Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00888

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2017/00888

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух,  РД76073145 дугаар регистртэй, Тайж овогт Жигжидийн Дарьсүрэнгийн,

Талийгаач нөхөр Д.Даваа-Очирын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2017/00841/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Дарьсүрэн нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ж.Дарьсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөр Д.Даваа-Очиртой 1997 онд гэр бүл болсон. Манай нөхөр зуурдаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нас барсан. Насанд хүрээгүй хүү Жамъянсэнгэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл талийгаач нөхөр Д.Даваа-Очирын ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Нөхөр маань 3 дугаар анги төгссөн, цэргийн алба хаагаагүй. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж, хонь маллаж байсан. Ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тушаал баримт олдохгүй байна. Иймд талийгаач нөхөр Д.Даваа-Очирын Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Дарьсүрэн нь талийгаач нөхөр Д.Даваа-Очирын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Дарьсүрэн, талийгаач Д.Даваа-Очир нар гэр бүл бөгөөд тэдний дундаас 2005 оны 3 дугаар сарын 20-ны өдөр  хүү Д.Жамъянсэнгэ төрсөн, Д.Даваа-Очир 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газраас олгосон ПА №47 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон “…РД05232017, хүүхдийн овог: Шуудай, эцгийн нэр: Даваа-Очир, нэр: Жамъяансэнгэ, эрэгтэй, 2005 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрснийг Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов…” эцгийн: РД72091214, овог: Шуудай, эцэг, /эх/-ийн нэр: Дамдинрагчаа, нэр: Даваа-Очир, эхийн: РД76073145, овог: Тайж, Эцэг, /эх/-ийн нэр: Жигжид, нэр: Дарьсүрэн...” гэх бичилттэй ¹016023, Г№39 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэгчийн “...овог: Шуудай, эцэг, /эх/-ийн нэр: Дамдинрагчаа, нэр: Даваа-Очир, 45 настайдаа...гэртээ нас барсныг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 22-рт бүртгэж...” гэх бичилттэй №0000190314/22 дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Талийгаач Д.Даваа-Очир Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ж.Дарьсүрэнгийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Даваа-Очирын 1987 оны 4 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Л.Хадхүрэлийн “...Д.Даваа-Очир нь 1987 оноос 1988 оныг дуустал Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. 1989 ны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарыг дуустал тус нэгдэлд хоньчноор ажиллаж байсан…би нэг дор хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна...тухайн үеийн цалингийн 70 дугаар дансанд цалинг алдаг, оног бичдэг. Зарим цалинг нь сар сараар нь бөөндөж бичдэг байсан...Би 1987 оноос 1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх бригадад Засаг дарга, 1990 оноос 1992 оныг дуустал...нягтлан бодогчоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Г.Гэлэгжамцын “...Д.Даваа-Очир нь сургуулиас 3 дугаар ангиасаа гарсан. Тэгээд 1987 оноос эхэлж Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1992 он хүртэл тасралтгүй мал маллаж байсан…Би Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1972 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл төл мал малладаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Д.Даваа-Очирын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр  сарын 04-ний өдрийн “Тус аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдлийн 1987, 1992 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Д.Даваа-Очирыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/453 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэлээ.

 Ж.Дарьсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Шуудай овогт Дамдинрагчаагийн Даваа-Очирын Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА