Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/626

 

    2022        04        27                                  2022/ШЦТ/626

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03156 1173 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн,  00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Баянзүрх дүүрэг 0 дүгээр хороо Цэргийн хотхон гудамжны 000в тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 14 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Р.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Р.Б нь 0000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа-Амгалан хотхоны 00 тоотод хохирогч Таган овогтой Сергей Дмитротой гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргалдаж, улмаар төмөр шанагаар толгой, нуруу болон бусад хэсэгт цохиж зулай, баруун, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дагзны хуйх, баруун чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, баруун шанаа, баруун хацар, баруун шанаа, цээж, хэвлий, баруун гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгт, зүүн өвдөгт тус тус цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Р.Б “Таган Дмитрог зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Гэвч тухайн үед Дима ч гэсэн намайг зодсон” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Хохирогч Сергей Дмитрогийн “Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа-Амгалан хотхоны 7-3-81 тоотод гэртээ найз бүсгүй болох Надягийн хамт гэртээ ороход хуучин найз бүсгүй болох Р.Б охин Хүслэн болон өөр нэг эмэгтэйн хамт манай гэрт сууж байсан. Тэгээд Р.Б над руу уурлаж гал тогооны өрөөнд байсан төмөр шанагаар миний толгой, нуруу болон бараг биеийн бүх хэсэги цохиж эхэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Х “Ээж ус утгадаг ногоон бариултай төмөр шанагаар Димагийн зүүн гар руу хоёроос гурван удаа цохисон” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 120-124 дүгээр тал/,

Гэрч Ж.Отгонсүрэнгийн “Бичлэг дээр сонсогдож байгаа түс хийх чимээ нь Р.Б эгч, Димаг ногоон өнгийн бариултай төмөр шанагаар гар, гуя, цээж хэсэг рүү цохиж байгаа, мөн уг шанагаар Дима эгчийг цээж гар руу цохиж байх үед гарсан дуу чимээ байна. Энэ үед Дима Болороо эгчийн дээрээс дарж унахдаа түүний зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-130 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8642 дугаартай “1. Т.Дмитрогийн биед зулай, баруун, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дагзны хуйх, баруун чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хацар, баруун шанаа, цээж, хэвлий, баруун гуянд зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Р.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа-Амгалан хотхоны 73-3-81 тоотод хохирогч Таган овогтой Сергей Дмитротой гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Р.Болор-Эрдэнийн /2 хх-ийн 50-51 дүгээр тал/, хохирогч Сергей Дмитрогийн /1 хх-ийн 49-50/, гэрч Ж.Отгонсүрэнгийн /1 хх-ийн 127-130 дугаар тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 38-40 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Р.Б хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Р.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Таган овогт Сергей Дмитро нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тусгаж бичсэн мөрдөгчийн тэмдэглэлийг /хх-ийн 65 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Г.Р.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.Б үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Р.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Р.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Р.Б цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон stringe mica гэсэн бичигтэй, улаан өнгийн суга болон ханцуйнд саарал өнгийн оруулгатай, нимгэн даавуун материалтай, баруун суга нь оёдол хэсгээрээ 8 см хэмжээтэй оёдлоороо урагдаж салсан XXXL хэмжээтэй 1 ширхэг эрэгтэй куртик, цэнхэр өнгөтэй металл хутга 1 ширхэг, шар өнгөтэй металл хутга 1 ширхэг, овтирка 1 ширхэг, хаалганы металл бариул 1 ширхэг, хөх өнгийн энгэр хэсэг нь урагдсан даавуун футволк 1 ширхэг, ёроол хэсэг нь хэлбэрээ алдсан хийцтэй шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалахаар тусгалаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Р.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дуу, дүрсний бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар stringe mica гэсэн бичигтэй, улаан өнгийн суга болон ханцуйнд саарал өнгийн оруулгатай, нимгэн даавуун материалтай, баруун суга нь оёдол хэсгээрээ 8 см хэмжээтэй оёдлоороо урагдаж салсан XXXL хэмжээтэй 1 ширхэг эрэгтэй куртик, цэнхэр өнгөтэй металл хутга 1 ширхэг, шар өнгөтэй металл хутга 1 ширхэг, овтирка 1 ширхэг, хаалганы металл бариул 1 ширхэг, хөх өнгийн энгэр хэсэг нь урагдсан даавуун футволк 1 ширхэг, ёроол хэсэг нь хэлбэрээ алдсан хийцтэй шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

   6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ