| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00829/и |
| Дугаар | 00878 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 00878
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4-6 тоотод оршин суух, Их мэргэд овогт Бат-Өлзийгийн Эрдэнэбат /РЛ81112111/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 9-18 тоотод оршин суух, Онход овогт Баясгалангийн Ууганбаяр /РА81071706/-т холбогдох
Хоёр тооны адуу буюу 700.000 төгрөг, унааны зардал 200.000 төгрөг, нийт 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00829/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ууганбаярт 2017 оны 2 дугаар сарын 14-нд 2 адууны мөнгө болох 400.000 мянган төгрөг /1 шүдлэн адуугаа 200.000 мянган төгрөгөөр тохиролцсон байсан/ дансаар шилжүүлсэн. Иймд Ууганбаяр нь хавар 3 сард адуугаа Мөрөнд авчирч өгнө гэж тохиролцоод өнөөг хүртэл өгөөгүй байна. Иймд Ууганбаяраас 2 адуугаа авах, эсвэл 2 адууны мөнгөө одоогийн агтны ханш болох нэг адууг /350.000/ мянган төгрөгөөр үнэлж 2 адууг 700.000 мянган төгрөг, мөн дээр нь адуугаа авах гэж явсан нааш цааш явсан унааны бензин тосны мөнгө 200.000 мянган төгрөг, нийлээд 900.000 мянган төгрөгийг хурдан шуурхай гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ууганбаяраас хоёр адуу болох 700.000 төгрөгийг 2 адуу авах байснаас 2 адууг адуугаар нь авах болж бензин тосны мөнгө 200.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг хасахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Эрдэнэбатад хоёр адуу буюу 700.000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна. 200.000 төгрөгийн зардлаас 100.000 төгрөгийг нь өгөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Б.Ууганбаярт холбогдуулан хоёр тооны адуу буюу 700.000 төгрөг, унааны зардал 200.000 төгрөг, нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад хоёр тооны адуу буюу 700.000 төгрөг, унааны зардалд 100.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяраас 800.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийн тал хувь 11.875 төгрөгийг, улсын орлогоос 11.875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад хоёр тооны адуу буюу 700.000 төгрөг, унааны зардалд 100.000 төгрөгийн хамт өгөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяраас 11.875 /арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 11.875 / арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН