| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00836/и |
| Дугаар | 00886 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00886
| 2017 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2017/00886 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 31-01 тоотод оршин суух, РУ61062116 дугаар регистртэй, Шуудай овогт Оргихын Даваадоржийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2017/00836/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч О.Даваадорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туслах малчнаар ажилд ороод цэрэгт явах хүртэл хугацаанд буюу 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан. Цэргийн албанаас 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд тус сумын “Жаргалын зам” нэгдэлдээ ажилд орж, хүний оронд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мал тууварчнаар явж байсан. Түүнээс хойш хонь маллаж, туувар тууж, үхрийн фермийн эрхлэгч зэрэг ажлыг тасралтгүй хийсээр нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн тушаал байхгүй, ажиллаж байсан зарим саруудын цалин хөлс 70 дугаар дансанд бичигдээгүй, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах малчин, хоньчноор, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчин, тууварчин, фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Даваадорж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Даваадорж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчин, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчин, фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн О.Даваадоржийн 1978 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газар, Мал бэлтгэлийн контороос 1985 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Хүндэт нөхөр О.Даваадорж танд: Улсын бэлтгэлийн малыг олон жил идэвх зүтгэл гарган тууварлаж байгаа...8 дугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх үйлсдээ шинэ их амжилт гаргахыг хүсэж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав...” гэх бичилттэй баярын бичиг,
Гэрч Б.Батжаргалын “О.Даваадорж нь...цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдлийн малыг 1982 оны 06 сард аваад надтай хамт тууварт явж байсан. 1978 оноос эхлээд...1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчин, фермийн үхэрчин зэрэг ажлуудыг хийдэг байсан...Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1981 оноос 1987 оны дуустал мал туусан, 1988 оноос 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан...О.Даваадорж...нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Я.Цэнд-Аюушийн “…О.Даваадорж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригадад 1978 онд...төлөг хардаг байсан...1979 онд цэргийн албанд яваад...1982 оны зунаас 1990 оны хавар буюу нэгдэл тарах хүртэл тус нэгдэлдээ хоньчноор ажиллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1974 оноос 1990 оны хавар нэгдэл тарах хүртэл хоньчноор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
О.Даваадоржийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, тэрээр 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тус аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдлийн 1978 оноос 1990 оны даргын тушаалыг шүүж үзэхэд О.Даваадоржийг хоньчноор томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/449 тоот тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасан тухай” лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсан болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шуудай овогт Оргихын Даваадоржийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчин, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, тууварчин, фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА