Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1742

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Соёлын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Соёлын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдох

 

  Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Анхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Хатанбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 1 сарын 24-ний өдрийн тушаалаар тус компанид хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанд эдийн засагчаар 2012 оны 1 сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар үр бүтээлтэй ажиллан 2012 оны 11 сарын 5-ны өдрөөс эхлэн ахлах мэргэжилтэн, 2013 оны 4 сарын 3-ны өдрөөс хэлтсийн даргаар тус тус ажилласан. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай хэмээн 2016 оны 1 сарын 1-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай 29 дугаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Д.Соёл нь ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, өдөр тутмын ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл өндөр байсан. Гэтэл “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 сарын 3-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, “Эрдэнэс монгол” ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.7-д заасныг тус тус үндэслэл болгосон нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан харилцааг зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байна. Учир нь ажлаас халсан тушаалд “Эрдэнэс монгол” ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.7 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх боловч уг дүрмийн заалтыг дурдсанаас биш нэрлэн заагаагүй, тодорхой бус байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгон гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талын 2017 оны 4 сарын 3-ны өдрийн тайлбарт ... 2016 оны 1 сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Гэтэл “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 3 сарын 3-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн ... гэжээ. “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дахь заалт болон компанийн дүрмийн 9.7.10, 9.7.12 , дотоод журмын 6.6, 6.7-д заасныг үндэслэн тус тус хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн дэд захирлын баг, баг гэсэн албан тушаалын ажлын байрыг хассан. Энэхүү өөрчлөлтийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр Д.Соёлтой уулзаж мэдэгдсэн бөгөөд “Шивээ овоо” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал санал болгосон ч Д.Соёл татгалзсан хариу өгсөн. Үүний дараа 2017 оны 1 сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр санал болгосон мөн хүлээж аваагүй. Шинэ бүтцээр дэд захирлын баг гэж байхгүй болсон ба Д.Соёл нь хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан ч ажиллаж байсан ажлын байр нь дэд захирлын багийн дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан. Одоо манай шинэ бүтцэд дэд захирлын баг, дэд захирлын багийн дарга гэдэг албан тушаал байхгүй болсон учраас хууль дүрмийн дагуу чөлөөлсөн. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа мөн боловч ажлын байр нь байхгүй болсон байхад ажилд эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг буцаан олгох тухай ойлголт яригдах боломжгүй юм. Тодруулбал Хөдөлмөрийн хуулийн 41.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2017 оны 1 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хуулийн хугацаанд мэдэгдэх хуудсыг өгөөд 2017 оны 3 сарын 3-ны өдөр чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Соёлын хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Эрдэнэс монгол” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны  өдрийн Б/12 дугаар тушаал нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч тодорхой дурдаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т "аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" гэсэн 3 үндэслэлийг тодорхойлсон байтал ажил олгогч нь яг аль үндэслэлийг ямар шалтгаанаар гэдгээ тодорхой заагаагүй нь тушаал өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэх нэг үндэслэл байна. Шүүхээс үүнийг дүгнэхдээ мэдэгдэх хуудсаар мэдсэн гэх боловч мэдэгдэх хуудас бол эрх үүрэг бий болгож буй тушаал захирамж биш зүгээр л мэдэгдэл юм. Мөн энэхүү маргааны гол зүйл болсон ажлын байр, албан тушаал түүнийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтыг зохигчдын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т "ажилтны ажлын байрны тодорхойлолт нь энэхүү гэрээний хавсралт бөгөөд салшгүй хэсэг байна" гэж заасан. Энэхүү ажлын байрны тодорхойлолтыг “Эрдэнэс монгол” ХХК-иас гаргуулах гэтэл "манайд Д.Соёлын ажлын байрны тодорхойлолт байхгүй байна. Манай компани өмнө нь менежментийн хувьд замбараагүй байсан болохоор ажлын байрны тодорхойлолт байхгүй" гэсэн хариу өгсөн. Гэтэл байхгүй гэсэн мөртлөө Хүний нөөцийн мэргэжилтэн нь шүүхэд хуурамч, талуудын гарын үсэг, тамга тэмдэггүй ажлын байрны тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг "Сан хувьцаа хариуцсан" гэж биччихсэн байсан. Хүний нөөцийн мэргэжилтэн н.Энхчимэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Та өмнөх бүтцийн үед компанид ажиллаж байгаагүй байж Д.Соёлыг сан хувьцаа хариуцан ажиллаж байсан гэдгийг яаж нотлоод байгаа юм бэ? гэсэн асуултанд "би өрөөнд нь орж ярилцахдаа мэдсэн" гэх тайлбар өгдөг. Эндээс үзвэл хөдөлмөрийн маргааны зүйл болсон ажлын байр хасагдсан эсэхийг тогтоохын тулд өмнө яг ямар ажил байранд ямар ажил чиг үүргийг гүйцэтгэж байсан эсэхийг тогтоож үүний дараа тухайн ажлын байр шинэ бүтцээр яг хасагдсан уу гэдгийг тогтоох учиртай байтал шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэн ажлын байр хасагдсан гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн чиглэлээр ажил хийдэг байсан. Үүнийгээ нотлохоор хамт ажиллаж байсан мэргэжилтэнээ хүртэл гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Тухайн гэрч болон нэхэмжлэгчийн мэдүүлгээр Д.Соёл нь компанид хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн чиглэлээр ажил хийдэг байсан нь маш тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, хуурай баяжуулах төсөл, металл коксын төсөл гэх мэт төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, татах эсэх зэргээр ажилладаг байсан. Одоо энэхүү чиг үүрэг бүхий ажлын байр нь шинэ бүтцэд дэд захирлын удирдлага дахь Санхүү хөрөнгө оруулалтын газрын дотор "Хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт" гэх хэлтэст очсон байна. Өөрөөр хэлбэл М4 дарга гэдэг албан тушаалын нэр өөрчлөгдсөн явдлыг орон тоо хасагдсан гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байхад шүүх үүнийг харгалзаж үзэхгүйгээр "Шинэ бүтцэд М4 дарга гэсэн албан тушаал байхгүй байна" гэх үндэслэлгүй тайлбар хийсэн гэж үзэж байна. Мөн дээрх нөхцөл байдлуудыг хариуцагчийн зүгээс няцаан нотолж тодорхой баримт гаргаж чадаагүй юм. Иймд дээрхээс үзвэл анхан шатны шүүх хянавал зохих асуудлуудыг хянаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэгчийн ажлын байрыг тодорхойлсон, гэрчүүдийн мэдүүлэг бусад тайлбарыг судлан үнэлээгүй, шинэ бүтцээр ажилчдын орон тоо 54-ээс 80 хүртэл нэмэгдсэн байтал хасагдаж буй шалтгааныг тогтоогоогүй зэрэг байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байгаа тул шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                         

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Соёл нь хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-д нэхэмжлэгч Д.Соёл нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанд эдийн засагчаар ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дэд захирлын багт “М-4 дарга” гэх албан тушаалд томилогджээ. /хх-ийн 5-11 дүгээр тал/

 

Гэвч ажил олгогч “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, компанийн дүрмийн 9.7.10, 9.7.12, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.7-д заасныг тус тус үндэслэсэн, ажилтан Д.Соёлтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Ажилтан Д.Соёлын ажиллаж байсан дэд захирлын багт буюу “М-4 дарга”-ын албан тушаал нь “Эрдэнэс монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 37 тоот, компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралтаар хасагдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 76-77 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь байгууллагын шинэ бүтцийн өөрчлөлтөөр “М-4 дарга” гэх албан тушаал нь хөрөнгө оруулалт төслийн санхүүжилтийн хэлтэст очсон, хасагдаагүй гэж маргаж байгаа боловч уг тайлбар нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч уг тайлбарыг үгүйсгэж маргасан.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн боловч уг хуулийн зохицуулалтын аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогчоос ажилтанд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан байх ба уг мэдэгдэлд “орон тоо хасагдсан” үндэслэлийг тодорхой заасан байна. /хх-ийн 59 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч зохигчдын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны албан тушаалын нэрийг дэд захирлын баг, “М-4 дарга”-ын гэж тодорхой тохиролцсон, ажилтныг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул орон тоо хасагдсан эсэхийг тогтоохын тулд ажлын байрны тодорхойлолт шаардлагатай гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд  нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ  үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ