Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

                                                                                                                      

 

 

    2022         02          15                                     2021/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Батболд,   

Нарийн бичгийн дарга Б.Хулан,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох эрүүгийн 2206 00000 0032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын нүхэн гарцны дээр байрлах “Хавана” нэртэй караоке үйлчилгээний газрын гадаа хохирогч Д.Мын нүүрэн тус газар гараараа цохих, газарт унасан байдалтай байхад хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                               

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0032 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “Би Логарифм бүрэн дунд сургуульд багшилдаг юм. Тэгээд 17 цагийн үед Баянзүрх дүүргийн Сансарын нүхэн гарцны дээр байдаг Хавана нэртэй караокед сургуулийнхаа багш нарын хамтаар орсон юм. Тэгээд тэндээ караоке дуулж, архи ууцгаасан. Тэгсэн орос хэлний багш Э хамт байсан найз Гантогтохыг цохиод байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь над руу дайраад байсан. Тэр үед эхнэр намайг авах гээд гадаа ирчихсэн байсан, би явах гээд гарахад араас хамт гарч ирээд надтай муудалцаад байхаар нь эхнэр яваа гэж хэлсэн чинь “та нар намайг барахгүй” гээд эхнэр рүү муудалцаад байсан. Би тэгээд түүнийг яваа гэж хэлсэн чинь шууд миний нүүр рүү цохисон. Тэгээд манай эхнэр Отгонсүрэн цагдаа дуудсан. Миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон, би газарт унасан. Газарт унасан байхад 2-3 удаа өшиглөсөн. Миний уруул хавдсан, хамар мурийсан, толгой өвдөжбайна. Гомдолтой байна, учирсан хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Ч.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн оройн 18 цагийн үед өөрийн нөхөр болох Мыг авахаар Хавана нэртэй караокед очсон юм. ...тус өрөө рүү ороход манай нөхөр 2 найз болох Э, Гантогтох нартай хамт сууж байхаар нь авч явах гээд тэнд байсан 2 найз нь хоорондоо маргалдаад текний урд Э нь Гантогтохыг цохиод унагаачихсан. Тэр үед манай нөхөр Эад хандаад чи яаж байгаа юм бэ? гээд хоорондоо маргалдаад гадагшаа гараад зогсож байсан ба тэр үед би нөхөр болон Э хоёрын дунд зогсож байтал намайг Э ална шүү гичий минь гэж хэлээд над руу дайрах үед айгаад хажуу тийшээ болох үед нөхрийг 2 удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохиж унагаагаад дээрээс нь нэг цохиод өшиглөөд байхаар нь би салгах гэж байх үед караокегоос зөөгч ирээд Эыг салгасан юм. Тухайн үед манай нөхрийн хамраас цус гараад тогтохгүй малгайгаар нь тогтоож байгаад нөхрөө аваад явсан. ...Намайг Э караокеноос гарах үед намайг түлхээд байсан, цохиж зодсон зүйл байхгүй. ...Манай нөхөр хэн нэгэнд гар хүрч зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай:

Д.Мын биед баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 03-ны оройн 16:00 цагийн үед хамт ажилдаг залуу болох М ганц шил юм авчихсан байна гараад ир гэхээр гарч очоод машинд нь суугаад Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавана нэртэй караокед орж дуулж суусан бөгөөд тэнд Мын найз болох Ганаа гэх хүнтэй хамт гуравуулаа суусан юм. Тэгээд бас араас манай ажпын газрын багш нар ирээд цуг сууцгааж байхад Ганаа ах манай ажлын 3 хүүхнийг хоргоогоод байсан бөгөөд тухайн үед манай ажлын газрын хүүхнүүд энэ залуугаа болиулаачээ гээд байсан тул би Ганаа ахад хандаад та болиоч ээ хүмүүс дургүй байна. Та гараад явчих гэсэн бөгөөд тэр үед М тасраад унтаад өгсөн байсан. Тухайн үед Ганаа гэх хүн надруу уурлаад ална шүү пизда минь гэхээр нь чирээд гаргах гэсэн гараагүй юм. Манай ажлын 3 эмэгтэй яваад М Ганаа бид 3 үлдсэн байсан. М найз руугаа агсарч байна гэж ойлгоод надтай маргасан. Удаагүй Мын эхнэр Отгоо эгч орж ирээд бүгд гарахаар болж тооцоо хийх гэж байгаад Ганааг нэг удаа цохиж унагасан. Гадаа гараад байж байгаад Отгоо эгчийг цааш нь түлхэхэд орилсон ба М уурлаж бид 2 маргалдаад түүний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисноо санаж байна. Би Мыг зодсоноо санаад байна. Яг яаж цохиж зодосноо санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 13, 36/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 37-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Мын болон гэрч Ч.Отгонсүрэн, Э.Бадмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг нь хохирогч Д.Мэндбаябрын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгснийг үндэслэж шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Харин хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, Лазер мед эмнэлэгийн КТГ-ийн шинжилгээ зэрэг баримтууд нь хохирогчийг тодорхой хэмжээний төлбөр төлж эрүүл мэндийн үйлчилгээ авсныг нотлож байх бөгөөд хохирогч санхүүгийн баримтаар хохирол нэхэмжэлээгүй учир түүний уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Бы Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ