Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00245

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: “Н...трейд” ХХК

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э-

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 477,488,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Э-ын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э-, түүний өмгөөлөгч О.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Н...трейд” ХХК нь 2013-04-12-ны өдөр ЗГ-1805031099 дугаартай зээлийн гэрээг ...банктай байгуулж, 1,065,350,000 төгрөгийн зээлийг 18%-н хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ЗБ-1805031099 дугаартай ипотекийн гэрээгээр БГД-н ...-р хороо, ... 2,592 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017-04-12-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 426,000,010 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч төлбөр төлөгдөхгүй удсанаар зээлийн хүү бодогдсоор байгаа. 2019-01-17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээр үндсэн зээлийн үлдэгдэл 330,474,628.74 төгрөг, хүү 122,809,027.92 төгрөг нэмэгдүүлсэн хүү 24,205,231.43 төгрөг, нийт 477,488,888 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч “Н...трейд” ХХК-иас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхээр хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Зээлийн үндсэн төлбөр 330,474,628 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 1,065,350,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. “Н...трейд” ХХК, “...банк” ХХК-д 1.5%-н хүүтэй, 2,300,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. ...банк ХХК 1.8%-н хүүтэй, 1,065,350,000 төгрөг зээлсэн. 2018-05-01-ний өдрийн 09/957 дугаартай албан бичгээр шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй байна. “Н...трейд” ХХК-ийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. БЗД-н ИХАШШүүх талийгаач С.Б-гийн өв хөрөнгийн маргаан гарч, иргэний хэрэг үүсэж, ХХША хэвийн явагдаж байгаа. Миний зүгээс өвийн маргаан шийдэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдэх боломжгүй гэдгийг ...банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж байсан. Шүүх хуралдаан дээр удаа дараа энэ байр сууриа илэрхийлсэн. Хариуцагч Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан С.Б- нас барснаар хариуцагч Н...трейд ХХК хууль ёсны төлөөлөгчгүй болсон. Тийм учраас өвийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч Н...трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Жанчив ИХШХША-д заасан журам зөрчиж ХХША-нд оролцож байна. ИХШХШТХ-н 35.1-т хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулж ажиллагаанд оролцоно гэж заасан. Н...трейд ХХК хуулийн этгээд, хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компанийн тухай хуулийн 83.8-д зааснаар компанийг төлөөлж аливаа эрх зүйн харилцаанд оролцох этгээд компанийн гүйцэтгэх удирдлага байна гэж заасан. Хэрэгт Н...трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа нотлох баримтаар авагдсан. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц этгээд талийгаач С.Б- байсан гэдэг нь нотлогдож байна. С.Б-г нас барснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй болсон. Н...трейд ХХК-ийн 90%-н хувьцааг өвлөгчид ямар хэмжээгээр өвлөж авсныг тогтоосны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн шинэ гүйцэтгэх удирдлагыг томилох боломжтой. Өвийн хэрэг шийдэгдэх хүртэл компанийн зээлтэй холбоотой маргааныг шүүх шийдэх боломжгүй байна. Н...трейд ХХК-ийн 10%-н хувьцаа эзэмшигч У.Г-ээс Г.Жанчивд олгосон итгэмжлэл хуульд нийцэхгүй байна. ...Зээлийн гэрээтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэх явцад миний хоёр хүүгийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай байна. ... ХХША-нд хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор миний хоёр хүүгийн эрх ашиг сонирхол эрсдэл дагуулж байгаа учраас миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмнөөс тайлбар гаргаж байна гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 102/ШШ2019/00776 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Н...трейд ХХК-иас зээлийн гэрээний үүрэг нийт 477 488 888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н...трейд ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүрэг, ... хороо, ... 2 592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ... төвийн ... давхар барилга, уг барилга байрлаж буй Баянгол дүүрэг ... хорооны нутаг дэвсгэрт орших ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 722 м.кв газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 703 343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод, хариуцагч Н... трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 773 543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 545 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Тус иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх ИХШХШТХ-д заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Н...трейд ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд ХХША-нд оролцсон буюу шүүхээс төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулж, түүний гаргасан хууль бус тайлбарыг үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэр гаргасан нь хууль бус, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Н...трейд ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт тус компанийн 10%-н хувьцаа эзэмшигч У.Г- 2018-05-11-ний өдөр “Итгэмжлэл” (ХХ1-19 дахь тал) олгосон нь ИХШХШТХ-н 35.1, 35.2, 36.2, ИХ-н 64.2-г тус тус зөрчсен. Учир нь ИХ-н 26.4-т: “...Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно...”, ИХШХШТХ-н 35.1-т ...Хуулийн этгээд төлөөлөгчөөрөе дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.. Компанийн тухай хуулийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна... гэж тус тус заасны дагуу ХХША-нд хуулийн этгээд оролцох тохиолдолд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гагцхүү гүйцэтгэх удирдлага юм. Мөн гүйцэтгэх удирдлага нь хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээдийг томилох буюу түүнд итгэмжлэл олгох цорын ганц эрх бүхий этгээд юм. Хариуцагч Н...трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал, 90%-н хувьцаа эзэмшигч талийгаач С.Б- болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, УБЕГ-аас 2018-09-12-ны өдөр ирүүлсэн Н...трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хх1-71-74-р тал), 2018-09-28-ны өдөр ирүүлсэн Н...трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хх1-199-122-р тал)-аар тус тус хангалттай нотлогддог. Гэтэл хариуцагч Н...трейд ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох, компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Г- нь Г.Жанчивт итгэмжлэл олгосон нь хууль бус. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2011 онд батлагдсан Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрх бүхий эттээд нь гагцхүү гүйцэтгэх удирдлага байхаар л зааж өгсөн. Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид гүйцэтгэх удирдлагаас өөр этгээд буюу эрх бүхий албан тушаалтан, ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, дэд захирал, алба, нэгж, хэлтсийн дарга, ерөнхий менежер, менежер, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч, нягтлан бодогч гэх мэт ямар ч албан тушаалтан тэр ч бүү хэл компанийн эзэн болох хувьцаа эзэмшигч ч өөрөө гүйцэтгэх удирдлага биш л бол компаниа төлөөлөх хууль ёсны эрхгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ “..компанийн хувьцаа эзэмшигч болох У.Г- Н...трейд ХХК-ийг төлөөлж ХХША-нд ороцсоныг буруутгах боломжгүй. Учир нь Н...трейд ХХК-ийн дүрмийн 3.13 дахь хэсэгт: Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу У.Г--г компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж, Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт: Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга,ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд олон шууд бусаар оролцдог этгээдийг эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж тус тус зааснаас үзвэл У.Г- нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байх тул У. Г-ээс олгосон итгэмжлэлийг үндэслэн анхан шатны шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь буруу биш байна.” гэж магадлалдаа дурдаж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль бус бөгөөд илэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээр дурдсан Н...трейд ХХК-ийн дүрмийн 3.13 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсгийн аль алинд ч эрх бүхий албан тушаалтан нь компанийг “Төлөөлөх” гэсэн заалт, агуулга бүхий ганц ч үг үсэг байхгүй байхад эрх бүхий албан тушаалтан нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байна гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх дүрмийн болон хуулийн заалтыг уншсан энгийн иргэн хэн боловч компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийг төлөөлнө гэж ойлгохгүй нь илэрхий, тодорхой юм. Хариуцагч Н...трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал С.Б- нас барсан өдрөөс эхлэн компанийн шинэ гүйцэтгэх удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилох хүртэлх хугацаанд тус компани нь иргэний эрх зүйн харилцаанд оролцох буюу ХХША-нд оролцох ямар ч боломжгүй. Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх удирдлагыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилж, чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар Н...трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, шинээр гүйцэтгэх удирдлагыг томилох боломжгүй, талийгаач С.Б- нь улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагаар албан ёсоор бүртгэгдсэн хэвээр байгаа болно. Талийгаач С.Б-гийн эзэмшлийн Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгчид өвлөж авсны дараагаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах нөхцөл бүрдэж, улмаар компанийн гүйцэтгэх удирдлага хууль ёсоор томилогдоно. Үүний дараагаар Н...трейд ХХК нь тус иргэний хэрэгт өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой болох юм. Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа нь талийгаач С.Б-гийн хууль ёсны өвлөгчид өвлөгдөх хүртэл хугацаанд Н...трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас болон компаниас аливаа албан ёсны шийдвэр гарах боломжгүй буюу гарсан шийдвэр нь хууль бус юм. Учир нь Компанийн тухай хуулийн 63.5, 63.6 дахь хэсэгт заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар Н...тейд ХХК-ийн болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, талийгаач С.Б-гийн төрсөн хүүхдүүд болох Б.Л-, Б.Ч- нар нь тус компанийн 90 хувийн хувьцааны өөрт оногдох хэсгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл шүүхээс Н...трейд ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Г-ээс олгосон хууль бус итгэмжлэлийг үндэслэн Г.Жанчивыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль бус, Н... трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшигч асан С.Б-гийн хууль ёсны өвлөгчид болох Б.Л-, Б.Ч- нарын эрх, ашиг сонирхол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж байна. Магадлалд “...Хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн зээпийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаантай асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд нарын эрх, ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь Намнайтрейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаар компанийн хөрөнгөнөөс гуравдагч этгээд болох Б.Л-, Б. Ч- нарт ногдох өв залгамжлалын асуудал нь ...банк, Н...трейд ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргаантай хамааралгүй болно...” гэж дүгнэсэн нь мөн л ойлгомжгүй, хууль бус байна. Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, талийгаач С.Б-гийн төрсөн хүүхдүүд болох Б Л-, Б.Ч- нарын гаргасан Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцаанаас өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдсэнээр Б.Л-, Б.Ч- нар нь Н...трейд ХХК-ийн тодорхой хувийг эзэмшиж, хувьцаа эзэмшигч болно. Гэтэл компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр оролцож буй хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль бус тайлбарыг үндэслэн Н...трейд ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн БГД-н ИХАШШ-д ...банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эн Эс Ар ХХК, Н...трейд ХХК нарт холбогдох иргэний хэрэг 2019-01-22-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн бөгөөд уг иргэний хэрэгт Н...трейд ХХК-ийг түүний хувьцаа эзэмшигч У.Г-ээс олгосон хууль бус итгэмжлэлийг үндэслэн Г.Жанчив оролцсон байдаг. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, хариуцагч Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай 2019-03-22-ны өдрийн 526 дугаар бүхий магадлалыг гаргасан. Улмаар одоо Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг дахин шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс тус 526 дугаар бүхий магадлал гарснаас хойш хоёрхон сарын дараа яг ижил нөхцөл байдал бүхий тус иргэний хэргийг уг 526 дугаар бүхий магадлалаас өөр байдлаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       ...банк ХХК 2018-05-01-ний өдөр “Н...трейд” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2013-04-12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 477,488,888 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...1,065,350,000 төгрөгийн зээлийг 18%-н хүүтэй, 48 сарын хугацаатай авч ... Баянгол дүүргийн ..-р хорооны ... үйлчилгээний зориулалттай барилгыг газар эзэмших эрхийн хамт барьцаалсан...гэрээний хугацаа 2017-04-12-ны өдөр дууссан тул үндсэн зээлийн үлдэгдэл 330,474,628.74 төгрөг, хүү 122,809,027.92 төгрөг нэмэгдүүлсэн хүү 24,205,231.43 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү..” гэжээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээл авсан нь үнэн... 330,474,628 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй... “Н...трейд” ХХК 2,300,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан ч 1,065,350,000 төгрөг зээлүүлсэн... шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардсан нь  үндэслэлгүй...хариуцагчийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй..” гэж маргасан байна. 

       Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа “... өвийн маргаан шийдэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдэх боломжгүй гэдгийг ...банк ХХК-д мэдэгдэж байсан..Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан С.Б- нас барснаар уг хуулийн этгээд нь хууль ёсны төлөөлөгчгүй болсон..иймд өвийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл зээлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй.. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Жанчив оролцож байгаа нь ИХШХША-д заасан журам зөрчиж байна... компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц этгээд талийгаач С.Б- байсан нь нотлогдож байгаа бөгөөд тэрээр нас барснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй болсон... 90%-н хувьцааг өвлөгчид ямар хэмжээгээр өвлөж авсныг тогтоосны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн шинэ гүйцэтгэх удирдлагыг томилох боломжтой... 10%-н хувьцаа эзэмшигч У.Г-ээс Г.Жанчивд олгосон итгэмжлэл хуульд нийцэхгүй байна... хоёр хүүгийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай байна...” гэжээ.

       Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 477,488,888 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, .. хороо, ... 2 592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилга болон газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаж хангах шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э- хяналтын гомдолдоо “... шүүх ИХШХШТХ-д заасан журмыг ноцтой зөрчсөн... хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй  этгээдийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн... шийдвэр гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.... 10%-н хувьцаа эзэмшигч У.Г- 2018-05-11-ний өдөр “Итгэмжлэл” олгосон нь ИХШХШТХ-н 35.1, 35.2, 36.2, ИХ-н 64.2, КТХ-н 83.8-г зөрчсөн... Н...трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд нь гүйцэтгэх захирал, 90%-н хувьцаа эзэмшигч С.Б- болох нь нотлогдоно... хувьцаа эзэмшигч өөрөө гүйцэтгэх удирдлага биш л бол компаниа төлөөлөх хууль ёсны эрхгүй... компанийн дүрмийн 3.13, КТХ-н 84.1, 84.2-т эрх бүхий албан тушаалтан нь компанийг “Төлөөлөх” заалт, агуулга байхгүй... Н...трейд ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна... ...банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эн Эс Ар ХХК, Н...трейд ХХК нарт холбогдох иргэний хэрэг 2019-01-22-ны өдөр БГДШ-р хянан шийдвэрлэгдсэн бөгөөд уг иргэний хэрэгт Н...трейд ХХК-ийг түүний хувьцаа эзэмшигч У.Г-ээс олгосон хууль бус итгэмжлэлийг үндэслэн Г.Жанчив оролцсоныг давж заалдах шатны шүүх гүйцэтгэх удирдлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байгаа... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..”

 Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      1/. “...Н...трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал.. С.Б- болох нь тогтоогдсон...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.  

      Хэрэгт авагдсан баримт буюу Н...трейд ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанаас үзвэл С.Б- нь 2015 онд Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь тогтоогдсон байх бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.8-т зааснаар хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэсэнд нийцжээ.

      Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-59.6, 95 дугаар зүйлийн 95.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно. Компанийн санхүүгийн жилийн эхлэх, дуусах хугацааг компанийн дүрмээр тогтооно.

      С.Б- нь 2015-12-16-ны өдөр нас барсан, компанийн санхүүгийн жил 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах талаар Н...трейд ХХК-ийн дүрмийн 8.6-д заасан, ...банк ХХК нь Н...трейд ХХК-с 477,488,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018-05-01-ний өдөр шүүхэд гаргасан үйл баримт тогтоогджээ.

      Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б- 2015-12-16-ны өдөр нас барснаас хойш 2 жил гаруйн дараа ...банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул С.Б-г Н...трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүй төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд гэж үзэх нь хариуцагч байгууллагын дүрмийн 8.6.,  Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийн “.... санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор…хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд ...гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно...” гэсэнд нийцэхгүй байна.

       2/. “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн..” гэх гомдол үндэслэлгүй байна. 

       “..өв залгамжлах..” болон “...компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх...” нь хоёр өөр асуудал юм.

      Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч байна.     

      Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.   

      Н...трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааны өв залгамжлах асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд уг хуулийн этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 10 хувийн хувьцаа эзэмшигч олгосон нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.    

      3/. Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

      7-14 хүртэл насны этгээдийн ашиг сонирхлыг эх нь хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй тул Б.Л-, Б.Ч- нарын эрх ашиг, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг Д.Э- хамгаалж энэ хэрэгт гуравдагч этгэдээр оролцсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 33 дугаар зүйлийн 33.1, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1-г зөрчихгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

     Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 2,545,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ