Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/566

 

2022        04         13                                  2022/ШЦТ/566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0762 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймаг  Хэрлэн суман төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээл 29 дүгээр гудамжны 8а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Х

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Х нь 2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 39 тоотод хохирогч О.Солонгын эзэмшлийн Samsung загварын зурагт руу аяга шидэж хагалах, угаалгын өрөөний хаалгыг өшиглөн эвдэх, хуванцар сандлын хананд шидэж хагалах зэргээр бусдыг эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас 550.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Яллагдагч Г.Хийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... О.Солонгын гэрт байхдаа орой 22 цаг өнгөрч байхад бид 2 том пиво авч уугаад юм яриад сууж байхдаа найз А.Номин-Эрдэний гар утсанд чат ирээд тэрийгээ надад харуулахгүй байсан тул түүнээс болж түүнийг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж эхэлсэн ба хэрүүл хийж байхдаа уурандаа өөрийн гарт байсан цагаан өнгийн сэнжтэй цайны аягыг хананд өлгөсөн байсан О.Солонгын улбар шар өнгийн хүрээтэй зурагт руу шидсэн чинь тухайн зурагтын дэлгэц хагарсан ба үүний дараа А.Номин-Эрдэнэ угаалгын өрөөнд гар утастайгаа ороод хаалгаа цоожлоод гарч ирэхгүй байсан тул би түүнд уурлаж угаалгын хүрэн өнгийн модон хаалганы гадна талаас гараараа 2 удаа цохисон чинь тухайн хаалга эвдэрсэн ба удалгүй А.Номин- Эрдэнэ гарч ирсэн ба үүний дараа миний уур хүрээд байсан тул би гэрт байсан 2 ширхэг хуванцар сандлыг үүдний хэсэг рүү шидсэн чинь сандал нь хагарчихсан ... 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой Багануур дүүргээс О.Солонго гэртээ ирсэн тул зурагт, хаалга, сандал эвдэлснийг мэдэхээс өмнө зөрөөд А.Номин-Эрдэнийн хамт гараад тэндээсээ 3, 4 дугаар хороололд манай ахын гэрт очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,

Хохирогч О.Солонгын “Манай гэрт найз А.Номин-Эрдэнэ үлдсэн. Тэгсэн түүний найз залуу гэх Хүрэлсүх манай гэрт ирсэн байсан. Номин-Эрдэнэ, Хүрэлсүх 2 хоорондоо маргалдсан байсан. Тэгсэн Хүрэлсүх нь манай гэрийн зурагт болон угаалгын өрөөний хаалга, гэрийн эд хогшил болох сандал зэргийг эвдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Гэрч А.Номин-Эрдэнийн “Найз үеэл О.Солонго цагаан сарын баяраар Багануур дүүрэг рүү явсан, би цуг амьдардаг, надад гэрийн түлхүүр нь байдаг тул Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 36 дугаар байрны 39 тоотод найз залуу Г.Хийн хамт ирсэн ... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... Г.Х нь намайг найзтайгаа хардаад надад уурлахад нь би тоолгүй гар утсаа оролдож байхад чи манай найзтай чатлаад байна гэж хэлээд гартаа байсан цагаан өнгийн сэнжтэй аягыг хананд өлгөсөн байсан шаргал хүрээтэй зурагт руу шидсэн чинь дэлгэц хэсэг нь хагарсан. Маргааш нь эвдсэн зурагтыг хэрхэн засварлах талаар ярьж байхад Г.Х намайг тоосон шинжгүй байсаар байгаад өнгөрсөн. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр пиво хувааж уусан ба үүний дараа би өөрийн гар утсаа оролдоод сууж байхад Г.Х намайг чи хэнтэй чатлаад  байгаа юм бэ асуухад нь би гар утсаа аваад угаалгын өрөө ороод бие засаж байхад гэнэт үүдний хэсэгт чанга дуу чимээ гарсан ба угаалгыг өрөөний хүрэн хаалгыг гаднаас 2 удаа маш чанга өшиглөөд, Номио гэж орилоод намайг хараагаад байсан ... намайг буйдан руу түлхсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

   “Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №БЗ2-22-366 дугаартай үнэлгээний тайлан “Зурагт 390.000 төгрөг, хаалга 150.000 төгрөг, сандал 10.800 төгрөг, тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 550.800 төгрөгөөр үнэлэв” /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Хийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 39 тоотод хохирогч О.Солонгын эзэмшлийн 42 инчийн Samsung загварын зурагт руу аяга шидэж хагалах, угаалгын өрөөний хаалгыг өшиглөн эвдэх, хуванцар сандлын хананд шидэж хагалах зэргээр бусдыг эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас 550.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Солонго, гэрч А.Номин-Эрдэнэ, яллагдагч, шүүгдэгч Г.Х нарын мэдүүлэг, эвдэрсэн эд зүйлсийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч О.Солонго, гэрч А.Номин-Эрдэнэ нар үеэл, найз нөхдийн харилцаатай бөгөөд А.Номин-Эрдэнэ нь найз залуу Г.Хийн хамт 2022 оны 02 дугаар сарын 06-наас 12-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 39 тоот үеэл О.Солонгын гэрт түүний эзгүйд түр байсан, энэ хугацаанд Г.Х, А.Номин-Эрдэнэ нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, Г.Х нь найз охин А.Номин-Эрдэнийг бусадтай хардан уурласан үедээ О.Солонгын гэрийн зурагт руу аяга шидэж дэлгэцийг хагалсан, хаалга руу өшиглөж хавтсыг цөмлөсөн, хуванцар сандлыг хана руу шидэж хугалсан, дээрх эд зүйлсийг засвар үйлчилгээ авах боломжгүй хэмжээнд эвдэлж устгасан, эд зүйлд үнэлгээ хийлгэхэд 550.800 төгрөгөөр тогтоогдсон гэх үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 550.800 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Х нь бусдын эд хөрөнгөд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Хоёр удаагийн үйлдэл, давтамжтайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэснийг журамлан хэрэглэсэн нь зөв зүйтэй болжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

          Иймд Г.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй байдал, ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдал зэрэгт нь нөлөөлжээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Солонгод 550.800 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, Г.Хээс 200.000 төгрөгийн хохирол төлсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Хээс 350.800 төгрөг гаргуулж хохирогч О.Солонгод олгох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Х нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Г.Х хүлээн зөвшөөрч байна гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах гэсэн сонгох ялтай, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ял сонгож оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Хийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Хийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, согтуугаар, бусдын эд хөрөнгөд давтамжтайгаар халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага хэмжээний хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Г.Хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Хэд тайлбарлан мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хэд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Хэд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Хээс 350.800  /гурван зуун тавин мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч О.Солонгод олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ