Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 62

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Хохирогч: А.Буян-Орших,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

                Шүүгдэгч: Ц.Жамсранжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Цэвэгмэдийн Жамсранжавт холбогдох эрүүгийн 201520000180 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, ганцаараа амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 7-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ОО93050917/ Борлууд овогт Цэвэгмэдийн Жамсранжав.  

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Жамсранжав нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан уулын дээд талаас 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед иргэн А.Буян-Оршихын 1 тооны үхэр хулгайлж, 987.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

                1. Хохирогч А.Буян-Оршихын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн эзэмшлийн 27 тооны үхрийг маллаж Улаангом сумын 5 дугаар багийн нутаг Улаан уулын дээд талд зусаж байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 14-ний орой манай үхэр хотондоо ирэхэд нэг тооны үхэр ирээгүй. Тэгээд 7 дугаар сарын 18-ны өдөр н.Бат-Очир гэх хүнтэй уулзаж үхэр хайж яваа талаар хэлэхэд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийн ар талд Гашууны голын хөвөөнд хүмүүс хар зүсмийн үхэр нядалсан талаар хэлэхэд нь үхэр нядалсан гэх газарт ирэхэд манай алдагдсан үхрийг нядлаад толгойг нь орхисон байсан. Миний үхэр хар зүсмийн эвэртэй, зургаан настай, ямар нэг им тамгагүй, эр үхэр байсан. “Увс финанс Аудит” ХХК-ийн шинжээчийн үхрийн үнэлгээ тогтоосон 321 тоот дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээг зөвшөөрч байгаа. Хохирол төлбөл өөр гомдол, саналгүй”гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

2. Гэрч Ц.Равдандашийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 10-ны үед гуанзанд Ц.Жамсранжав орж ирсэн. Тэгэхэд үхэр зарах хүн байна уу гэж  Ц.Жамсранжаваас асуухад надад нэг үхэр байгаа, танд 350.000 төгрөгөөр зарна гэхээр нь авахаар болсон юм. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Ц.Жамсранжав миний эхнэр лүү яриад нөгөө үхрээ авах уу гэхээр нь манай эхнэр гэрт туугаад ирээч гэж хэлсэн чинь би ганцаараа явган учраас үхэр явж өгөхгүй байна, та гашууны гол дээр хүрээд ир гэж хэлсэн гэсэн. Бид нарыг Гашууны гол дээр очиход Ц.Жамсранжав үхрээ аваад ирсэн байсан, тэгээд тэндээ үхрээ нядлаж аваад явсан. Тухайн үед надад болон манай эхнэрт Ц.Жамсранжав утсаар ярьж байхдаа хаанаас үхэр авчирах талаар огт яриагүй, би ч гэсэн энэ талаар асууж тодруулаагүй юм. ...Урьд манай гуанзанд Ц.Жамсранжав ирээд би мал зарна гэж хэлэхээр нь хаанаас ямар мал авч ирэх гэж байгаа юм гэж асуусан чинь “ би малтай айлын хүүхэд шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

    3. Гэрч Т.Алтанцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гол дагаад зам талаас 4 хүн гүйж ирсэн юм. Тэгсэн чинь дээрээс хар хувцастай 1 залуу ганцаараа явган хар зүсмийн үхэр хөтөлсөн ирсэн юм. Байгалмаа манайд ирээд танайд хутга байна уу гэж асуухаар нь би өгөөгүй юм, тэд нар хар зүсмийн том үхэр нядлаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, 

    4. Гэрч Б.Байгалмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “2016 оны 7 дугаар сарын 10-ны үед гуанзанд Ц.Жамсранжав орж ирсэн юм. Тэгэхэд би үхэр зарах хүн байна уу гэж асуусан чинь надад нэг үхэр байгаа, танд 350.000 төгрөгөөр зарна гэхээр нь авахаар болсон. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Ц.Жамсранжав над руу утсаар яриад нөгөө үхрээ авах уу гэхээр нь би манай гэрт туугаад хүрээд ир гэж хэлсэн чинь би ганцаараа явган учраас үхэр явж өгөхгүй байна та гашууны гол дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Ц.Равдандаш, манай хашаа байшин түрээслэж сууж байсан 2 залуутай хамт очсон юм. Ц.Жамсранжав бид нарыг ирэхэд үхрээ аваад ирчихсэн байсан юм. Надад бэлэн 120,000 төгрөг байснаа өгөөд үлдснийг наадмын үеэр өгнө гэж хэлсэн. Ц.Жамсранжав надад хаанаас үхэр авчирсан талаар огт яриагүй, би ч энэ талаар асууж тодруулаагүй. Яагаад гэвэл манайд  ажилладаг охин Ц.Жамсранжавын гэрт очсон тэднийх их малтай айл байна гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө малаас авч ирж байгаа юм байна гэж бодсон. Миний худалдаж авсан үхэр хар зүсмийн үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,    

    5. Хэргийн газраас 1 ширхэг хутгыг хураан авсан тухай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Хураан авах тогтоол”, үзлэг хийж хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 5-7  хуудас/,

    6. Хэргийн газраас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/,

    7. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсгарах тогтоол. /хх-ийн 15 хуудас/

    8. Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 22 хуудас/

    9. “Увс финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 321 тоот “Эр үхэр үнэлсэн тухай тайлан” /хх-ийн 23-24, хуудас/,

    10. Шүүгдэгч Ц.Жамсранжав урьд ял шийтгэлгүй талаарх “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-38 хуудас/,

    11. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 1058 тоот тодорхойлолт /хх-ийн 43 хуудас/,

                12. Шүүгдэгч Ц.Жамсранжавын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2016 оны 7 дугаар сарын 10-ны үед би зах дээр явж байгаад нэг гуанзанд орсон чинь тэр гуанз ажиллуулдаг Б.Байгалмаа гэдэг эгч надаас үхэр зарах хүн байна уу гэж асуухаар нь би надад нэг үхэр байгаа, танд 350.000 мянган төгрөгөөр зарна гэсэн чинь авахаар болсон юм. Тэгээд би хэд хоногийн дараа Байгалаа эгч рүү утсаар яриад нөгөө үхрээ авах уу гэсэн чинь авна, чи гашууны гол дээр аваад хүрээд ир гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаангом сумын 5 дугаар багийн нутагт Улаан уулын дээд талаас 13 цагийн үед бэлчээрт байсан үхэрнүүд дотроос хар зүсмийн эр үхэрийг торонд шахаж байгаад барьж аваад хөтлөөд явсан юм. Би тэр үхрийг хулгайлахдаа ганцаараа явсан. Тэгээд үхрээ хөтлөөд гашууны гол дээр ирэхэд Б.Байгалаа эгч, нөхөр нь Ц.Равдандаш гэдэг хүн, өөр 2 танихгүй залуу байсан. Тэгээд тэд нар тэнд үхэрээ алж аваад явсан. Надад 120,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь наадмын үеэр өгнө гэсэн. Би үхрээ хаанаас авсан талаар Б.Байгалмаад юм яриагүй юм. Би сонсгосон ялыг ойлголоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 34  хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

 

Шүүгдэгч Ц.Жамсранжав нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг Улаан уулын дээд талаас 1 тооны үхэр хулгайлж, хохирогч А.Буян-Оршиход бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч А.Буян-Орших, гэрч Ц.Равдандаш, Т.Алтанцэцэг, Б.Байгалмаа нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 321 тоот үнэлгээний тайлан болон шүүгдэгч Ц.Жамсранжавын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Жамсранжавын “...2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаангом сумын 5 дугаар багийн нутаг Улаан уулын дээд талаас 13 цагийн үед бэлчээрт байсан үхэрнүүд дотроос хар зүсмийн эр үхрийг торонд шахаж байгаад барьж аваад хөтлөөд явсан юм. Би тэр үхрийг хулгайлахдаа ганцаараа явсан...” гэх мэдүүлэг, хохирогч А.Буян-Оршихын “...үхэр нядалсан гэх газарт ирэхэд манай алдагдсан үхрийг нядлаад толгойг нь орхисон байсан. Миний үхэр хар зүсмийн эвэртэй, зургаан настай, ямар нэг им тамгагүй, эр үхэр байсан...” гэх мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 321 тоот үнэлгээний тайланд “...6 настай эр үхрийн зах зээлийн үнэ 987.500 төгрөг...” гэж үнэлсэн үнэлгээ зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Буян-Оршиход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаж байна. 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Ц.Жамсранжавыг бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Жамсранжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Жамсранжаваас 6 настай эр үхрийн үнэ 987.500 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Буян-Оршиход олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Жамсранжав нь хулгайлсан үхрийг зарж борлуулан 120.000 төгрөгийн ашиг олсон болох нь гэрч Ц.Равдандаш, Б.Байгалмаа нарын болон шүүгдэгчийн  мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого 120.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй төмөр хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

             Шүүгдэгч Ц.Жамсранжавд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

                1. Шүүгдэгч Борлууд овгийн Цэвэгмэдийн Жамсранжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жамсранжавыг 1 /нэг/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жамсранжавт оногдуулсан 1 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овгийн Цэвэгмэдийн Жамсранжаваас 987.500 /есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух /РД:ОЮ75112978/ хохирогч Хөх бух овогт Адилбишийн Буян-Оршиход олгосугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн  49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жамсранжаваас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

           6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй төмөр хутгыг /1 ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жамсранжавт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА