| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2020/0008/З |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 14
109/ШШ2020/0014
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч У.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Т нарыг оролцуулан
У.Л-гийн нэхэмжлэлтэй, А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд холбогдох “У.Л намайг урьд эрхэлж байсан А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд эгүүлэн томилохгүй байгаа А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд томилохыг А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У овогтой Л миний бие 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд анх орсон.
Миний бие 2018 оны 10 дугаар сараас эхлэн жирэмсний, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдээ төрүүлээд амаржсаны амралтаа авсан. Миний бие 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Т-д хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн ажиллах тухай өргөдлийг бичгээр өгсөн.
Иймд У.Л намайг урьд эрхэлж байсан А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд эгүүлэн томилохгүй байгаа А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд томилохыг А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
У.Л-гээс А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд холбогдуулан “У.Л намайг урьд эрхэлж байсан А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд эгүүлэн томилохгүй байгаа А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд томилохыг А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар/ А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв/ холбогдох албан тушаалтан, захиргаан байгууллага мөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дэх хэсэгт заасан эс үйлдэхүйг тогтоох, даалгах нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн маргаан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Уг хэргийн үйл баримтын тухайд, Нэхэмжлэгчээс “... миний бие урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн ажиллах тухай өргөдлийг бичгээр өгөхөд ... хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр намайг үндсэн ажилд авахгүй, эс үйлдэхүйгээр татгалзаж, .. хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаад байна ...” гэж;
Хариуцагчаас “ ... У.Л-гийн ажилдаа орох хүсэлтийг 2020 оны 3 дугаар сард хүлээн авч, байгууллагын сургалтын албаны менежер Т.Б цохсон. Сургалтын албанаас хорио цээр тогтоосон хичээллэхгүй байгаа, тэгээд ч Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн ажилтны анги байхгүй учир намар элсэлтээ авч ангиа бүрдүүлж ажилдаа орохыг цохож хүний нөөцийн ажилтанд өгсөн байна. Манай сургуулийн багш, ажилчид короновирусын хорио цээртэй дэглэмийн үед цахимаар сургалтуудаа явуулж байгаа тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй ...” гэж маргажээ.
А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 62 дугаар тушаалаар У.Л-г тус төвд Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшаар түр томилон ажиллуулсан байна. /х.х-н 41/
Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу У. Л-д 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт олгож, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тушаал гаргажээ. /х.х-н 42/
Нэхэмжлэгч У.Л нь жирэмсний амралтаа дуусгаж, эрхэлж байсан ажил, албан тушаалдаа орох тухай хүсэлтээ А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна. /х.х-н 6, 99-100/
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт, хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нэхэмжлэгч У.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргаж, бичгээр илэрхийлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” , 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн зохицуулалттай.
Иймд хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь нэхэмжлэгч У.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагавартай танилцаж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3., 4.4. дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л-гээс гаргасан “У.Л намайг урьд эрхэлж байсан А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд эгүүлэн томилохгүй байгаа А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багшийн ажилд томилохыг А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгах” тухай шаардлагыг хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Л-д олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА