Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Mөрөн сумын 13 дугаар багийн 9-25 тоотод оршин суух Луу тайж овогт Лувсандагвын Агвааншарав /РЮ61060910/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 155/2017/00795/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л. Агвааншарав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 56 настай. 1980 онд Өвөрхангай аймагт ТМС-ийг Авто ба хүнд механизмын засварчин мэргэжлээр төгссөн. 1984 онд Хөвсгөл аймгийн Барилгын конторын материалын үйлдвэрт 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засварчин слесариар ажилд анх орсон. Гэтэл тушаалын тэмдэглэлд намайг туслах ажилтан мэтээр буруу бичсэн учир засварчнаар ажилд орсныг тогтоолгох.

Хоёрт: 1984 оны 01 дүгээр сарын 11-ээс 1988 оны 04 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд Барилга контор нь өргөжин өөрчлөгдсөн. Ингээд Барилга угсралтын трест болон өөрчлөгдөх үед, барилгын материалын үйлдвэр бол өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан. Би Барилга угсралтын трест болоход бас л материалын үйлдвэрт засварчнаараа ажиллаж ирсэн.

Гуравт: 1988 оны 04 дүгээр сарын 15-аас 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Барилга угсралтын трест нь хэвээр ажиллаж байгаад задарч аж ахуйн нэгж болсон. 11 нэгж болоход барилгын материалын үйлдвэр нь Хөвсгөл аймгийн Бар-мат ББХ компани болсон. Энэ үед миний бие тоног төхөөрөмжийн цехэд бас л засварын слесариар тасралтгүй ажиллаж байгаад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Иймд Л. Агвааншарав миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ээс 1998 оны 01 дүгээр сарын 01 хүртэл 14 жил засварчин слесариар ажиллаж байсаныг тогоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Агвааншарав нь Өвөрхангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийг засварчнаар төгсөж ирээд 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын материалын үйлдвэрт, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрт, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Бар-Мат бүрэн бус хариуцлагатай компанид тус тус засварчин, слесариар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл зарим ажилд орсон гарсан тушаал олдохгүйгээс улсад ажилласан жил нь тооцоогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Агвааншарав нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрт, Хөвсгөл аймгийн Бар-Мат бүрэн бус хариуцлагатай компанид 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, тус тус засварчин, слесариар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Агвааншарав нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрт, Хөвсгөл аймгийн Бар-Мат бүрэн бус хариуцлагатай компанид 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, тус тус засварчин, слесариар ажиллаж байсан болох нь Лувсандагва овогтой Агвааншаравт 1980 онд Усны аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №431549 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын Орон тоо зохирн байгуулалтыг өөрслөн томилох, хөрөнгө марериалыг хуваарилах тухай 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бар-мат бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, Барилга угсралтын конторын захиргаанаас Л.Агвааншаравыг 1984 оны 12 сарын 30-ны өдөр шагнаж байсан Баярын бичиг, Л.Агвааншаравын авто ба хүнд механизмын засварчны мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлах, гэрч Б.Эрдэнэчимэг, С.Баасанжав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Луу тайж овогт Лувсандагвын Агвааншаравын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын Барилгын материалын үйлдвэрт 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрт, Хөвсгөл аймгийн Бар-Мат бүрэн бус хариуцлагатай компанид 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, тус тус засварчин, слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Агвааншаравын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН