Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/635

 

2022        04         29                                 2022/ШЦТ/635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч К.Чимгээ /томилолт/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Зол,

гэрч Х.Өнөмөнх /цахим/,

гэрч В.Төгөлдөр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2106 03597 0575 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт шуурхай хамгаалалтын хэлтсийн ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 4 дүгээр баг Хэрх гүн худаг гудамжны 15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо Содон хороолол 114 дүгээр байрны 48 тоотод оршин түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Golden Vill хотхоны орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Д.Хашболдын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө найзуудаараа тоглож байгаад эгчийгээ хүргэж өгөхөөр байр луу нь явж байсан. Гэтэл хэдэн залуучууд зам хаагаад машинтай зогсож байсан. Би эгчийгээ гэрт нь оруулчхаад гарч ирэхэд машины нарийн завсраар 3 залуу явж байсан. Нэг нь намайг шүргэсэн. Гутал үнс гэж хэлсэн. Би та нар уусан байна, би ганцаараа явж байгаа гэж хэлсэн. Гэтэл нэг залуу нь араас шууд цохиод авсан. Харанхуй байсан учраас хэн нь цохисныг мэдэхгүй. Би түлхчихээд зугтаж байтал урдаас манай 2 найз гарч ирсэн. Тэнд арав гаруй залуу нэг охин байсан. Бид нар машиндаа суугаад явах гэтэл дугуйг чинь хагална, цонхыг чинь хагална, машиныг чинь шатаана зэрэг үгнүүдийг хэлж байсан. Тэр хүмүүс машинаас жоохон холдохоор нь бид нар зугтаад явсан. 4 хоногийн дараа цагдаагийн газраас над руу холбогдсон. Би ажилтай байж байгаад дараа нь очсон. Камерын бичлэгт болсон үйл явдал тодорхой бичигдсэн гэж бодоод санаа зовоогүй. Камерын бичлэг шалгах саналаа мөрдөгчид хэлэхэд мөрдөгч камер нөгөө тийшээ харсан байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Золын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний дүү төлөв даруу хүн байсан. Одоогийн нөхцөл байдлыг харахад шүүгдэгч гэмшсэн шинжгүй харагдаж байна. Гомдолтой” гэв.

Гэрч Х.Өнөмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би найз Хашболдын кампани дээр очсон. Бид нар пиво уучхаад гэр рүүгээ харихаар гарсан. Зодоон болсон гудамжаар би найзтайгаа мөр мөрөн дээрээ гараа тавиад зүгээр явж байтал хойноос нэг хүн дэгээ тавьсан. Яагаад дэгээ тавьсныг асуутал урдаас цохиод би газар унасан. Намайг цохиулаад босох хооронд манай найзыг нүүр лүү нь цохиод унагаасан. Манай найз урдаас нь зодолдоогүй. Тэр үед бид нар 3-4-үүлээ байсан. Нэг найзыгаа хайгаад буцаад ирсэн чинь манай нүүрэндээ зодуулсан найз явчихсан байсан. Зодоон хийсэн хүмүүс машиндаа сууж байсан. Би очоод зүгээр байхад яагаад зодоон эхлүүлсэн талаар асуухад хэл амаар доромжилсон. Би найзынхаа зодуулсан газраас хамгийн сүүлийн үеийн Samsung загварын гар утасны чихэвч, гэрийн түлхүүрийг олж авсан. Маргааш нь найзтайгаа утсаар ярихад нүүрний баруун тал нь хөхрөөд хавдчихсан байсан” гэв.

Гэрч В.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр найзуудтайгаа PC тогоолчхоод гарч ирсэн. Өсөхбаяр ах нэг эгчийг хүргэчхээд ирье гэсэн. Тэгээд тэр байрны гадаа очсон. Өсөхбаяр ах нөгөө эгчийг байр луу нь оруулж өгөх хооронд бид нар машинд сууж байсан. Тэр үед баахан залуучууд архи уугаад байсан. Нэг чимээ гараад байхаар нь буусан. Бид хоёр түлхчхээд машинд суугаад явсан. Машинаа хөдөлгөх гэсэн чинь машин руу өшиглөөд байсан” гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Хашболдын “... шөнийн 02 цагийн үед байх ажил дээрээсээ гарсан. Манай ажлын залуус жолооч дуудаад машин луу явцгаасан. Би араас нь Өнөмөнх гэдэг найзтайгаа алхаад явж байсан чинь гэнэт хажуу талаас манай найзын хөлийг дэгээдэж унагасан. Үүнээс болоод зодоон болсон. 25-30 орчим насны залуу миний толгой руу цохиод тухайн үедээ ухаан алдаад уначихсан байсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Намайг цохисон хүнийг царайг харж чадаагүй. Ямар нэгэн байдлаар зодоон болоогүй шууд зодуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Гэрч Х.Өнөмөнхийн “Би хамгийн сүүлд Хашболдтой хамт гарсан бид 2 алхаад явж байсан чинь ард эрэгтэй, эмэгтэй 2 хүн алхаж байсан тэгээд эрэгтэй нь миний урдуур дэгээдээд намайг араас түлхсэн тэгээд муудалцсан, тэгсэн цаанаас машинаас 3-4 залуу гарч ирээд юу болж байгаа юм, яаж байгаа юм гэсэн чинь цаанаас хүмүүс жийж орж ирээд би газар унасан тэгээд миний нүдэн дээр Хашболд болиоч гээд салгах гэж байхад Хашболдын нүүр лүү цохиод унагааж байсан, яг хэн цохисныг харж чадаагүй, зүс харвал таних байх, тэгээд би цаашаа найзуудыгаа дуудах гээд явсан хойгуур залуучууд алга болсон байсан. Би гар утсаараа тухайн газрын зургийг дарсан байсан, тэгсэн чинь 95-55 УАА улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй Harrier маркийн машин байсан тэгээд машин дээр нь очсон чинь бөөнөөрөө машин дотор сууж байсан, тэгээд машин дээр очсон чинь бөөнөөрөө машинд сууж байсан, гарч ирэхэд би яах гэж дэгээ тавьж байгаа юм,  яах гэж манай найзыг зодож байгаа юм гэж асуусан чинь ална гээд дайраад байсан тэгээд дахиад муудаж байсан чинь манай найз Хонгорын эхнэр ирээд салгаад явсан. Миний гар шалбарсан өөр гэмтэл байхгүй, бид нар харилцан зодолдсон асуудал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Гэрч В.Төгөлдөрийн “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн үед би найз дээрээ очсон, Сансарын туннел дээр очиход Өсөхбаяр, Тэмүүжин тэгээд өөр хоёр хүн байсан. Тэгээд бид нар Баянзүрх дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилл хотхоны зогсоол дээр очсон, Өсөхбаяр хамт явж байсан нэрийг нь мэдэхгүй гэх ах, эгч хоёрыг оруулж өгөхөөр явсан, би Тэмүүжинтэй машин дотор сууж байсан, тэгээд Өсөхбаяр буцаад машин дээр ирж байхад 3 залуу Өсөхбаярыг хоргоочихсон зогсож байсан. Би Тэмүүжингийн хамт салгахаар буцаж очсон, тэгсэн чинь жижигхэн залуу нь Өсөхбаяр ах руу хөлөө өргөөд май энийг үнс гээд гутлаа заагаад байсан, тэгээд тэндээс маргаан үүсээд тэр гуравтай Өсөхбаяр ах зодолдож эхэлсэн, би болохоор нөгөө найзуудыг нь тэвэрч аваад болиулах гээд хичээсэн, Тэмүүжин ах бас салгах гээд байж байсан. Өсөхбаяр ах жижигхэн гутал үнс гэдэг залууг нэг удаа оноод цохих шиг болсон, тэгээд тэр залуу нь доошоо тонгойж байгаад 2 найзтайгаа цаашаа яваад өгсөн. Тэр нийлээд Өсөхбаярыг зодоод байсан тэгээд Өсөхбаяр биеэ хамгаалаад харилцан зодолдсон зодооныг бол нөгөө залуучууд өдөөсөн. Жижиг залууг нэг удаа онож цохисон тэгээд салцгаасан. Өөр хүнийг цохиж байхыг хараагүйгэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9440 дугаартай “Д.Хашболдын биед баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын үл мэдэг, зүүн хажуу ханын сэтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Хохирогч Д.Хашболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Golden vill хотхоны баруун талд байрлах хохирогч Д.Хашболдын зодуулсан гэх газрыг заалгаж 1 кадр зураг бэхжүүлэн авав. Хэрэг учрал болсон гэх газарт биечилсэн сурвалжилга хийж ажиллахад ойр орчим хяналтын камер байхгүй, гэрлийн шон байгаа хэдий ч гэрэл байхгүй байв. Хохирогч Д.Хашболдоос холбогдогчийг харвал таних уу гэж асуухад намайг зодсон хүнийг харах юм танина гэж хэлсэн болно” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Хохирогч Д.Хашболдоор таньж олуулах ажиллагаа явуулсан “Би намайг зодсон гэх хүнийг харах юм бол танина. 180-185 см орчим өндөртэй, махлаг бадриун биетэй, бор царайтай, жижиг халимаг үстэй, 24-28 орчим настай эрэгтэй хүн. Хохирогч 2 дугаар дээр байгаа хүнийг зааж байв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 51-55 дугаар тал/,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Даваажаргалаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

“2021 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голдон вилл хотхоны ойролцоо иргэн Д.Хашболд нь үл таних хүмүүст зодуулж гэмтсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 52 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн “96089604 дугаарын утаснаас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 26 минутад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны үүрээр 5 цагт 95-55 УУА машинтай 3, 4 хүнд зодуулсан” гэх Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Хохирогч Д.Хашболдын мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Хохирогч Б.Хашболд, гэрч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан  “2021 оны 10 дугаар сарын 01-ний орой 02 цагийн үед би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисоос найз Хонгор, Өнөмөнх нарын хамт гараад явж байсан чинь бид нарын урд хүмүүс маргалдах шиг болсон тэгээд салгах гээд очсон чинь үл таних 2-3 эрэгтэй хүн намайг зодсон, ямар шалтгааны улмаас зодсоныг сайн мэдэхгүй байна. Манай найзын хөлийг хэн  дэгээдэж унагаасныг нь би хараагүй манай найз тэгж хэлсэн. Би хөлийг нь дэгээдүүлсэн найзын араас нь явж байсан тэгээд маргаан болоод байхаар нь очоод салгасан, намайг салгаж байхад манай нэг залуу намайг цохиод авсан тэгээд би газар унасан. Намайг зодсон хүнийг харвал танина одоо мэдүүлэг өгч байгаа хүн мөн байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Гэрч Х.Өнөмөнхийн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

*******ын гэрчээр өгсөн “Надтай эхлээд 3 хүн маргалдсан. Намайг бол тухайн залуучууд цохиод байсан би биеэ хамгаалах гээд наана байсан залууг нь түлхсэн, цаана байсан залууг нь цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9440 дугаартай дүгнэлт, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 372 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэх буцаах тухай /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 51-55 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас хохирогчоор таньж олуулах ажиллагааг нотлох баримтаар үнэлэхгүй, үүнээс бусад нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Хохирогч Д.Хашболдын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн “Намайг цохисон хүнийг харин царайг нь харж чадаагүй” гэж мэдүүлсэн /хх-8/ ба мөрдөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Д.Хашболд, гэрч ******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан /хх-45/ атлаа үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Хашболдоор таньж олуулах ажиллагаа явуулж *******ыг таниулан заалгасан нь хууль бус ажиллагаа болсон тул уг ажиллагаа явуулсан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.    

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч *******аас хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчихийг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг, нотлох баримтаар үнэлэхгүйг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *******ыг цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргалаас “хохирогч Д.Хашболдын мэдүүлэг болон түүнийг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэрэг нь хоорондоо зөрүүтэй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг шөнө 2 цаг, 5 цаг гэж өөр өөрөөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн, өөрөөр хэлбэл 1 хүнд эсхүл хэд хэдэн хүнд зодуулсан, өөрийг нь цохисон хүнийг хараагүй эсхүл харвал танина, маргаан болсон шалтгааныг өөрөө санаж мэдүүлсэн эсхүл найзынхаа хэлснээр мэдүүлсэн, *******т уу эсхүл манай нэг хүнд цохиулсан уу гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн, түүнээс дахин мэдүүлэг авах боломжгүй, таньж олуулах ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн тул нотлох баримт биш, хохирогч Д.Хашболдын биед учирсан гэмтлүүдийг баруун гараараа толгой хэсэгт нэг удаа цохиход үүсэх боломжтой эсэх нь тодорхойгүй зэргээр хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан *******ыг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан.

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй талаар дээр дурдсан бөгөөд бусад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Дээр дурдсан хохирогч Д.Хашболдын мэдүүлэг, мэдээллийн зөрүүтэй байдал нь шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц ноцтой биш, эдгээрийг бусад гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэх боломжтой бөгөөд хохирогчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цохиулсан даруй ухаан алдаж унасан, эдгээр шалтгаан нөхцөлийн улмаас болсон үйл явдлыг лавтай сайн санахгүй, найзаасаа сонссон зүйлээ мэдүүлсэн байдаг.

Түүний мэдүүлэгт харилцан зодоон болоогүй, толгойн тус газраа цохиулаад ухаан алдаж унасан, түүнээс хойш юу болсныг санахгүй гэсэн тодорхой эх сурвалжийг агуулсан бөгөөд толгойн хэсэгт нүүр хамаарна, нэг удаа цохиулсан гэх үйл баримт нь хамар, баруун хоншоор яс, хацар, нүд орчимд гэмтэл учирсан байгаатай тохирч байна. Ингэж нэг удаа нүүр хэсэгтээ цохиулаад тонгойж байсныг гэрч нар харсан болох нь тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн бол өмгөөлөгч шинжээчийг оролцуулах талаар хүсэлтийг гаргах боломж, цаг хугацаа хангалттай байсан, шүүхийн зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч  ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Golden Vill хотхоны орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Д.Хашболдын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд бага араа шүдний эмтэрсэн хугарал, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Д.Хашболд, гэрч Х.Өнөмөнх, В.Төгөлдөр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

- Нэг талаас хохирогч Д.Хашболд нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ найз Х.Өнөмөнх, Г.Хонгор нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байран дээрээсээ шөнийн 2 цагийн орчим гарцгаасан,

- Нөгөө талаас шүүгдэгч ******* нь дүү Б.Тэмүүжин, В.Төгөлдөр, эгч Эрдэнэчимэг, үл таних эрэгтэйн хамт өөрийн эзэмшлийн авто машинтайгаа тухайн газарт очиж зогссон, эгч болон түүний танилыг гэрт нь оруулж өгөхөөр машинаасаа бууж, 2 дүү нь машиндаа үлдсэн,

- Д.Хашболд, Х.Өнөмөнх нар *******, түүний хамт авсан эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй гудамжинд тааралдсан, улмаар Х.Өнөмөнхийн араас хэн нэг нь дэгээдсэнээс болж маргаан үүссэн, ******* хамт явсан хүмүүсээ гэрт нь оруулж өгчихөөд гарч ирэхэд маргаан үргэлжилсэн,

- Энэ үед машинаас Б.Тэмүүжин, В.Төгөлдөр нар бууж ирсэн, маргаан зодооныг салгах байдлаар оролцсон, *******нөмөнхийн биед хэн нэгэн халдсан,

- Маргаан зодооны үед ******* нь Д.Хашболдын нүүрэн тус газарт гараараа цохиж байхыг *******нөмөнх, В.Төгөлдөр нар харсан, хохрогч Д.Хашболд хэнд цохиулснаа мэдэхгүй ухаан алдаж унасан,

- *******нөмөнх тусламж дуудахаар явсан, буцаад ирэхэд Д.Хашболд байгаагүй, түүний эд зүйлийг газраас олсон, ******* нарын сууж байсан машин дээр очиж гар утсаараа зураг авсан, уг зураг дээр машины марк дугаар туссан байсан,

- Найз Х.Өнөмөнхтэй дүрстэй дуудлага хийж болсон асуудлыг тодруулан ярих үед Д.Хашболдын нүүрний баруун хэсэгт хавдсан байсныг Х.Өнөмөнх харсан,

- Д.Хашболд нь 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө бусдад зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө мэдээлж, тухайн өдөртөө шүүх эмнэлэгт үзүүлсэн,

- Шинжээчийн дүгнэлтээр түүний нүүрний баруун хэсэгт гэмтлүүд тогтоогдож, хүндэвтэр зэрэг тодорхойлогдсон ба шинэ гэмтэл, хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тайлбарласан,

- Гэрч *******нөмөнхийн гар утсан дээр авсан зурагт *******ын эзэмшлийн машины марк дугаар туссан мэдээллээр дээрх хэрэг илэрсэн,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Хашболд энэ хэрэгтэй холбоогүйгээр золгүй байдлаар нас барж түүний ах Д.Золыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон гэх үйл баримт тогтоогджээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч Д.Хашболд руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд олон нийтийн газарт архидан согтуурсан байдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.     

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хашболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хэрэгт эрүүл мэндийн хохирлын талаар баримт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.         

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Даваажаргалаас 450.000 төгрөгөөр торгох санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаагаас үзэхэд сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс *******ын эрхэлсэн тодорхой ажил, орлоготой гэх хувийн байдал, шөнийн цагаар, олон нийтийн газар бусдын согтуурхсан байдлыг шалтаг шалтгаан болгон халдаж зодсон гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлстэй байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Зол нь эрүүл мэндийн хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ