлийн гэрээ байгуулж үндсэн болон хүүгийн төлбөр төлүүлэхээр мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа шаардаж ажиллаж байгаа. Манай цахилгаан станц аймгийн цахилгаан эрчим хүчний 60-85 хувийг хангаж байгаа. 1 кват цахилгаан эрчим хүчийг 37 төгрөг 20 мөнгөөр үйлдвэрлэж, эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгсөн тарифын хүрээнд систем компанидаа нийлүүлдэг. Үйлдвэрлэж буй цахилгааны нэгжийн үнийг тогтоох эрх мэдэл эрчим хүчний зохицуулах хороонд хадгалагдаж буйтай холбогдуулаад байгуулагдсан цагаасаа эхлэн алдагдалтай ажиллаж байсан түүхтэй байдаг. Говь-Алтай аймаг нь цахилгаан эрчим хүчээр байнгын дутагдалтай аймгуудын тоонд ордог. Хэрэглээний зардлуудыг ард иргэдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэмэхгүйгээр төлөөд явах санхүүгийн боломж байдаггүй. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг Татварын ерөнхий газрын даргын зөвлөлөөр 2001 онд баталж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ зохицуулалтын 6.1.3 дахь заалтыг уншиж танилцуулан манайх байгуулагдсан эс үүсвэрийн хувьд хамтын хөрөнгө оруулалтаар, ард иргэдийн суурь хэрэгцээ шаардлагын үүднээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үнийн хатуу бодлоготой байгуулагдсан учраас уг зохицуулалтын дагуу 100 хувь төрийн өмчит компани. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалд хамаарахгүй Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс тус компанийн 2011-2013 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар 85.7 сая төгрөгийн акт тогтоосон бөгөөд бид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд орон нутгийн татварын маргаан таслах зөвлөл, Татврын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандаж хариу авсан. Тухайн нэр төрлийн татвараас чөлөөлөгдсөн ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн 2011-2013 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу явуулсан. Энэ шалгалтыг 2013 онд татварын улсын байцаагч Э.Г бид хоёр хамтарч хийсэн. Гол нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар юу ярьж байна гэхээр нэгдүгээрт нийтийн эзэмшил байх ёстой, хоёрдугаарт төрийн өмчийн байгууллага гэж нэхэмжлэл гаргасан гэж миний хувьд ойлгож байна. 2011-2012 онд “Т” ХХК-ийн балансад тусгагдсан Усан цахилгаан станцын барилга 3.281.320.000 төгрөг, Гуулин усан цахилгаан станцын барилга-1 ширхэг 137.734.520 төгрөг, гаражийн барилга-1 ширхэг 2.994.700 төгрөг, ашиглалтын тунель-1ш 1.474.204.469 төгрөг, нийт 4.896.280.158 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөд татварын улсын байцаагчийн акт тогтоосон байгаа. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нийцүүлэн тавьсан. Газар гэж юуг хэлэх вэ гээд тодорхой заагаад өгсөн байдаг татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Төрийн өмч гээд байгаа нь толгой компанитай байгуулсан дүрмийн 15 дээр толгой компани нь эрх эдэлж, үүрэг хүлээх нөхцөлтэйгөөр өөрийн гэсэн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байгаа. Эдгээр хөрөнгө нь тухайн байгууллагын балансад тусгагдаад, үндсэн хөрөнгийн хэлбэрээр бүртгэгдээд ашиг орлого олоод явж байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх ёстой. Төрийн өмч биш гэж яагаад үзээд байна гэхээр тухайн компани нь өөрөө ХХК аж ахуйн субьектээр байгуулагдсан, ашиг олох зорилготой байгууллага байна. Үүний дагуу татварын улсын байцаагчийн акт бичиж торгууль, шийтгэвэр, нөхөн татвар тавьсан. Энэ акт нь Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлөөр ороод үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гараад ирсэн. Ер нь бол Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг барьж явах ёстой. Би Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг баримтлаад тавьсан актаа үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнээс би төрийн өмчит компани, Засгийн газрын тогтоол зэргийг мэдэхгүй юм байна. Шалгагдаж байхдаа тэр баримтуудаа үзүүлж харуулахгүй яасан юм бол гэж бодож байна” гэжээ.

Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай байгууллага аргачлал бариад байна гэж байна. Ерөнхийдөө аргачлал биш татварын тухай хууль, Үл хөдлөх эд  хөрөнгийн албан татварын тухай хуулиа барина. Байшин гэдэг аргачлалаар тогтоосон байгаа. Ц.Б дарга байгууламж талаас нь яриад байна. Энэ аргачлалыг хүн л хийсэн юм чинь үгийн цаана үг байж болно. Гэхдээ манайх хуулиа барина.” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 26 дугаар зүйлд заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 050008495 дугаар актыг хүчингүй болгожээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “... “Т” ХХК нь толгой компанитай байгуулсан дүрэмдээ Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Мөн дүрмийн 1.5-д “Т” ХХК нь бие даасан болон толгой компанитай нэгдсэн тайлан тэнцэлтэй, эрх эдэлж, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заажээ. Дүрэмдээ өөрийн компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компаниар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэн, санхүүгийн тайлан, балансад нь 2011-2012 онд бүртгэлтэй байгаа Тайшир Гуулин усан цахилгаан станцын барилга 1 ширхэг 3281320469,0 төгрөг, Гуулин усан цахилгаан станцын барилга 1 ширхэг 137734520,0 төгрөг, гаражийн барилга 1 ширхэг 2994700,0 төгрөг, ашиглалтын тунель 1 ширхэг 1474200469,0 төгрөг, бүгд 4896280158,0 төгрөгийн үл хөдлөх эд  хөрөнгийг үйлдвэрлэл, үйлчилгээний зорилгоор ашиглаж, орлого олж байгаа ба тухайн хөрөнгөд элэгдэл хорогдлын шимтгэлийг байгуулан аж ахуйн нэгжийн орлогын тайланд зардалд тусган алдагдлаа өсгөж байсан. Тухайн компани санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны бүртгэлдээ бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөдөө 2010 онд татварын улсын байцаагчийн актаар 680000,0 төгрөг, компанийн зүгээс 2011-2012 онуудад тус бүр 756000,0 төгрөг, 2013 онд 35000000,0 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төсөвт төлсөн зэргээс энэхүү эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд болох “Т” ХХК нь төрийн өмчийг эзэмшин, ашиглаж байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д зааснаар үндэсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хөрөнгө байдаг тул үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж, төсөвт төлөх үүрэгтэйг үүгээр нотолж байна.

... Нэхэмжлэгч хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан нийтийн эзэмшлийн барилга, байгууламж гэсэн ойлголтод хамаарахгүй байна гэж үзэн татварын улсын байцаагчийн актаар “Т” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн нөхөн татвар, торгууль ногдуулж, алданги тооцсон.

Иймд, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Э.Г нарын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 050008495 дугаар актаар нэхэмжлэгч “Т” ХХК-д 51.620.502.8 төгрөгийн нөхөн татвар, 15.486.150.9 төгрөгийн торгууль, 18,593,949.6 төгрөгийн алданги нийт 85.700.603.3 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

            Хариуцагч нар “Т” ХХК-ийн 2011-2013 оны баримтад шалгалт хийж, “2011 онд 4.770.250.158.0 төгрөгийн, 2012 онд 3.833.166.982.7 төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулан төсөвт төлөөгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “Газраас бусад үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасныг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн өмчит хувьцаат компани байгуулах тухай”  233 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц, Завхан, Говь-Алтай аймгийн нутаг дахь цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, дэд станцуудын үйл ажиллагааг хариуцсан “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар, 3 дахь заалтаар “Т” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж,  “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар тус тус шийдвэрлэж, уг компаниудын дүрмийг боловсруулан эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллуулахыг /хуучнаар/ Түлш, эрчим хүчний сайд болон Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

            Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “Т” ХХК-ийн санхүүгийн тайлан, балансад бүртгэлтэй хөрөнгө нь тухайн компанийн үл хөдлөх эд хөрөнгө мөн тул нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэсэн ойлголтод хамаарахгүй тул акт тавьсан” хэмээн тайлбарлаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө”, мөн зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр заажээ.

Мөн Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг нэг мөр ойлгож, нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлэх зорилгоор “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ыг хэлэлцэж баталсан байх бөгөөд уг аргачлалын 6.1.3 дахь хэсэгт “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэдэгт нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан холбооны шугам сүлжээ, түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана” гэж заасан байна.

Төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр байгуулсан хуулийн этгээдээр дамжуулан, ард иргэдийг төрөөс тогтоосон тусгай тарифын дагуу цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явуулж байгаа усан цахилгаан станцын үл хөдлөх эд хөрөнгийг тухайн компанийн балансад бүртгэгдсэн байсан гэсэн үндэслэлээр төрийн өмч, нийтийн эзэмшлийн барилга байгууламж биш гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулж, акт тавьсан нь үндэслэлгүй байна.

 Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн “...”Т” нь Арабын эдийн засгийн хөгжлийн сан, Абу Даби сан, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор байгуулагдсан, компанийн өмчийн 51 хувийг Эрчим хүчний яам, 49 хувийг Төрийн өмчийн хороо эзэмшдэг, компанийн гүйцэтгэх удирдлага хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг...” гэсэн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр төрийн нийтлэг үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тус компанийн бүртгэлд бүртгэгдэн эзэмшиж байгаа усан цахилгаан станцын барилгууд, ашиглалтын тунель зэрэг нь эх үүсвэрийн хувьд гадаадын зээл тусламж, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар бий болсон төрийн мэдлийн, нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарагдах үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхээр байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-д хамаарч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

            Иймд, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ