| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00578/и |
| Дугаар | 00882 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Mөрөн сумын 7 дугаар багийн 17-14 тоотод оршин суух, Онгот овогт Магнайгийн Базардалай /РЭ91071202/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багт оршин суух, Боржигин овогт Баттуяагийн Буян-Өлзий /МЮ95050535/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00578/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч М.Базардалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Базардалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Буян-Өлзийтэй 2014 онд Архангай аймаг дахь Монгол улсын Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн ангид сурч байхдаа танилцаж үерхээд 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. 2015 оны 11 сараас 2016 оны 2 сар хүртэл гэрийнхнээс нь тусдаа амьдарч байх явцдаа архи ууж ирж хэрэлдээд гар хүрдэг байсан. Хувь хүний хувьд ааш авир муутай. Хамт амьдрах явцдаа би жирэмсэн болж 2 сартай байхаас нь Б.Буян-Өлзий өөр хүнтэй танилцаж уулздаг болсноор бид 2016 оны 3 сард салсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, учир нь би өмнөх нөхөр болох Э. Гэндэнжамцтай 2012 онд гэрлэлтээ батлуулсан байсан ба удалгүй таарамж муудаад тус тусдаа амьдарснаар улмаар салцгаасан. Салснаас хойш уулзалдаагүй болохоор гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.Даваажаргалыг төрүүлсэн. Би Б.Буян-Өлзийтэй эргэж нийлэхгүй. Иймээс Б.Буян-Өлзийг миний хүү Б.Даваажаргалын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Би Буян-Өлзийгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг уншиж танилцсан. Хүүхдээ 18 нас хүрэхээр нь гэр орон бэлдэж өгнө гэснийг нь зөвшөөрөхгүй, одоо л миний хүүхдэд тэтгэлэг нь хэрэгтэй гэв.
Хариуцагч Б.Буян-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баттуяа овогтой Буян-Өлзий нь М.Базардалайгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч миний хүү болохыг зөвшөөрч байна. Гэхдээ миний бие Буян-Өлзий нь тодорхой эрхэлсэн ажилгүй ажил хийх сонирхол байвч ажилд тэнцдэггүй. Учир нь биеийн байдал муу, хэл ярианы бэрхшээлтэй одоогоор ажил хийдэггүй, гэртээ эгчийнхээ хүүхдийг харж өрх толгойлсон ээжтэйгээ амьдардаг. Хүүхдийн тэтгэмжийг сар бүр олгож чадахгүй харин бололцоо боломжтой үедээ мөнгө олж өгнө. 18 нас хүрэхэд нь гэр орон бэлдэж, тусад нь гаргахад нь гэр орон өгөх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Базардалай нь хариуцагч Б.Буян-Өлзийд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Базардалай, хариуцагч Б.Буян-Өлзий нарын дундаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Даваажаргал төрсөн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6701000712 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Даваажаргалын төрсөн эцгээр Б.Буян-Өлзийг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Буян-Өлзий нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Даваажаргал нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Буян-Өлзийгөөс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Базардалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буян-Өлзийгөөс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Даваажаргал нь 1 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Буян-Өлзий төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Даваажаргалд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Буян-Өлзийд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Буян-Өлзийд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч М.Базардалай нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Даваажаргалын төрсөн эцэг Боржигин овогт Баттуяагийн Буян-Өлзий /МЮ95050535/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Даваажаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Буян-Өлзийгөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Базардалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буян-Өлзийгөөс 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН