Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 76

 

Т.Г-т холбогдох

ШИНБ-н улмаас шүүхийн шийдвэрийг

хүчингүй болгуулах тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал

Прокурор                                          Н.Дуламсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 648 дугаартай цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай хяналтын прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-т холбогдох эрүүгийн 1818001920193 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б- овогт Т-ын Г- /РД: ********** / нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күэн” цэнгээний газрын гадна талбай дээр Ц.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн гадна талын авто машины зогсоол дээр Х.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтэнд: “ ... Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Т.Г- нь Х.З-, Ц.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн 342, 343 дугаартай дүгнэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг болон камерийн бичлэг, бүхий сиди, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1818001920193 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-д заасан цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн байна. Иймд Т.Г-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг цагаатгасан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад шүүгдэгч Т.Г- нь Х.З-, Ц.М- нарын биед хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг болон Т.Г-ийг яллагдагчаар татах тогтоол зэргээр хангалттай нотлогдсон байх тул Т.Г-ийг 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэж байна. Цагаатгасан хүнийг гэм буруутай болох нь шинээр илэрсэн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Иймд прокурор дүгнэлтээ дэмжиж байна гэв.

Тодорхойлох нь:

Т.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күэн” цэнгээний газрын гадна талбайд Ц.М-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн гадна автомашины зогсоол дээр Х.З-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн Т.Г-ийн дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, хэргийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дуламсүрэнгийн шинэ нөхцөл байдал илэрсний улмаас Т.Г-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийн “...цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн байна...” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар хороо “Күэн” цэнгээний газар болон Дархан сумын 6 дугаар баг “Дархан дээд” сургуулийн гадна авто зогсоол дээр иргэн Ц.М-, Х.З- нарыг өөрийн нөхөр Д.*******тай хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоогджээ. Хяналтын прокурор Н.Дуламсүрэнгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 заасан “...цагаатгагдсан хүн...гэм буруутай болохыг нотлох...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...нөхцөл байдал илэрсэн.” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтэнд дурдсан “...шинжээчийн 342, 343 дугаар дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон камерийн бичлэг бүхий сиди...” зэрэг нотлох баримтууд нь Т.Г-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж цагаатгах тогтоол гаргах үед хэрэгт авагдсан байсан нотлох баримтууд бөгөөд цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл 1.3-д заасан цагаатгагдсан хүн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэр гаргах үедээ мэдэгдээгүй байсан гэдэг нь хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан хэлэлцэх явцад огт мэдэгдээгүй хэрэгт хавсаргагдаагүй нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтууд шинээр илэрсэн байхыг хэлнэ. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр буцаасны дараа Т.Г-т холбогдох хэрэгт түүнийг гэм буруутай болохыг нотолсон шинэ нотлох баримт авагдаагүй, хяналтын прокурорын дүгнэлтэнд хэрэгт авагдсан байсан нотлох баримтуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотолсон баримт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хяналтын прокурор Т.Г-т холбогдох хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 170 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний үйлдэл тус бүрд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “...тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно.” гэснийг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  алдаа гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Т.Г-т холбогдох хэргийг хүлээж авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар хэргийг прокурорт буцаах, 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар ...шүүгч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг прокурорт буцааж  хяналтын прокурорын Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг буруу зүйлчилсэн алдааг засуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар  хэргийг  “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасан шаардлагуудыг ноцтой зөрчиж Т.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хяналтын прокурорын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцсэн боловч прокурорын дүгнэлтээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д заасан эрх хэмжээний дагуу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны урьдчилсэн хэлэлцүүлэгт буцаасан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Г-т холбогдох эрүүгийн 1818001920193 тоот 1 хавтас хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, хяналтын прокурорын цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Г-т хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ