Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0188/Э |
Дугаар | 2022/ШЦТ/205 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
2022 02 11 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00028 0258 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцэст байрлах “DS” төвийн ойролцоо, иргэн Д.Дтой хамт явж байхдаа, түүний Хаан банкны 5018149956 дугаарын тэтгэврийн данстай, ногоон өнгийн картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд тус картаар нийт 1.033.850 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авч, гүйлгээ хийж, иргэн Д.Дт нийт 1.033.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00028 0258 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтад өгсөн:
Миний төрсөн ахын хүүхэд болох Д.О нь 1 сарын өмнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 27-428 тоот хашаанд маань монгол гэр бариад буусан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Ог дагуулаад дэлгүүр орсон. Дэлгүүр орохдоо өөрийнхөө тэтгэврийн картаар бараа уншуулж, хүнс худалдаж авсан. Тухайн өдрөөс хойш миний тэтгэврийн карт олдоогүй би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр банканд очиход миний картнаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж 1.348.400 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний төрсөн ахын хүүхэд О нь хүргэн Ганболдтой нийлж миний тэтгэврийн картыг хулгайлж картанд байсан мөнгийг үрсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О надтай хамт дэлгүүр орохдоо миний картын нууц үгийг мэдсэн байх гэж бодож байна.
Миний банкны картыг О дэлгүүрт уншуулан архи авч уусан байсан. О болон Ганболд нар миний мөнгийг хувааж төлж, хохирол барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 6-10/,
Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай хадам ах О манай гэрт ирээд архи уух уу гэж надаас асуухаар нь тэгье гэж хэлсэн. Тэгэхэд намайг дагуулж дэлгүүр ороод архи, тамхи ундаа авсан. Уг худалдан авалт хийхдээ ногоон өнгийн тэтгэврийн картыг уншуулж байсан. Би бодохдоо өөрийнхөө картаар гүйлгээ хийж байна гэж бодсон. Тэгээд авсан нэг шил архиа манайд хувааж уугаад бид хоёр согтоод дахиад хэчнээн ч шил архи авч уусан юм, одоо санахгүй байна, ямар ч байсан нэлээн олон шил архи авч уусан. Архи уух болгондоо О ногоон картыг уншуулж байсан. Би тухайн өдөр гэртээ тасраад унтсан байсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө О манайд дахиж ирээд бид 2 дахиад архидсан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д эгчийн картыг О аваад архи авч уугаад байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-н 15/,
-хохирогч Д.Дын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/,
-хохирогч Д.Дын 5018....56 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24/,
Шүүгдэгч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... 2021 оны 11 дүгээр 25-ны манай аавийн төрсөн дүү болох Д эгч Ди эс төв дээр согтуу байхад нь би очиж авахад Д эгчийн бор өнгийн дэвтэр унахаар нь аваад халаасандаа хийсэн. Д эгчийг хүргэж өгчөөд бор дэвтэрийг нээгээд үзтэл өмнө нь Д эгч надад өгч явуулж юм авхуулдаг байсан ногоон өнгийн Хаан банкны карт байсан. Тэр картны пин код нь 1949 гэдгийг мэддэг байсан тул Шархадны эцэсийн АТМ-с бэлэн мөнгө авч гутал болон костюм авсан. Тэгээд Ганболдтой нийлж Д эгчийн картыг уншуулж хэд хоног архи авч уусан. Нийтдээ 1 сая гаруй төгрөгөөр архи уусан байх. Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д эгчийн дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн байгаа гэх мэдүүлэг /хх-н 41/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
шүүгдэгч Д.Огийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-34/, Баянзүрх дүүргийн НДХ-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “Д.О, ердийн өвчний жагсаалтын 1-1-17 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 2021 оны 07 сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл 12 сараар тогтоов” гэх 414468 дугаар шийдвэрийн хуулбар, холбогдох баримтууд /хх-ийн 49-51/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Д.Огийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Д.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.О нь ганцаараа хохирогчийн банкны картыг хулгайлж авсан үйлдлийнхээ хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Огийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дгийн Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар шүүгдэгч Д.Ог тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.Од хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ